Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бахархал vs Ялархал

Авснаасаа эсэн юм болдог тус гэж бий. Чамайг гал, уснаас аварсан хүн эхэн үедээ амьд бурхан мэт санагдана. Ер нь үхсэн бурхан гэсэн ойлголт байхгүй болохоор амьд бурхан гэдэг бас жаахан учир дутагдалтай хэллэг л дээ. Бодвол, амьгүй зураг хөрөг амилаад ирсэн гэдгээс л үүссэн нэр байх. Энэ ч яахав, өнөө амьд бурхан чинь нэг удаа ач авралаа сануулахад үнэхээр тийм санагдана. Хэрвээ байн байн орж ирээ л “ээдээ би байгаагүй бол чи ч орчлонгийн тоос хөдөлгөхгүй байсаан” гээд ирвэл ердөө л айлган сүрдүүлэлт болоод явчихна. Цаашлаад ирвэл “энэ гайгаар авруулж байхаар тэр чигээрээ шатаад живээд явчихсан бол сэтгэл амар байх байж шүү” гэж бодогдох болно. Үзэн ядаж эхлэх ч энүүхэнд. Хүний амь аварсандаа сэтгэл дүүрэн амьдарч “би гэдэг хүн бас ч гэж хүний алтан амь аварч буян хураасан завшаантай. Тоост хорвоод хамгийн үнэтэй юмыг эзэнд нь эргүүлж өгсөн гавьяатай юм шүү” гэж уужим амьсгаа авсаар хорвоог элээх нэг хэрэг.

Харин “Энэ муу шаарын алтан амийг аварчихаад надад юу наалдав аа? За даа хүнд туслаад хэрэг алга юм шив дээ. Эртүүд дахиад мөнгө зээлэх гэтэл дургүйцэх царайтай байдаг шүү. Би амийг аварсан юм чинь энэнээс юм салгах л ёстой” хэмээн шунан тарчилж, өөр өрөөл хоёрын амар амгалан амьдралыг мэрсээр хорвоогийн бор хоногийг холтлох шал өөр хэрэг ээ.

Ноён хутагт Равжаа “Там там гэнэ, там хаа байх вэ? Тамтаггүй явбал там чинь тэр биз ээ” хэмээн чухам иймэрхүү хоёр хандлагыг л хэлсэн бололтой.

Дайны дараахь энх цагийн өдрүүдийн нэгэн дарамт төсөөлөгддөг юм. Тийм байгаагүй ч байж мэднэ лээ. Мэдээж ялсан ард түмэн баатруудаа угтаж баяр хөөр болно. Үнэхээр баатрууд ч тэнд бишгүй. Гэхдээ л хамгийн сүүлд цэрэгт татагдаад бараг буун дуу гаргаж амжаагүй хүмүүс л амьд ирэгчдийн ихэнх байж таарна аа даа. Тэдний нэлээд нь айл хэсээд л архи уугаа л, ажил хийж өгөхгүй бөөн гавьяа ярьсан амьтас. “Би тулалдаагүй бол та нар үхэх байсан муусайн юмнуудыг яасан ч миний дур” гэж дультран агсамнаад л. Эхэн үедээ “аргагүй хөөрхий, сайн ч муу ч дайнд яваад дарийн утаа үнэрлэсэн амьтан. Ингэж л байг” гэлцдэг байсан байх. Харин сүүлдээ “Муу шаар. Ямар сохор гермаан, японтойгоо таараад оногдолгүй ирдэг байна аа” хэмээн залхаж эхэлсэн нь дамжиггүй. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дараахан И.Сталин дахин томоохон аллагад бэлтгэж байжээ. Түүний ээлжит аллага,цөллөгийн гол бай нь чухамхүү “бахархахаас өөр юмгүй” энэхүү баатрууд байсан гэдэг.

Манай голд нэг ах байсан юм, миний багад. Зайлуул архи уучихаараа “Би та нарын цустай толгой, сэвстэй гүзээг чинь манаж яваад ирсэн хүн” гээ л агсам тавьдаг сан. Гэхдээ гэмгүй ээ хөөрхий, ямар ч байсан хамт манаанд гарсан хань нөхдөө хядчихалгүй албаа номоор нь хаагаад ирсэн ба эрүүл үедээ ярьснаасаа жигтэйхэн ичдэг байсаан зайлуул.

Нэг талаасаа бахархал хүнийг чимж байдаг ч хэр хэмжээнээсээ хэтэрвэл эргээд алж байдаг ажгуу.

Хорьдугаар зуунд тусгаар тогтнон иргэншсэн Монгол оронд орчин цагийн мэргэжил, мэргэшил үүсч эхэлжээ. Ер нь бол ХХ зууны эхэн үеийн Монголын ажил мэргэжлийн жагсаалт: ноён, түшмэл, хамжлага албат, лам багш ба шавь …ингэсгээд болох байх.

Харин тусгаар тогтнон соёлжиж ирсэн монголчууд шинээр бий болсон, эзэмшсэн мэргэжлээ сурталчилж бахархах болсон байна. Энэ нь мэргэжлээ гэхээсээ илүү шинэ амьдрал, цоо шинэ соёл, эргүүлж олсон тусгаар тогтнолоо бахархсан утгатай байлаа.

Мэдээж нам засгаас тодорхой мэргэжил, кампанит ажлыг сурталчлах ажлыг ч зохион байгуулж л байлаа. Сургууль соёлоо орхиод малчин болох нь сайхан хэмээн доргиож, хоньчин барилгачин хоёрыг хуримлуулах мэтээр дуулалдах жишээний.

Үүнтэй зэрэгцээд “ эхийн ачтай зүйрлэн хэлмээр эмч (эх баригч биш) хүний алдар”, “…ыг тайлан үүдийг нээсэн багш”, “…ардын санхүүч гайхам алдар” гэхчлэнгийн нарийн мэргэжлийн олон арван дуу төрлөө. Уул нь тухайн үеийн нам төрөөс шинэ шинэ ажил мэргэжлийг сурталчлах, шинэ үеийг түүнд дурлуулах, хажуугаар нь социалист ололт амжилтаараа бахархах гэж л байгаа хэрэг шүү дээ.

Гэтэл ард түмний нэлээд нь үүнд бүр үнэмшээд явчихжээ. Бахархаад бай гэсэн ялархаад эхэлдэг байгаа. Улсын зардлаар сураад, насаараа цалингаа хэвийн авчихаад “түмний хүүхдийг насаараа л сургалаа. Одоо надад юу алга” гэх багш нар гараад ирэх нь тэр. Хүний амийг аварсандаа бахарах гэсэн биш “амь авраад хэрэг алга, юу наалдав” гэх маягийн доктор ч дуулдах л болов. Насаараа тариа тарьж олон амьтныг тэжээлээ. Насаараа барилга барьж олон амьтныг оронтой болголоо.Насаараа ард түмнийг урлагаар цэнгүүллээ. Насаараа ингэлээ, тэглээ… одоо надад орон байр аль…

Харин “насаараа чөтгөр дарж биегүй боллоо, Одоо надад…” гэх лам л арай дуулдахгүй юм.

1945 оны чөлөөлөх дайнд монголын талаас 21.000 цэрэг орсон гэдэг. Энэ бол их хядлагын дараа үлдсэн насанд хүрсэн бүх эрчүүдийг л дайчилсан хэрэг. Өнөө “ардын засаг гэж хаа байлаа, авдаг өгдөг нь юу байлаа” гэлээ гэдэг шиг тэр үеийн Монгол хэдэн хүнтэй байлаа, хэдий нь их аллагаар хүйс тэмтэрлээ, хэд үлдлээ… энэ тэрийг нэг бодоод үз л дээ. Одоо ч манай улс энэ хэмжээний цэрэгтэй байнгын арми байгуулахад хүчиртэй.

Зөвлөлтүүд өчигдрийн малчин, өнөөдрийн цэрэг хувцастанг дайнд оруулахдаа байлдуулах гэсэнгүй. Тэднийг үе дамжсан мэргэжжлийн малчин, жинчний хувьд их говиор их буу, зэвсэг техник зөөхөд ашигласан байна. Монголчууд цэрэг хувцас өмсөөд жин тээсэн хэрэг. Тийм ч учраас чөлөөлөх дайнд мордсон Монголын 21 мянган цэргээс 78 нь эндсэн, тэр 78-ын 60 гаруй нь харангадсан байх ба дайнаас төрсөн улсын баатруудын бараг ганцхан нь бууны суманд амь алдсан нь Л.Аюуш байх жишээний. Мэдээж тэнд оролцож иргэний үүргээ биелүүлсэн нь л бахархал л даа. Тэгсэн чинь зарим нэг нь “Бид байгаагүй бол та нар байхгүй байсан” гэж ирээд зурагтаар ялархдаг байгаа. Бидний байх эсэхийг тэнд жин тээж алба хаасан улс биш, харин Тегеранд, Ялта-д, Подстамд огт өөр хүмүүс шийдчихсэн байсан юм шүү дээ.

Бас дээхнэ хэсэг ахмад тамирчид “олон улсын тэмцээнд оролцож гийгүүлснийхээ төлөөх” чамгүй нөхөн төлбөрийг татвар төлөгчдөөс нэхэж харагдана билээ. Тэд л байгаагүй бол ХХ зуун, тусгаар тогтнол энэ дээр хог дээр хаягдах байсан юм байх аа. Мөн ч хөгийн ялихгүй юман дээр тогтож байж дээ энэ эх орон чинь гэмээр.

Ахмад болох, өтлөх нь жам ёс ба түүнийг дагасан зохих ёсны хүндлэл, асрамж, ачлал яах аргагүй мөн. Хэдийгээр 3000 жилийн тэртээх бичиг үсгийн дурсгалаар дамжуулан “Одооны хүүхдүүд хүн болох нь өнгөрлөө” хэмээн харууссаар ирсэн боловч шинэ үе нь урьдахаасаа тохой илүү төрсөөр иржээ. Хэрэв эртний египетчүүдийн халаглал үнэн байсансан бол хүний хөгжил тувт ухарсаар бич энэ тэр дээрээ очиж тулах байсан буй заа.

Өнгөрсөн нийгмийн үлдэгдэл гэсэн хэллэг социализмын үед их хэрэглэгдэж, түүнтэй тэмцэх талаар их ярьдаг байлаа. Ганц социализм ч биш, хүний түүхийн үе бүхэн үлдэгдэлтэй байдаг. Манай үеийнхний нэг үлдэгдэл бол энэхүү бахархал, ялархлын зааг нь алдагдсан хил болоод байна.

Бахархал солигдоод ялархал болчихыг харах зэвүүтэй. Ажил амьдрал, мэргэжил гэдэг бол хувь хүний өөрийн сонголт байдаг, тэрийг хэлэхээр ам асуулаа гэх. Уул нь бид өөрөөр амьдарч чадахгүй, чадмаар байсан ч хүсээгүй учраас тухайн мэргэжлийг сонгож, тэр хэрээрээ нийгэмдээ хариуцлага хүлээдэг.

Төрийн албан хаагчдын цалин багадаж болно. Гэхдээ татвар төлөгчдийнх нь олж байгаа л энэ шүү дээ. Ямартаа, хүний бүхий орлогыг хуу хамж татварт аваад цалин нэмэлтэй биш. Харин энэ хөрөнгөөс авлигадан луйвардах нь үнэн гашуудалтай.

Эмч хүний амь аварч байгаа нь, цагдаа гэмт этгээдийг газар дээр барьж чадсан нь, цэрэг эрс эх орноо хамгаалж байгаа нь сайхаан сайхан. Тэхдээ тэр бүгдийн төлөө олсон, долсноосоо илүүчлэн төсөв болгосон ард түмэн бас л авралцаж, баривчлалцаж, байлдалцаж яваа билээ. Бодоход сайхан боловч яриад эхлэхээр тусгүй харагддаг юм гэж бас байна аа.

2009.11.27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *