УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр 12:00 цагийн үед эхэлсэн боловч техникийн саатлаас шалтгаалан 14:00 цаг хүртэл хойшилсон юм.
УИХ-ын чуулган товлосон цагаасаа хоёр цаг гаруйн дараа эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөл дэх санал, дүгнэлтийг танилцуулав. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх үеэр техникийн саатал гарч, замбараагүй байдал үүссэн.
Гишүүд үг хэлэхээр кноп дарсан боловч нэрс нь орохгүй байсанд УИХ-ын дарга Г.Занданшатар“Байгалийн баялагтаа эзэн болох, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдэх гэж байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Зориуд ингэж үймүүлж байна” гэж байв.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа зарим гишүүн картаа сугалж, ирцээс хасагдсан тул хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас чуулганы хуралдааныг хойшлуулсан юм.