Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог хууль зайлшгүй байх ёстой

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай намын зүгээс 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хүлээж авах боломжгүй гэж удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл яагаад хоёрдугаар хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг оруулж ирэх болов?

-Манай намын зүгээс 62 гишүүний оруулж ирж байгаа Үндсэн хуулийн төсөл дээр ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй гэж үзэж байсан. Тиймээс дэмжинэ, дэмжихгүй гэх асуудлыг одоо хүртэл илэрхийлээгүй. Өдгөө ч тэр байр суурь дээрээ зогсч байгаа. Яахав Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тодорхой саналуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж ирсэн. Тиймээс бид Ерөнхийлөгчийн саналыг судалж үзэх шаардлага гарсан л даа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуульд яаж тусгах вэ гэдэг дээр оролцох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд Ардчилсан нам оролцож байгаа. Мөн бид Ерөнхийлөгч болон УИХ-ын 62 гишүүний санал гэхээсээ илүү Ардчилсан нам өөрсдийнхөө саналыг оруулъя гэж үзсэн. Тиймээс өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн. Бидний хүргүүлсэн эдгээр саналуудыг авч хэлэлцэхгүй, олонхоороо хүч түрж асуудалд хандах юм бол бид нар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн зөвшилцлөөс гарна. Тэрийгээ ч илэрхийлчихсэн байгаа.

-Парламентын засаглалыг бэхжүүлэх талаар та бүхний санал дээр тусгасан байсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг саналаар оруулж байгаа юм билээ. Энэ саналыг ямар үндэслэлээр оруулсан бэ?

-Монгол Улсын засаглалын хэлбэр тодорхой байх ёстой. Одоогийн Үндсэн хуульд буй институци хоорондын харилцаа, зохицуулалт нь хоёрдмол засаглалтай болж харагдуулахад хүрээд байгаа юм. Уг нь Монгол Улс парламентын засаглалтай. Гэсэн ч яг цэвэр парламентын засаглалтай юу гэдгийг хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, төрийн институци хоорондын харилцаа, институциудын явуулж буй үйл ажиллагаа, хуулиар олгогдсон эрх үүрэг гэх мэт бүх зүйлийг нь аваад үзвэл хоёрдмол засаглалын шинж ажиглагдаж байна. Парламент нь Ерөнхийлөгчөөс хамааралтай, Ерөнхийлөгч нь парламентаасаа хамааралтай. Ийм хоёрдмол нөхцөл байдлаас болж маш олон асуудлууд бий болж байна. Тэгэхээр хуулиараа бид парламентын засаглалтай улс л юм бол бусад улс орнуудын жишгээр их хурлаасаа Ерөнхийлөгч өө сонгодог болъё. Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогдсон ч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээд явна гэсэн үг. Ингэж л засаглалын хэлбэрээ тодорхой болгож, цаашлах нь зүйтэй.

-Таны зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг УИХ-аар оруулж ирж байсан. Ардчилсан намын санал дээр мөн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал байгаа юм билээ?

-Өдгөө олонх болсон нам нь хариуцлага алдсан гишүүддээ ердөөсөө хариуцлага тооцохоо болчихжээ. Жишээ нь ЖДҮХС-гаас өчнөөн тэрбумаар нь хөрөнгө, мөнгө идэж, завшиж, ашиглачихсан, улайм цайм хууль зөрччихсөн нөхдүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй байна. 800 гаруй сая төгрөгийн концесс аваад завшчихсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцсонгүй. Зөвхөн өнөөдрийн эрх баригчид төдийгүй цаашид олонх болсон намууд хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн хариуцлага тооцохгүй байх асуудал цаашид улам даамжрах магадлалтай байна.

Тиймээс Үндсэн хуулиар хэрвээ тухайн гишүүн УИХ-ын гишүүний хувьд өргөсөн тангаргаасаа няцаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчсөн гэдэг нь нотлогдвол шууд хуулийн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татдаг байх ёстой. Үүнийг л Үндсэн хуульд суулгаж өгөх нь зүйтэй. Ингэснээр гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллаж чадахгүй, хариуцлага алддаг гишүүддээ хариуцлага тооцно. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ажлаа мэддэг гишүүдэд энэ бол асуудал биш шүү дээ.

-Тэгэхээр энэ санал таны өргөн барьсан хуультай уялдаж байгаа юм байна, тийм үү?

-Яахав уялдаж байгаа. Хамгийн гол нь аль хувилбараар батлагдах нь сонин биш, Их хурлын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцдог тодорхой хуулийн гарц гаргалгаа байх ёстой юм.

-Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та бүхэн санал оруулж буй юм билээ?

-Үүнийг нэлээн сайн судалж шийдэх ёстой. Жишээ нь, сумын Засаг даргыг шууд ард иргэдээс сонгодог байх заалт зөв, буруу эсэхийг бодох л асуудал. Нэг хэмжээ хязгааргүй, эрх дархтай хүн гарч ирчихээд дараа нь төрийн нэгдмэл бодлогыг алдагдуулаад орон нутагтаа бие даасан үйл ажиллагаа явуулж, гадныхантай нийлж хуйвалдаад янз бүрийн зүйл хийгээд яваад байвал хэцүү. Эсвэл ах дүү хамаатан саднаараа нийлээд нэгийгээ гаргачихдаг. Тэр нь баригддаггүй, захирагддаггүй болчихвол яах вэ. Тэгвэл тэр хүнтэй хариуцлага тооцоход хэцүү болно шүү дээ. Үүнийг судлах ёстой. Тэгж байж орон нутгийн бие даасан байдал, эрх мэдлийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Тэгэхээр орон нутагт төрийн бодлого нөлөөлөхгүй болох магадлалтай юм байна шүү дээ?

-Орон нутагт төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудал нь одоо байгаа бүтцээр дамжуулаад хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Цаашдаа орон нутгийн бие даасан байдал, эрх мэдэл, засаглалыг бэхжүүлэх талаар зайлшгүй хийх ёстой алхмууд байгаа. Тэгэхдээ маш сайн судалгаатай, олон талаас нь харж байж алхмаа хийхгүй бол болохгүй. Энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдчихвэл дараа нь гарах үр дагавар сөрөг байх магадлалтай. Тэгэхээр тэр сөрөг хүчин зүйлийг дараа нь засч залруулахад хэцүү болно шүү дээ.

-Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоох асуудлыг АН хөндсөн. Ямар ч үр нөлөөгүй өр тавих асуудал өдгөө Засгийн газарт бий шүү дээ?

-Өрийн дээд хэмжээг тогтоох асуудлыг шийдэхгүй бол хэцүүдэх гээд байна. 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газрын үед өрийн таазыг 58 хувь болгоё гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл энэ хэд дайрч, довтолж Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдууллаа, эдийн засгийн аюулгүй байдлыг бий болголоо, Монголын өр авлага талийлаа гээд л улс төр хийж байсан шүү дээ. Харин өдгөө өрийн хэмжээ гэдэг зүйл байхгүй болчихжээ. Аль хэдийнэ 100 гараад явчихсан. Аль олонх болсон нам нь дураараа авирлаж, санхүүгийн сахилга батгүй яваад байх юм бол энэ улс орон хэцүүднэ. Өрийн хэмжээ улам л талийна. Энд зохицуулалт хэрэгтэй. Ямар ч нам гарч ирсэн Үндсэн хуулийг дагаж, биелүүлэх үүрэгтэй учраас эцэг хуулиндаа өрийн дээд хэмжээг тогтоож өгөх нь зүйтэй. Үндсэн хуулиар тогтоогоод өгснийх нь дараа олонх болсон ямар ч нам зөрчиж чадахгүй шүү дээ.

-Ерөнхийлөгч болон 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг байгуулагдчихсан явж байгаа. Энэ хоёр төслөөс Үндсэн хуульд зайлшгүй орох ёстой заалтууд байна уу?

-62 гишүүний оруулж ирсэн төсөл дээр ямар нэг зөвшилцөх, хэлэлцэх шаардлага бидэнд байхгүй. УИХ-д эрх барьж байгаа МАН-ын 64 гишүүн бий. Эдгээр гишүүдийн 70-80 хувь нь хуулийн хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Ийм ёс зүйн хариуцлага алдчихсан улс төрийн нам өнөөдөр Үндсэн хуулинд гар хүрэх эрх зүйн чадамжгүй юм. Тиймээс тэдний оруулж ирсэн төсөл дотроос сайн, муу аль ч заалтыг дэмжиж оролцохгүй. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй санал дээр манай намын хуулийн ажлын хэсэг, хуульч гишүүд хамтран ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс бид байр сууриа илэрхийлнэ.

-Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал дээр ямар байр суурьтай байна?

-Америк гэх том гүрэнтэй Монгол Улс энэ тэнцүү стратегийн түншлэлийн гэрээ байгуулна гэдэг Монгол Улсын хувьд харьцангуй ашигтай, том ажил болсон. Гэхдээ стратегийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудаа бид тодорхой болгох хэрэгтэй. Стратегийн түншлэлээ үр ашигтай түншлэлийн хэлбэрт шилжүүлэх ёстой. Зөвхөн нэг гэрээ хийгээд орхих биш, үр дүнтэй ажил болгох нь зүйтэй. Энэ тал дээр манайхан илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болов уу. Түүнчлэн үүнийг дагаад ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулж, АНУ-ын зах зээлд гаргаж, татваргүйгээр нийлүүлэх гэх мэтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулах ёстой.

-Улс төрийн бодлого дээр юу ажиглагдав?

-Бидний зүгээс улс төрийн бодлого илүү няхуур, нямбай харьцах нь зүйтэй болов уу. Хоёр хөршийн талаар барьж байгаа байр сууриа болгоомжтой илэрхийлэх ёстой. Бидэнд бодох юм олон байна шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *