2019.09.25
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нь зөв шийдэл гэсэн үг давтамжтай дуулдах боллоо. Энэ байр суурь дээр санаа бодлоо хэлээч?
-Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэсэн сонголтын өмнө авчрах гээд байгаа мэт дүр зураг харагдаад байна л даа. Тавьж байгаа асуулт нь буруу байна. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг чинь дэндүү хялбаршуулсан асуулт. Зарчмын хувьд аль алинд нь сайн, муу юм байдаг. Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярья гэвэл зайлшгүй тавих ёстой нэг шаардлага бий. Парламент дээд, доод гэсэн хоёр танхимтай байх шаардлагатай. Дээд танхим нь үндэсний эрх ашгаар засагладаг, доод танхим нь улс төрийн намуудын сонгосноор, хууль ёсоор засагладаг байх учиртай. Үндэсний эрх ашгаар засаглах, хуулиар засаглах гэдэг ойлголтыг салгах хэрэгтэй.
-Нэг танхимтай парламентын хамгийн том эрсдэл нь юу вэ?
-Явж ирсэн түүхээ л харчих хэрэгтэй. Нэг танхимтай парламенттайгаар явж ирсэн Монголд юу болсон бэ гэсэн асуулт тавиад хармаар байгаа юм. Ерөөсөө л төрийн дээр нам гарсан. Төрийн дээр нам гараад зогсохгүй супер хүмүүс, супер сармагчингууд бий болсон. Нэг танхимтай парламентад супер сармагчингууд бий болдог шүү гэдэг анхааруулга яг нарийндаа Черчиль гэж хүний амнаас унасан. Англид хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгоё гэсэн яриа гарах үед Черчиль “Ардчилал адгийн засаглал” гэж хэлсэн удаатай. Адгийн засаглал гэдэг ойлголтыг хэлэх болсон шалтгаан нь та бид хоёрын яриад суугаа асуудалтай холбоотой. Черчилийн хувьд нэг танхимтай болвол уламжлал алдагддаг, төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог гэдэг утгаар энэ үгээ хэлж, анхааруулга өгч байсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих шаардлага байгаа бол парламент хоёр танхимтай байх зайлшгүй шаардлагатай. Хоёр танхимгүй парламентын дээр нам гарч болж байгаа юм чинь төрийн дээр нэг хүн мордоход ямар ч асуудал байхгүй.
-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэж шууд асуух биш, сая таны хэлсэн шиг бусад асуудалтай нь уяж харах ёстой гэж ойлголоо…?
-Бусад асуудалтай нь уяхгүй бол угаасаа утга учиргүй. Ер нь төрийн тэргүүн хэн байхаас үл хамаарч Ерөнхийлөгчийн институцийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь сайн биш. Засгийн газар, хууль тогтоох, шүүх эрх мэдлүүдийг өөр хооронд нь хутгаж үймүүлдэг институци байсаар өнөөг хүрсэн. Будлиан тарьдаг Ерөнхийлөгчийн институцийг аль нэг тал руу нь хамруулах нь тулгамдсан асуудал болчихсон.
Тийм учраас аль засаглалд нь илүүтэйгээр хамруулах вэ гэдгээ тов тодорхой шийдэх учиртай. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд хутгалддаг ийм институцитэй удаан явбал зовлонг нь амссаар ирсэн бид улам л зовлонд унана.
-Таны яриад байгаа энэ зовлонгоос салъя гэсэн бодлоор Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж эхэлсэн юм болов уу?
-Яг ийм үед Ерөнхийлөгчийн засаглал гэсэн асуудал босгож ирж буйг би өөрөөр харж байна. Үүн дээр дөрөөлж нэг хүн парламентын дээр мордох санаархлыг л илэрхийлээд байгаа болов уу. Түүнээс биш илүү сайжруулъя, боловсронгуй болгоё гэдэг асуудал биш гэж би хувьдаа харж байна.
-Ерөнхийлөгчийн институцийг яг аль засаглал руу нь хандуулбал зөв шийдэл болох вэ?
-Өнөөхөндөө энэ сэдвээр онолын маргаан өрнүүлээд дэмий байх. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг яая даа гэж байхад маргааны сэдэв нэмж дэвэргээд хэрэггүй.
-Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэсэн асуултаар санал асуулга явуулахаар боллоо гэж гөрдөж бодъё. Тийм санал асуулга явуулбал иргэдийн олонх ямар хариу өгөх бол?
-Нэгдүгээрт, тийм санал асуулга явагдахгүй. Явагдахгүй юмны талаар хоёулаа ярилцах хэрэггүй байх.
-Хүчтэй удирдагчийг хүссэн нь нийгмийн дийлэнх болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлолоор асуугаад байна л даа?
-Ер нь ямар ч санал асуулга дэмжүүлэх гэж л зохион байгуулагддаг. Тийм учраас ямар ч асуулт тавьсан хүмүүс дэмжих талдаа л байна.
-Юу ч асуусан дэмжих талдаа байна гэж үү?
-Тэгнэ. Олон оронд гарсан зүй тогтолт үзэгдэл.
-Яагаад?
-Санал асуулгаа дэмжүүлэх гэсэн хүчин хамаг ажлаа хийнэ шүү дээ. Хамаг ажлаа хийнэ гэдэг нь суртал нэвтрүүлгээ хийнэ гэсэн үг.
-Ямар ч асуудлыг гоёор харуулж болно гэдэг утгаар нь харвал тийм юм байна шүү?
-Харин тийм. Тэр тусмаа хүмүүсийн бодол богино, ой санамж хэврэг болсон ийм үед ямар ч асуудлыг гоёор харуулахад хүлээгээд авчих эрсдэл өндөр.
-Ой санамж хэврэгшээд байгаа шалтгаан нь юу юм бол?
-Реклам сурталчилгаа хөгжиж байгаатай холбоотой. Чадамж өндөртэй нь гурван минутаас илүү зүйл үзэж чадахаа больсон гэсэн судалгаа хүртэл бий. Реклам гурван секунд, 30 секунд гээд маш богино хугацаатай. Ийм богино зүйлсээр тархийг байнга нүдээд байхаар ой санамжийг хэврэгшүүлж, урт хугацааны зүйлсийг сэтгэх чадваргүй болгочихдог. Ийм тархин дээр улс төрийн реклам мөн л тэгж ажиллана. Өнгөн дээрээ өөрөө саналаа өгч байгаа мэт боловч тархиа бусдад удирдуулахад бэлэн болчихсон нийгэмд бид амьдарч яваа. Үүнээс гадна хүний ой санамж, сэтгэлгээнд манипуляци хийдэг аварга хэрэгслүүд хөгжчихөөд байна. Тэр нь твиттер, фэйсбүүк, инстаграм. Өнгөц харах нь ээ эрх чөлөөтэй зүйлс яриад суугаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө оюун санааг бусдын манипуляцид өгөөд байгаа л хэлбэр шүү дээ.
-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүү яриагаа хазайлгая. Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентын засаглалын дархлааг сайжруулах чигт хэр анхаарсан бол?
-Өнгөрсөн гашуун туршлагаасаа анзаараад харах нь ээ Үндсэн хуульд парламентын засаглалаа яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр дажгүй өөрчлөлтүүд тусч байгаа юм билээ. Бүхэлд нь харахад дэмжүүштэй санагдсан.
-Дэмжүүштэй гэдэг нь…?
-Боловсронгуй болгох чиглэл рүү хөдөлж эхэлжээ гэсэн үг.
-Анзаарч харагдахаар, дутуу санагдсан зүйлс байна уу, парламентын засаглалын хувьд?
-Мэдээж яривал юм бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэсэн хувилбараар нь харвал төрийн институциуд нь хүлээн зөвшөөрөөд, нийгмийн дэмжлэг авбал бид шинээр урагшаа ахиж чадна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шүүхийн засаглалыг сайжруулахтай холбоотой заалтуудыг авчихлаа гэсэн шүүмжлэл дуулдаж байна?
-Би тантай Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярихдаа чамлахаар чанга атга гэсэн зарчмыг бариад байгаа. Түүнээс биш илүү сайжруулъя гэвэл ярих зүйл их бий. Энэ тал дээр залуу хуульчид их сайн ажиллаж байна. Зоригтой дуугарч, зөв шийдэл, өөрчлөлт ярьж яваа. Тэдний ярьж яваа зүйлсээс олон санаа гээгдсэн байж болно. Гэхдээ өнөөгийн ярьж буй өөрчлөлтүүдэд буруу гэхээр зүйл ороогүй.
-Засгийн газрын тогтворгүй байдлаараа тэргүүлэх улсын нэг нь манайх. Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ дутагдлыг засах чигт гавьтай өөрчлөлт орохгүй нь гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болохоор өөрчилсөн нь сайн хэрэг. Мэргэжлийн Засгийн газар байгуулах талаас нь харвал яах аргагүй эерэг өөрчлөлт. Хууль тогтоох, гүйцэтгэх гэж тусдаа байх ёстой эрх мэдлийг салгаж өгч байгаа гэдэг утгаараа том өөрчлөлт.
-Засгийн газрыг огцруулахад 19 гишүүн гарын үсэг зурахад хангалттай байсан бол одоо 39 болгоно гэж байгаа. Энэ тийм сүртэй нөлөө үзүүлж чадах заалт мөн үү?
-Мэдрэгдэхээр нөлөө үзүүлнэ. Чанар нь дээшилж байна шүү дээ. Төрийн хэрэгт олон түмний оролцоог УИХ-ын гишүүдээр нь дамжуулж нэмж өгч байгаа гэдэг утгаараа нааштай өөрчлөлт.
-Таны түрүүн хэлсэнчлэн чамлахаар чанга атга гэдэг зарчмаар ингэж харж болох л юм?
-Хоёулаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр тэр зарчмаар л ярьж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр хүн бүр хүслээ хэлээд, ингэвэл илүү гоё болох байсан юм гэх мэтээр яриад суувал хэзээ ч төгсөхгүй маргаан болно. Тийм учраас УИХ-ын базсан төсөл дээр л саналаа хэлэх ёстой. Товчхондоо базсан төсөлд буруу юм лав алга, харин ч өмнөхөөсөө сайжирсан байна.
-Эдийн засаг чигт оруулж буй өөрчлөлтөд ч өөлөх зүйл алга уу?
-Хийсэн өөрчлөлтүүд дээр үг, үсгээр маргаад суувал дуусахгүй. Нэг л зүйл хэлье. Үндсэн хуульд тусгах гэж буй өөрчлөлтүүдэд эмгэнэлтэй зүйл байхгүй.
-Ард нийтийн санал асуулгатай хамтатгаад сонгуулийн хугацаагаа наашлуулъя гээд УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулаад эхэллээ. УИХ хугацаанаасаа өмнө тарах нь байх л асуудал уу, эрсдэл дагуулахаар шийдэл үү?
-Сонгуулиас сонгуульд төр уламжлагдаж явах ёстой. Тэр завсар вакум, хийдэл үүсч болохгүй. Өөрөөр хэлбэл УИХ тарчихаад дараагийн УИХ-ыг бүрдтэл сонгууль хүлээгээд сууна гэвэл тэр зуур төрийн эрх мэдэл вакум орчинд очно. Вакум үүсвэл нийгмийг тогтворгүй байдал руу чирч оруулах аюултай. Тэр тусмаа Монгол шиг парламентын ардчиллаар олон жил явчихсан орныг үймүүлье гэсэн сонирхол дотоодод ч, хөрш хоёр гүрэн талаас ч бий. Хөршүүд шууд заналхийлдэггүй юм гэхэд анзаарах нэг өнцөг бий. Хоёр хөрш авторитар дэглэмээ гоё юм шиг харагдуулж чаддаг. Үүнийг нь дуурайж будилснаас болоод тогтворгүй байдал бий болох эрсдэл өндөр.
-УИХ тарлаа гэж бодъё. Тарсаны дараа таны хэлснээр вакум орчин үүсч үймээн шуугиан, жагсаал цуглаан болж, эцэст нь онц байдал тогтоох эрсдэл ч үүсч мэдэх нь. Засаглалын вакум үүссэн тохиолдолд гардаг эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье…?
-Засаглалын вакум дотор юу ч болж магадгүй. Урьдчилж таахад хэцүү. Ер нь засаглалын вакум нийгэмд тогтворгүй байдал бий болгоё гэсэн гадны хүчинд маш таатай орчин үүсгэнэ. Засаглалын вакум үүсгэснээсээ болоод зовлон туулсан орнууд бий.
-Жишээ нь?
-Хол яваад хэрэггүй, Орос, Хятад гэсэн хөршүүдээсээ харчих хэрэгтэй. Жишээ нь, урд хөршид Моа Зэдун “Их үсрэлтийн бодлого” гэж эдийн засгийн том бодлого хэрэгжүүлсэн. Айл бүр гаднаа төмөр хайлуулж, бэлдэц гаргаж, газар тариалангаа хамгаална гээд бүх шувуугаа буудаж явсан он цагууд урд хөршийн түүхэнд бий. Их үсрэлтийн бодлого амжилтгүй болж, хүмүүсийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн. Их үсрэлтийг удирдсан коммунист намын дарга нь хариуцлага үүрэх болонгуут засаглалын вакум үүсгэчихсэн. Залуусыг ахмад үеийнхнийх нь эсрэг турхирч, улаан хамгаалагчид гэж бий болж, соёлын хувьсгал өрнөж байсан. Манайд засаглалын вакум үүсвэл тогтворгүй байдал газар авч хятад маягийн соёлын хувсгалын байдал орчныг бий болгохыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас УИХ-ыг тараана гэж ярьж зүтгэх нь буруу. УИХ харин сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлаж болно. Энэ бол өөрт нь байгаа эрх. Эсрэгээрээ өөрсдийгөө тараана гэвэл засаглалын вакум үүсэх аюултай.
-Сошиал дахь хүмүүсийн байр суурь, сэтгэгдлээс харахад хүчтэй удирдагч хэрэгтэй гэсэн сэтгэл зүйтэй хэсэг бий болчихсон юм шиг санагддаг. Танд тэгж санагддаг уу?
-Ингэж тэгж санагддаг гэхээс илүү хүчтэй удирдагчтай авторитар дэглэм гэж юу болох тухай ярья. Манай улс яг энэ бүс нутагтаа бараг ардчиллын арал болчихсон орон. Хятад, ОХУ хоёулаа авторитар дэглэмтэй улс орнууд. Хоёулаа ардчилалгүй. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгөн дээр тогтож яваа дэглэмүүд. Суртал нэвтрүүлэг, эрх мэдэл, мөнгө, айдас хүйдэс дээр тогтоож байгаа нийгэм хөндлөнгөөс их гоё, болоод яваа мэт харагддаг ч удаан насалдаггүй. Алсдаа хөгжлөө боомилох бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Тэгэхээр ийм дэглэм хүсэхээр зүйл биш. Хоёр хөршийнхөө нөлөөнд байгаа учраас буруу үлгэр аваад яваа тал бий. Тэр утгаараа нэг хүнд түшсэн авторитар дэглэмийг хүсэх биш, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэх нь илүү чухал.
-АТГ авлигатай тэмцэх нэрийдлээр бичлэг цацах гэх мэтээр хүний эрхэнд халдаад байна, улс төрийн зэвсэг болчихлоо гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Авлигатай тэмцэх ёстой гэдэг дээр бүгдээрээ санал нэгдчихье, эхлээд. Авлигатай тэмцэхийг ардчилалтай тэмцэх ажил болгочихвол буруу. Ийм хандлага үзэгдэл олон оронд болоод өрнөчихсөн. Авлигатай тэмцэх сайн үйл хэргийг ардчилалтай тэмцэх ажиллагаа болгосон орон өчнөөн. Тийм ч учраас энэ газрыг байгуулах тухай яриа эхлэх үед нийгэм, учир мэдэх хүмүүст ийм эргэлзээ, болгоомжлол байсан. Харамсалтай нь ерөнхий хандлагыг нь харвал авлигатай тэмцэх гэсэн агуулга нь багасч, улам бүр улс төрийн зэвсэг болж хувираад яваа нь санаа зовоож байгаа.
-Ерөнхий сайд байсан хүний тань хувьд асууя. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн лицензүүдийг хомроголон цуцалж байна. Цаана нь ямар ч шалтгаан байж болно л доо, гэхдээ хөрөнгө оруулалт, бизнесийн орчин талаас нь харвал гарах эрсдэл нь өндөр юм шиг харагдаад байх юм?
-Сэтгэл хөдлөл дээр тоглосон популизм хөгжчихөөд өөрөө өөртөө гай дуудсан ийм зүйл өрнөөд байна л даа. Ерөнхийд нь харвал дотоодын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчдыг хөөж, тэдэнд таагүй орчин бий болгож буй нөхцөлөөрөө Монголд гай чирч байна. Сэтгэл хөдлөлөөр, популизмаар тоглодгоо болих хэрэгтэй.
-Харамсалтай нь болих янз алга. Сонгууль дөхөх тусам гаарах байх аа?
-Тэгвэл сонгуулиар ийм хүмүүсийг өөрчлөхөөс өөр гарц байхгүй л дээ.
-Судалгаа хийгээд харахаар Ерөнхий сайд шиг хандлага гаргаж буй улстөрчдөд харин ч ханараад байгаа юм биш үү, сонгогчдын сэтгэл зүй?
-Миний хувьд судлаачийнхаа тухайд социологийн янз бүрийн судалгаа хараад сууж байна. Ерөнхийд нь базаад хэлбэл намуудын нэр хүнд байхгүй болчихсон. Мэр сэр улсын хуурмаг нэр хүнд өндөр байгаа. Жишээлбэл, Ерөнхий сайдынх. Гэхдээ Ерөнхий сайдын рейтинг өндөр байгаа гэдэг нь МАН ялна гэсэн үг биш. Тийм учраас нэг улстөрчийн нэр хүндийг дагаад намын нэр хүнд, рейтинг өссөн гэж эндүүрэх хэрэггүй гэж хэлмээр байна, нам гэж гүйдэг хүмүүст. Намууд бодлогоо цэгцэлж ирээдүйгээ зөв харж хөдлөхөөс нааш нэг, хоёр хүн дээр түшсэн, лидерээ дагаж намирсан улс төр хол явж чадахгүй. Бараг 2020 оноор энэ асуудал цэгцлэгдэнэ гэж би хувьдаа бодож байна.
-Сошиалын хандлагыг анзаарахад 2020 онд харин ч сэлэм эргүүлэгчдийг сонгох магадлал өндөр байгаа юм биш үү?
-Бүгдээрээ утсаа мааждаг болсон гэдэгтэй санал нэг байна. Тийм учраас сошиал медиагийн үүрэг роль асар өндөр болсон нь ойлгомжтой. Гэхдээ сошиал медиагаар олсон нэр хүнддээ түшиж үйл ажиллагаа явуулдаг улс төр хол явахгүй.
-Гол хоёр намын нэр хүнд навс унасан гэхээр ирэх сонгуулиар сонгогчид хүнийг нь харж саналаа өгөхөөр байна гэсэн үг үү?
-Нэг юм хэлье. Сонгогчид эрх баригч намын эсрэг санал өгөх магадлал асар өндөр байгаа.
-Яагаад?
-Өнөөдрийн болж байгаа үзэгдэлтэй холбоотой. Эрх баригч намд санал өгөхгүй байя гэхээр цаана нь асар өргөн хүрээнээс, олон хүний дундаас сонголт хийх хэрэгтэй болж таарна аа даа. Тэгэхээр миний хувьд МАН, АН-аас гадна байгаа хүн болоод жижиг улстөрийн намууд сонгуулиа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна гэж хэлмээр байна.
-Гуравдагч нам хүчтэй, зөв гарч ирвэл орон зай байгаа юу?
-Нам гэдгийнхээ хувьд байхгүй болов уу. АН, МАН лав биш, гэхдээ ямар ч байсан нэг чиглэлд сэтгэдэг хүмүүсийг сонгохыг эрмэлзэх байх.
-“Электорат” гэх мэт хөдөлгөөнийхний дэмжээд яваа хүмүүсийг дэмжих магадлал өндөр гэж хэлэх гээд байна уу, та?
-Ганц “Электорат” ч биш “Түмний 76”, хуульч залуус гээд нийгэм жижиг хэсэг бүлэг, овог аймгаар задарчихсан. Тэднээс сонгогчдын сэтгэлд хүрэх нэгдсэн платформ гаргаж чадсанд нь л илүү боломж олдох байх. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд АН-д МАН-аас илүү боломж бий. АН дотоод зөрчлөө арилгаад, жижиг намуудыг өөртөө багтааж сонгуульд оролцвол сонгогчдын дэмжлэгийг илүүтэй авах бололцоо харагдаж байгаа.
-Эдийн засаг талын нэг асуулт байна. Манай улсын эдийн засагт тулгарч байгаа том бэрхшээл, эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Дэлхийн нөхцөл орчныг харвал Монголын нийгэм, эдийн засгийн байдал эмзэг төлөвт байгаа. ОХУ барууны хоригт ороод зургаа дахь жилдээ яваа. Хоригоос болоод Оросын ард түмний бодит орлого зургаа дахь жилдээ унаж байна. Тэгэхээр хойд хөршийн байдал хүндрэх дүр зураг харагдаж байна. Хятад, Америк хоёрын дунд худалдааны дайн урт хугацаанд үргэлжилчихлээ. Нөхцөл байдал бидний төсөөлж суугаа шиг амархан биш болчихлоо. Энэ оны эхний хагас жилд хятадууд эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өссөн гэж зарласан. Гэтэл тэр тоонд нь итгэдэг хөрөнгө оруулагч, улс орон улам бүр багасаад байгаа. Итгэл алдарч явааг нь тойруу олон тоогоор нотолж болно. Хятадад автомашины борлуулалт 30 хувиар унасан байгаа юм. Автомашин үйлдвэрлэл, худалдаа Хятадын ДНБ-ий үйлдвэрлэлийн 10 хувийг бүрдүүлдэг. Бодит байдал ийм атал эдийн засгийн өсөлтөө 6.2 хувиар өслөө гэж зарлаж яваа нь “Хятадын эрх баригчид мэдээллээ худлаа хийдэг болжээ” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Эдийн засгийн байдал хоёр талд хүндэрч буй нь биднийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд оруулах эрсдэлтэй. Энэ эмзэг байдал 2020 оноос илүү их мэдрэгдэнэ. Тэгэхээр нөхцөл байдлаа томоор харах хэрэгтэй. Дотоод нөхцөл байдлаа нарийн анзаарч, бодлоготой урагшлахаас аргагүй. Харамсалтай нь тэгж чадахгүй байна л даа.
-Таны АТГ-т шалгагдаж эхэлсэн асуудал юу болж байна?
-Улс төр болохоор зовоосон хэвээр л байна. АТГ-т дуудаж байгаа. Асууж байцааж байна. Зөв ойлголцох юмсан гээд бүх асуултад нь хариулаад явж байна даа.
-Асуудгаа л асууж байна уу?
-Асуудгаа асуугаад зогсохгүй л дээ. Хүний санаанд оромгүй сонин сонин сэдэлтэй зүйл асууна. Цаанаа л нэг юм хайсан шинжтэй. Хийж буй ажлыг нь унагаад яахав гэдэг үүднээс энэ талаар дуугарахгүй байгаа. Үнэн зөвийг олоход туслах гэдэг үүднээс чимээгүй яваа. Шаардлага гарвал дуугарна.