Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: ФАТФ-ын зүгээс БНАСАУ, Ирантай санхүүгийн харилцаанд болгоомжтой хандахыг анхааруулсан нь бидэнд болзошгүй эрсдэлийг сануулсан хэрэг

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх ФАТФ-ын олон улсын хурал энэ өдрүүдэд болж байна. Манай улс ч энэ өдрүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах чиглэлээр хийсэн арга хэмжээгээ танилцуулж байгаа юм. Энэ асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Манай улс ч энэ өдрүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах чиглэлээр хийсэн арга хэмжээгээ ФАТФ-т танилцуулж байна. Ер нь саарал жагсаалтад орсноор улс оронд ямар сөрөг үр дагавар авчрах вэ?

-ФАТФ бол 1989 оноос Их долоогийн хүрээнд мөнгө угаахтай тэмцэх асуудлаар анх суурь нь тавигдаж өнөөдөр терроризмын санхүүжилтийн хүрээнд үйл ажиллагаа нь өргөжиж дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн зорилго нь эдгээр үйл ажиллагааг дэлхий нийтийн хэмжээнд хязгаарлах гэж ойлгож болох юм. ФАТФ-ийн зүгээс эрчимтэй хяналт, саарал жагсаалт, хар жагсаалт гэх мэтийн арга хэмжээг өөрийн гаргасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд 2016 онд гаргасан дүгнэлтийн дагуу эрчимтэй хяналтын нөхцөл байдалтай байгаа бөгөөд тухайн үеийн үнэлгээгээр саарал жагсаалтад орох хэмжээнд зөвлөмжийг хангаагүй байдал илэрсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. Харин түүнээс хойш хууль эрх зүйн болон институцийн түвшинд манайх нэлээд арга хэмжээ хэрэгжүүлж чадсан нь биднийг саарал жагсаалтад орох эрсдэлээс хамгаалж болох юм.

Хэрвээ ингэж чадалгүй саарал жагсаалтад орвол эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйл, ОУВС-гийн хөтөлбөрийн голлох нөлөөллөөр болон төсөв, мөнгөний бодлогын хүрээнд хийсэн өөрчлөлтүүдийн үр дүнд сайн байгаа энэ үед бидэнд таагүй нөхцөл байдал үүсэх, энэ нь эдийн засгийн эерэг нөхцөлийг цаашид тогтвортой хадгалахад сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тодруулбал Монгол Улстай харьцах гадаад орчны харилцаа сулрах, ялангуя санхүүгийн хүрээний харилцаанд шууд сөрөг нөлөөлөл бий болох эрсдэлтэй юм.

-ФАФТ-ын хурлын эхний дүн гарч БНАСАУ, Иран гэсэн хоёр улсыг хар жагсаалтад оруулж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ хоёр улсын хувьд мөнгө угаах, терроризмтой тэмцэх арга хэмжээг хангалтгүй гэж үнэлсэн бололтой?

-Эдгээр улсууд нь ФАТФ-ын олон удаагийн тайланд хар жагсаалтад багтаж байгаа. Энэ нь анхны удаа биш гэж би бодож байна. БНАСАУ-ын жишээг харвал тухайн улс хар жагсаалтад орох үед дэлхийн бараг бүх улсууд санхүү эдийн засгийн харилцаагаа хязгаарлаж, тэнд үйл ажиллагаа эрхэлдэг бизнесүүд алдагдлаа хүлээгээд гарсан байдаг. Саарал жагсаалтад орох, эсвэл хамтран ажилладаггүй гэж тодорхойлно гэдэг нь тухайн орныг эрсдэлтэй болгож, бүх зардлыг нэмэгдүүлнэ. Эрсдэл гэдгийн ар талд болзошгүй алдагдал агуулагдаж байдаг учраас банк, санхүүгийн байгууллагууд үүнээс болгоомжилдог. Банкны үйлчилгээ авахад тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Энэ шимтгэл ихээхэн хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь цаашлаад бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдлаар нийт эдийн засагт дарамт болох магадлалтай юм. Нөгөөтэйгүүр, зээлжих зэрэглэл унах аюултай. Улсын зээлжих зэрэглэл буурснаар Засгийн газар, компаниудын олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигдах, хөрөнгө татах зардал нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулагчдын шийдвэрт нь сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар үүснэ. Манай улсын эдийн засгийн хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, гадаад улсуудтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтуудад ахиц гарч байгаа үед эдгээр эрсдэлүүдийн хор уршиг маш их болохыг олон улсын байгууллагууд анхааруулж байгаа.

Эдгээр улсын хувьд зөвлөмжийн хэрэгжилт маш хангалтгүй байгаагаас тухайн улсад хар жагсаалт гэсэн тодотголыг өгч байгаа хэрэг. Эндээс бид нэг сургамж авах нь зүйтэй. Уржигдархан ФАТФ-ын зүгээс тухайн улсуудтай санхүүгийн харилцаанд болгоомжтой орохыг сануулсан мэдэгдэл гаргаж байгаа нь бидэнд тулгарч болзошгүй эрсдэлийг сануулж байгаа хэрэг. Ингэснээр ФАТФ-ын гишүүн орнууд дээд түвшинд шууд хэрэгжүүлэхээс гадна бизнес, санхүүгийн байгууллагуудын харилцаа ч сөрөг болж байгаа хэрэг. Хэрвээ бид саарал жагсаалтад орвол энэ хэмжээний эрсдэлийн тодорхой хэсэг бидэнд ирнэ гэсэн үг юм.

-Манай улс ФАТФ-ын харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан. Нэлээд хэдэн чиглэлд зөвлөмж өгсөн. Холбогдох байгууллагууд боломжийн хэмжээнд ажилласан, саарал жагсаалтаас гарах хүлээлттэй байгаагаа мэдэгдэж байгаа. Хөндлөнгөөс эдийн засагчийн хувиар та үүнийг хэрхэн харж байна вэ. Бидэнд саарал жагсаалтаас гарах боломж байна уу?

-Дээр дурдсан. Энэ хүрээнд бид нэлээд хүчин чармайлттай ажиллаж чадсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний түвшинд тодорхой чиг үүрэг бүхий хоёр зөвлөлийг ажиллуулж байгаа зэрэг нь нэлээд эерэг нөлөө үзүүлэх болов уу. Бидний хувьд үндэсний түвшний хамтын ажиллагааны тал дээр зөвлөмжид нэлээд сөрөг үнэлгээ авсан гэж ойлгож байгаа. Бид өнөөг хүртэл энэ асуудлыг зөвхөн банк, санхүүгийн салбарын ажил хэмээн ойлгож ирсэн нь энэ алдааг гаргахад хүргэсэн байх талтай. Миний хувьд өнөөг хүртэл хийсэн ажлууд, эхний шатны ажлуудад өгсөн үнэлгээ хандлагаас харахад саарал жагсаалтад орохгүй байх боломж бий гэж бодож байна.

-Ер нь саарал жагсаалтаас гарсан тохиолдолд улс оронд эдийн засгийн ямар үр өгөөж авчирдаг юм бэ?

-Одоохондоо Монгол Улс саарал жагсаалтад орчихсон зүйл байхгүй гэж би хувьдаа ойлгож байгаа. Харин ирэх саруудад болох үнэлгээгээр биднийг хангалттай ажиллаж чадаагүй гэж үзвэл саарал жагсаалтад оруулах эрсдэл бий. Хэрвээ бид саарал жагсаалтад орохгүй үлдвэл өмнө дурдсан сөрөг эрсдэлүүд бий болохгүй байх боломжтой болох юм.

-Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголт шинэ тутам. Гэвч харилцан үнэлгээ хангалтгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг гарах нөхцөл боломж бүрдсэн гэсэн үг үү. Цаашид бид юуг анхаарч, ямар чиглэлийг бэхжүүлэх ёстой вэ?

-Энэ нь дэлхийн хэмжээнд ч тийм хуучин ойлголт бас биш. Өмнө ихэвчлэн нэг улс орны хүрээнд ярьдаг байсан. Технологийн хөгжил, даяаршил хэмээх ойлголт нь санхүүгийн зах зээлийг хүчтэй хамарч мөнгөний эргэлт, шилжилтэд эрс өөрчлөлтийг гаргаснаар дэлхийн хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй болсон. Мөн 2001 онд халдлагаас хойш терроризмын асуудал нь дэлхий нийтийн асуудал болж үүнтэй улс бүр хамтран тэмцэх ёстой гэсэн үзэл баримтлал давамгай болсон. Манай улсын хувьд энэ төрлийн эрсдэлийг ойлгох, хор хохирлыг нийтэд таниулах арга хэмжээг сайн авахаас гадна нь энэ нь зөвхөн санхүүгийн бус үндэсний хэмжээний зохион байгуулалтыг шаардах асуудал гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ хүрээнд дээр дурдсан олон талыг хамруулсан зөвлөл ажиллаж байгаа нь сайн хэрэг юм. Энэ асуудлыг зөвхөн дан ганц банк санхүүгийн системд даатгаад асуудал шийдвэрлэгдэх боломжгүй юм. Гэмт хэргээс олсон мөнгөө хүн ямар ч хэлбэрт хөрвүүлж өөрчлөх боломжтой болсон.

-Мөнгө угаахтай тэмцэх асуудлыг дан ганц банк, санхүүгийн системд даатгаж болохгүй гэж та хэлж байна. Энэ нь тэгвэл өргөн бүрэлдэхүүнтэй тэмцэх ёстой асуудал болж таарав уу?

-Тийм. Миний хувьд энэ нь санхүүгийн гэхээсээ илүү эрүүгийн шинж чанартай ойлголт, гэмт хэргийн шинжтэй сэдэлд суурилан бий болдог гэж үздэг. Санамсаргүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь их эргэлзээтэй зүйл. Тиймээс хууль хяналтын болон санхүүгийн чиг үүрэгтэй төрийн байгууллагууд болон хувийн байгууллага, хувь хүмүүст хүртэл хамааралтай асуудал юм.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *