Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Хөрөнгийн бирж дээрх хувьцаат компаниуд дандаа хулгай, луйвар хийж ирсэн

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай нэр бүхий томоохон компаниуд сүүлийн хоёр жил IPO гаргаж хөрөнгийн зах зээлийг багагүй хөдөлгөөнд орууллаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Улс орны эдийн засгийн гол тулгуур бол санхүүгийн зах зээл байдаг. Санхүүгийн зах зээл байж эдийн засаг өөрөө зөв санхүүжигддэг. Хуримтлалтай хэсгийг нь мөнгө шаардлагатай хэсэгтэй нь холбож өгснөөрөө эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, ажлын байр зэрэг бий болдог. Тиймээс санхүүгийн зах зээл эдийн засагт яагаад байх ёстой вэ гэдэг гол үндэслэл нь энэ.

Санхүүгийн зах зээл байж л эдийн засаг хөдөлдөг. Санхүүгийн зах зээл дотроо маш олон оролцогч байгууллага байх ёстой. Олон улсынхаа стандартаар хөрөнгийн зах зээл, даатгал, банк, банк дотроо арилжааны банк, хөрөнгө оруулалтын банк байдаг. Бас дээр нь хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын сангууд дотроо нээлттэй сан, эсвэл жижиг сангууд орох боломжтой. Хүний биеэр яривал олон төрлийн эд эрхтэн байж гэмээнэ санхүүгийн зах зээл эрүүл явдаг. Хоорондоо өрсөлддөг. Өрсөлдөөний үр дүнд санхүүжилтийн өртөг буурдаг, зээлийн хүү буурдаг, үйлчилгээ сайжирдаг.

Харамсалтай нь Монголд санхүүгийн зах зээл гэдгийг ердөө л арилжааны банк гэж ойлгодог болж эхэлсэн. Арилжааны банк нь нийт санхүүгийн зах зээлийнхээ 20-30 хувиас хэтрэх ёсгүй. Бусдыг нь хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн бирж, хувьцаа, бонд зэрэг авч явдаг байх хэрэгтэй. Монголд бол 20-30 хувь байх банкны салбар 95 хувийг эзэлдэг болчихсон. Үүний өрсөлдөгч нь болох гээд хөрөнгийн зах зээл маань хөгжих гэж ядаж байна. Иргэд анзаарсан бол, сүүлийн хоёр жилийн хугацаанд маш их хэмжээний IPO гарлаа. 10 орчим. Иргэдийн сонирхлыг татсан IPO гэвэл “LendMN”байна. 25 төгрөгийн хувьцааг худалдаж автал тэр нь 75 төгрөг болчихсон. Долоохон өдрийн дотор, 14-хөн өдрийн дотор. Өөрөөр хэлбэл, таван сая төгрөг хийчихсэн чинь ганцхан сарын дотор 15 сая төгрөгтэй болчихсон, 10 сая төгрөгийн цэвэр ашиг хийсэн. Мэдээж энэ нь бусад хүмүүст урам, сэдэл өгсөн. “Хөрөнгийн зах зээл гэдэг чинь маш зүгээр зүйл юм байна”.“IPO гэдэг чинь зүгэээр юм байна”. “Хувьцаа аваад байх ёстой юм байна” гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсч эхэлсэн. Энэ бол уг нь маш буруу ойлголт юм. Дандаа ингэж өсдөг хувьцаа угаасаа байхгүй.

-Яагаад тэр билээ. Хувьцаа гаргах нь аль, аль талдаа ашигтай гэж үздэг биш бил үү?

-“LendMN” бол нэгдүгээрт, санхүүгийн шинэ үйлчилгээ.

Онлайнаар буюу шинэ, электрон байдлаар, барьцаагүй зээл олгож байгаагаараа онцлогтой байсан. Хоёрдугаарт,андеррайтер буюу тухайн төслийг хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа санхүүгийн компани өөрөө маш сайн компани байсан.Солонгосын хөрөнгө оруулалттай том компани. Солонгосын компаниуд энэ төслөө маш зөв танилцуулсны үндсэн дээр маш олон хөрөнгө оруулагч нар орж ирж, тэд нар нь өрсөлдөөд, хувьцааны үнэ нь өссөн. Гэвч Монголын компаниуд үүнийг буруу байдлаар ашиглаж эхэлсэн. Нэгдүгээрт, хувьцаат компаниуд. Ямар ч хамаагүй аргаар хувьцаа гаргачихвал иргэд авчихдаг юм гэж ойлгосон. Хоёрдугаарт, Монголын андеррайтер компаниуд ямар ч хамаагүй хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргавал хүн авчихна гэсэн ойлголт төрсөн. Гуравдугаарт, хөрөнгө оруулагч нар хөрөнгийн биржээс хувьцаа авчихвал хоёр, гурван зуун хувь өсдөг юм байна гэж буруу ойлгож эхэлсэн. Харамсалтай нь эдгээр нь “LendMN” шиг байж чадаагүй.Хамгийн гол нь андеррайтер нь өнөөдөр Монголд хөгжиж чадаагүй байна. Солонгосын тэр компанитай дүйцэх хэмжээний үйлчилгээ үзүүлэх компани Монголд үүсээгүй байна. Дээр нь хөрөнгө оруулагч нар мөнгөө л хийчихвэл өсдөг юм байна гэсэн хий хүлээлтэд орсон. Тийм учраас “LendMN”-ээс хойш гарсан бүх IPOтөсөл хөрөнгө оруулагчдаа алдагдал хүлээлгэсэн.

-Тухайлбал?

-Тухайлбал гээд байх юм байхгүй. Нэр заагаад яахав. “LendMN”-ээс хойш гарсан IPO-ийн ихэнх нь, 90-ээс дээш хувь нь хөрөнгө оруулагч нартаа алдагдал авчирсан. Хүмүүс өснө гээд мөнгөө хийгээд байдаг, тэр нь уруудаад байдаг. Энэ удаагийнх дээр алдчихлаа, дараагийнх дээр хожих байх гээд дараагийн IPO дээр мөнгөө хийсэн. Дахиад л алдсан. Үүний гол шалтгаан бол зах зээл маань өөрөө энэ хэмжээний IPO шингээх цаг нь болоогүй байсан. Үүнийг системтэйгээр, төрийн бодлого, дэмжлэгтэйгээр, татварын зохицуулалттайгаар зөв явуулах ёстой юм. Сүүлийн хоёр жил болсон зүйл бол зүгээр л “LendMN”-ийг дагасан, хошуурсан, хүмүүсийн мөнгийг хэдэн хүмүүс нийлж байгаад авсан. Муу үгээр хэлбэл, бараг шамшигдуулсан зүйл болчихоод байгаа юм. Хүний мөнгийг хүүгүй ашигласан, бүр хасах хүүтэй. Жилийн өмнө мөнгөө хийгээд өнөөдөр хасах байна гэж юу гэсэн үг вэ. Банк бусад хөрөнгө оруулалтад хийгээд 15-20 хувийг ашиг олох боломжоо алдсан. Бас дээр нь өөрийнхөө үндсэн мөнгийг алдчихсан, хоёр давхар алдагдал хүлээчихээд байгаа.

-Хөрөнгийн зах зээл ийм хэмжээний IPO шингээх цаг нь болоогүй байсан гэлээ. Ийм байхад яагаад компаниуд IPO гаргав аа. Тэд мэдээж судалсан л байж таараа шүү дээ?

-Түүнээс гадна хувьцаат компаниуд маань бэлэн биш байна. Би өөрөө Хөрөнгийн биржийн захирал байсан хүн. Захирал хийж байх үедээ Монголын хөрөнгийн биржээс хувьцаа ав гэж зөвлөж чаддаггүй байсан. Яагаад гээл өнөөг хүртэл манай Хөрөнгийн бирж дээр байгаа хувьцаат компаниуд дандаа хулгай, луйвар хийж ирсэн. Тэд үргэлж жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг шамшигдуулдаг. Жижиг хувьцаа эзэмшигчдэд очих ашгийг том хувьцаа эзэмшигчид нь хулгайлж авдаг. Зүгээр л нүдэн дээр ил хулгай луйвар нь явдаг. Ийм зах зээл рүү яаж хүнийг ор гэж зөвлөх юм бэ. Энэ бол зүгээр ёс зүйн асуудал. Жижиг хувьцаа эзэмшигчдээ дээрэмддэг асуудал Монголын хөрөнгийн бирж дээр, Монголын хувьцаат компаниудын дунд явдаг учраас эхлээд энэ асуудлыг засахгүйгээр, дотоодын хөрөнгө оруулагчдыг Хөрөнгийн бирж рүү мөнгөө оруул гэж зөвлөх нь зүгээр л “Та нар мөнгөө алд” гэж байгаагаас өөрцгүй.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх байдал манай компаниудад дийлэнх байгаа нь анзаарагддаг. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв. Үүнийг засч хянах байгууллага нь байгаа биз дээ?

-Тэр байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Энэ байгууллагын үндсэн үүрэг бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах явдал. Том хувьцаа эзэмшигчид эрхээ хамгаалах шаардлага байдаггүй. Тэд өөрөө гэрээгээ байгуулж байна, өөрөө мөнгөө шилжүүлж байна. Харин Хөрөнгийн биржээс хувьцаа худалдаад авчихсан жижиг хувьцаа эзэмшигчид тэр компанийн үндсэн үйл ажиллагаанд оролцдоггүй. Ямар гэрээ байгуулж байгааг, ямар ашиг, алдагдалтай ажиллаж байгааг мэдэхгүй. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хамгаалах үүрэгтэй. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага маань энэ үүргээ огтхон ч биелүүлдэггүй. Ийм орчинд яаж хөрөнгийн зах зээл хөгжих юм бэ. Хулгай луйвар яваад байхад нь хөрөнгө оруулагчдыг яаж мөнгөө хий гэх юм бэ.

-Хулгай луйвар гэдгийг та тодруулаач. Ямар байдлаар тэд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироодог юм бэ?

-Манай хувьцаат компаниудын дунд хулгай, луйвар хийдэг ядарсан нэг арга байдаг. Уг нь хүн харахад кино, номон дээр гардаг шиг ухаалаг хулгай бол бас ойлгохсон. Хөөрхий, зүгээр л хүний халааснаас мөнгө хулгайлж байгаатай адилхан хулгай хийдэг юм. Ингэхдээ хажуудаа нэг охин компани байгуулчихаад тэр охин компаниараа л ашгаа сороод авчихдаг.

Хувьцаат компани гэж ярьдаг боловч энэ орчуулга нь буруу. Олон улсын зөв нэршил нь “public” буюу нээлттэй компани юм. Нэгэнт нээлттэй компани юм чинь бүх юм нь л нээлттэй байх хэрэгтэй. Ашиг орлого, хийж буй гүйлгээ зэрэг нь хувьцаа эзэмшигчдэдээ нээлттэй байна. Харин Монголд бол хаагдмал. Дотроо дандаа хулгай луйвар явдаг. Өнөөдөр Хөрөнгийн бирж дээр 200 орчим хувьцаат компани байна.Сүүлд гарсан 10 орчим IPO компаниуд өнөөдөр дөнгөж мөнгө босгочихоод байгаа учир тэдэнд хулгай, луйвар хийх шаардлага одоогоор байхгүй. Харин ашиг олоод ирэхээр тэд ч бас бусдынхаа араас орно. Жишээ нь, хөрөнгийн зах зээлийг үнээгээр төсөөлье. Жижиг хувьцаа эзэмшигчдэд “Та нар нэг хувин аваад өөрийн тохирох хэмжээний сүүгээ ав” гэнэ. Харамсалтай нь нөгөө том хувьцаа эзэмшигч нь жижгийнхээ хувинг цоолоод өөрийнх рүүгээ тосчихно. Жижиг хувьцаа эзэмшигч саагаад байдаг. Сүү нь буцаад том хувьцаа эзэмшигч рүү шилжээд байдаг. Ингэж л жижиг хувьцаа эзмшигчид ногдол ашиггүй үлддэг. Оруулсан мөнгө нь ашиг өгөх биш, харин ч бүр үрэгдээд алга болдог. Үүний шалтгаан нь Монголын хувьцаат компаниуд ашиггүй ажиллаад байгаадаа биш. Монголчууд хувьцаа талаар ойлголтгүйдээ ч бас биш. Угаасаа бүх улсад тийм байдаг. Японы жижиг хувьцаа эзэмшигчид гэхэд “Кока кола” компани дээр очоод миний хувьцаа хаачсан бэ гээд хэрүүл хийгээд байхгүй. Тэр жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хэрүүл хийдэг нь тухайн улсынхаа Санхүүгийн зохицуулах хороо нь байдаг. Тэр хороо нь ажлаа маш сайн хийдэг учраас хувьцаа дээр нь хулгай луйвар байдаггүй. Байлаа гэхэд олж илрүүлээд хариуцлага хүлээлгэдэг.

-Хөрөнгийн зах зээл Монголд үүсч хөгжөөд 30 орчим жил болж байна. Та Хөрөнгийн биржийг нэг үе удирдаж явсан хүн. Энэ асуудлыг та захирал байхдаа шийдэж болоогүй хэрэг үү?

-Хөрөнгийн бирж бол зүгээр бараа тавьдаг дэлгүүр. Харин барааг нь чанартай, чанаргүй эсэхийг хянадаг нь Санхүүгийн зохицуулах хороо. Хөрөнгийн биржид ямар ч эрх байдаггүй. Хувьцаат компанийг торгох ч эрхгүй гээд бод доо. Хөрөнгийн биржийн ганц эрх нь хэдэн брокероо л торгодог. Яагаад гэвэл брокерууд нь Хөрөнгийн биржтэй гэрээ хийдэг. Би Хөрөнгийн биржийн захирал болоод хамгийн анх анзаарсан зүйл бол хуулийн хугацаанд нэг ч компани санхүүгийн тайлангаа өгдөггүй. Санхүүгийн тайлангаа жижиг хувьцаа эзэмшигчдэдээ өгөөгүй компани яаж ил тод нээлттэй байх юм бэ. Тэгэхээр нь би жагсаалтыг нь гаргаж “Энэ компаниуд санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд өгсөнгүй. Хариуцлага тооцмоор байна. Харамсалтай нь бидэнд эрх алга. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж хариуцлага тооцож өгнө үү” гээд Санхүүгийн зохицуулах хороонд хандахад нэг ч арга хэмжээ авч өгөөгүй. Тийм ч учраас Хөрөнгийн бирж вэб сайтдаа компаниудын жагсаалтыг гаргахаас хэтрээгүй. Би 2014 оны зургадугаар сард ажлаа хүлээж авсан. Сарын дараа Хөрөнгийн биржийн вэб сайтад хууль биелүүлдэггүй компанийн нэрсийг зарласан. Гэтэл компаниуд гайхсан. Юу болчихов, хэзээ ингэж тайлан дээр сүржигнэдэг болсон юм гээд л. Уг нь энэ хамгийн наад захын, энгийн дүрэм шүү дээ.

Зарим улс орнуудад Санхүүгийн зохицуулах хороо нь ажлаа хийж чадахгүй бол өөр шинэ схем байдаг. Зохицуулалтын эрхээ хөрөнгийн биржид өгдөг. Та нар нэгэнт хувьцаа эзэмшигч нартай өдөр тутмын харилцаанд ойр байгаа учраас энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг та нар хамгаал гэх маягтай.

-Тэгвэл одоо яах ёстой вэ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Та ямар алхмыг нэрлэх вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц болсонгүй. Хуулийг нь, бүтцийг нь өөрчлөх ёстой. “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр Санхүүгийн зохицуулах хороо даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл буюу хувьцаат компанийг зохицуулах гээд байгаа юм шиг. Тэгснээ бичил санхүү, хадгаламж зээлийн хоршоо гээд нэг байгууллагад 5-6 юм даалгачихаар аль алинынг зохицуулж чадахгүйд хүрч байгаа нь энэ. Дээр хэлснээр Монголд санхүүгийн зах зээлд банк 95 хувийг эзэлж байна. Уг нь 20-30 хувь байх ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулах гээд байдаг нөгөө даатгал хөрөнгийн бирж, банк бус халгаламж зээлийн хоршоо нийлээд уг нь 50-60 байх ёстой. Яагаад эд нар хөгжихгүй байна вэ гэвэл зохицуулалт нь буруу яваад байна. Зах зээлээ зохицуулж чадахгүй байна. Төрийн зохицуулалт гэдгийг анхнаасаа хуулиараа буруу заагаад өгчихсөн байна. Хүнийг торго, хариуцлага тооц, дарамтал. Ийм байдлаар хуулийг нь бичээд өгчихсөн. Зах зээлээ зогсоо гацаа. Тэгсэн ч чи төсвөөс санхүүжилтээ авна гэдэг. Бусад улс оронд зах зээлээ хөгжүүл, илүү олон нийтэд итгэлтэй болго. Илүү олон нийтийн сонирхлыг татуул гэдэг үүрэг өгдөг. Ингээд өөрийнхөө шимтгэлийг зах зээлээсээ олно.

АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо гэхэд төсвөөсөө нэг ч цент авдаггүй. Зөв зохицуулсныхаа хөлсөнд брокерийн компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудаас, хувьцаат колмпаниудаас тодорхой шимтгэл авч өөрийгөө санхүүжүүлдэг. Америкийн Санхүүгийн зохицуулах хорооны уриа бол зах зээлээ зөв хөжгүүл, зөв хөгжихөд нь бид нар дэмжлдэг туслалцаа болъё гэдэг. Монголд санхүүгийн зохицуулалтын хуулийг анхнаас нь буруу бичсэнээс нь болж өнөөдөр ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Хар л даа, хууль нь зөв явсан уу, буруу явсан уу гэдгийг гарсан үр дүнгээр нь харна. Монголбанкны зохицуулж байгаа банк нь хөгжөөд байна. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулж байгаа хөрөнгийн зах зээл, хадгаламж зээлийн хоршоо, даатгал нь хөгжиж байна уу. Хуулиа л буруу бичсэн гэсэн үг. Монголбанк, арилжааны банкны хуулийг банк талдаа яривал маш зөв бичсэн гэсэн үг. Тэд төсвөөс маш их дэмжлэг туслалцаа авч байна, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байна. Энэ буруугаа Монголын төр хүлээн зөвшөөрөхгүй 20-30 жил явчихлаа. Энэ чинь нийт улсынхаа хөгжлийг гацаачихаад байгаа юм. Банкууд чинь бүр монополь болчихлоо. Монополь болчихсон банкууд яаж зээлийн хүүгээ бууруулах юм бэ. Санхүүжилт шаардаж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд л банкин дээр очиж зээл гуйна. Ийм учраас Монгол Улс маань өнөөдөр дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй болчихоод байна. Монголтой адил зээлийн хүүтэй улс бол дайн байлдаан, үймээн самуунтай улс байдаг. Яагаад гэхээр өрсөлдөөн байхгүй. Банкны салбартай өрсөлдөх хөрөнгийн зах зээлийг төр нь өөрөө нухчин дарчихаад байна.

-Хэрэв хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гол өгөөж нь юу байдгийг тайлбарлахгүй юу?

-Ерөөсөө шууд зээлийн хүү буурна. Санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болно. Санхүүгийн үйлчилгээний нэр төрөл сайжирна. Үүнээс нэг зүйлийг ойлгох ёстой. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж ярихаар хөрөнгө оруулагч, брокерын компани, банк банк бус санхүүгийн байгууллага талаас нь хараад байдаг. Хөрөнгийн бирж хөгжинө гэхээр брокерууд л хөрөнгөтэй болчихно гэж үздэг. Үгүй. Хоёр жилийн хугацаатай зээл авдаг байсан компаниуд найман жилийн хугацаатай авдаг болно. Санхүүгийн зах зээл хөгжихөд үр шимийг хүртэх нь аж ахуйн нэгжүүд. Аж ахуйн нэгжүүд сайн санхүүжилттэй, өөрт нь таарсан санхүүжилттэй болж байж л хөгжих асуудал яригдана. Хөрөнгө оруулалтаа шийднэ. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд Монголд бизнес хийсэн аж ахуйн нэгжүүд хүүлэгдээд л дампуураад байна. Шударга зарчмаар бол бизнесийн зээлийн дундаж хүү 10-аас доош байх ёстой. Нэг оронтой тоонд байж л бизнесийн зээл гэдэг. Ихэвчлэн 4-6 хувийн хооронд байх нь илүү тохиромжтой. Ингэж байж тухайн компани тэр мөнгийг ашигласнаар өөрийнхөө зардлыг санхүүжүүлнэ. Ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэл, түрээс, тоног төхөөрөмж худалдаж авах, түүхий эдээ татах гэх мэт зардлаа даана. Дараа нь хүүгээ төлдөг. Үүний дараа бизенес хийж байгаа юм чинь дахиад цэвэр ашигтай үлдэх ёстой. Ингэж байж тэр компани дараа жилдээ дахиад хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй үлдэх ёстой. Монголд бизнесийн зээл нь 4-6 биш 20-30 хувьтай байдаг. Ашиг олохоор хүү нь илүү гарчихаад байгаа юм. АНУ-ын компаниуд дөрвөн хувийн хүү төлөөд ашигтай ажиллаж байхад Монголын компаниуд 30 хувийн хүү төлөөд алдагдалтай ажилладаг. Энэ бол Монголын компаниудын буруу биш. Санхүүгийн зах зээл буруу яваад байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гэхэд аж ахуйн нэгжүүдийнхээ төлөө БНХАУ-тай дайн зарлаж байна. Та нар манай аж ахуйн нэгжүүдийн барааг авахгүй байна гээд. Гэтэл манайд аж ахуйн нэгжүүд туйлдаж байна. Маш харамсалтай дүр зураг харагдах болсон. Аж ахуйн нэгжүүд өдөр бүр зээлийн хүүдээ баригдаад дампуурч эхэллээ.

-Энгийн иргэд хувьцааны талаар сонирхдог. Банкинд мөнгөө хадгалуулснаас хувьцаа болгочихвол ирээдүйд ашигтай гэж үзэх хэсэг бий. Нэгэнт манай улсын хөрөнгийн зах зээл ийм нөхцөл байдалд байгаа үед та мэргэжлийн шинжээч хүний хувьд хувьцаа сонирхож байгаа иргэдэд юу зөвлөх вэ?

-Яг өнөөдрийн хувьд Монголын иргэдийг хувьцаат компанийн хувьцааг ав гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хулгай луйврын асуудлаа төр нь засч залруулж байж иргэд хуримтлалаа хувьцаат компаниуд руу, хөрөнгийн бирж рүү, хувьцаа руу, бонд руу, үнэт цаас руу оруулах ёстой. Энэ бол зөв зам. Гэхдээ өнөөдөр бол цаг нь биш.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *