Categories
мэдээ цаг-үе

Сургуулиа дуурсгасан эдийн засгийн онолын ангийнхан

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн профессор Жамбын Батмөнхийн нэрэмжит МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн Эдийн засгийн онолын ангийн 2009 оны төгсөлтийнхөн манай энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдлаа.

Нийслэл хот, 21 аймгаас математикийн хичээлдээ толгой цохидог хүүхдүүд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг зорьдог уламжлалтай. Тэр дотроо Эдийн засгийн онолын тэнхим бол Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын гол боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг учраас ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүр илүү сонирхолтой. Гэхдээ сонирхсон хүүхэд бүр орох боломжгүй, өндөр босготой Эдийн засгийн онолын ангид 2005 онд 30 гаруй хүүхэд элсчээ. Оюутны дөрвөн жилийн хугацаанд гадагшаа сургуульд явах, өөр сургуульд элсэх зэргээр буурь сэлгэснээр 23 хүүхэд төгссөн юм байна. Тэд бол Т.Амартүвшин, Г.Ариунмөрөн, М.Ахжархын, Б.Батбаяр, Э.Бадамлянхуа, Ч.Бат-Оргил, С.Ган-Эрдэнэ, Н.Баасандорж, Б.Галбадрах, Л.Лувсанцэрэн, Д.Мөнхчимэг, С.Мөнхчимэг, П.Оюунбилэг, Н.Очгэрэл, Д.Наранцацрал, Т.Нарангэрэл, Д.Нямдаваа, Э.Мөнхзаяа, Х.Мөнхжавхлан, Г.Энхбат, Б.Санчир-Эрдэнэ, С.Халиунаа, О.Хулан нар юм.

Сургуулиа төгсөөд 10 жилийнхээ ойтой золгож буй Эдийн засгийн онолын ангийнхан одоо улсынхаа эдийн засаг, банк, бизнесийн салбарын бодлогыг зангидах хэмжээнд мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байгааг харахад цагаан атаархал төрөхөөр аж. Тэр дундаа банкны салбарт ажиллаж байгаа нь олон байна. Дэлхийн шилдэг сургуульд зүй ёсоор тооцогддог Австралийн үндэсний их сургуульд магистр хамгаалсан С.Мөнхчимэг Монголбанкинд ажиллаж байна. Эдийн засгийн онолын тэнхимийнхээ шилдэг төгсөгчдийн нэг С.Мөнхчимэгтэй нэг ангийн төгсөгч П.Оюунбилэг ч Монголбанкинд ажилладаг. АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр хамгаалсан Г.Ариунмөрөн эдүгээ Монголын тэргүүлэх банкны нэг Хаан банкинд ажилладаг юм байна. Э.Мөнхзаяа ч тус банкны ажилтан болжээ. Хас банкинд эдний ангиас гурван төгсөгч бий. Б.Батбаяр, С.Халиунаа хоёр Хас банкны салбарын захирал бол, Т.Нарангэрэл мөн л тус банкны шилдэг залуу ажилчдын нэг. Түүнээс гадна Хөгжлийн банкинд ангийн анд С.Ган-Эрдэнэ, Худалдаа хөгжлийн банкинд Д.Мөнхчимэг нар ажиллаж байна.

Тэгвэл бусад залуусын хувьд мэргэжлээрээ бусад салбарт түүчээлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ангийн дарга Т.Амартүвшин эдүгээ Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д хэлтсийн дарга хийдэг бол Х.Мөнхжавхлан мэргэжлээрээ Сангийн яаманд ажиллаж байна. М.Ахжархын өөрийн төрсөн нутаг Баян-Өлгий аймагт мэргэжлээрээ ажиллаж амьдардаг ажээ. Э.Бадамлянхуа бүсгүй Австралид магистрт суралцаж байгаа бол Ч.Бат-Оргил Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч төдийгүй ИТХ-ын төлөөлөгч. 2009 оны төгсөлтийнхнөөс ганц төгсөгч мэргэжлээ залуу үеийнхэнд өвлүүлэхээр багшилж байгаа нь Б.Галбадрах юм. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч. Ангийнхан нь Б.Галбадрахаар ихээхэн бахархдаг юм байна.

“Анд маань анги хамт олон дотроосоо ганцаар багш болж, мэргэжлээ өвлүүлж явна. Түүний бичсэн сурах бичиг хичээлд хэрэглэгдэж байдагт бид бахархдаг” хэмээн ангийн анд Ч.Бат-Оргил, Н.Баасандорж нар онцоллоо. Тус ангиас нэг хос төрсөн нь Н.Баасандорж, Б.Санчир-Эрдэнэ хоёр юм. Б.Санчир-Эрдэнийн хувьд өмнө нь Хас банкинд ажиллаж байгаад АНУ-ын Засгийн газрын “Fulbright”-ийн тэтгэлгээр Мичиганы их сургуульд суралцахаар эх орноосоо морджээ. Түүний нөхөр Н.Баасандорж мөн л Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаад эхнэрийнхээ араас гэр бүлээрээ явахаар зэхэж буйгаа дуулгалаа. Харин нэг ангийн анд Л.Лувсанцэрэн анги дотроо олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн байсан бөгөөд одоо хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа гэнэ. Н.Очгэрэл бүсгүй ч бизнесийн салбарт нэр төртэй явна. Харин Д.Наранцацрал брокер диллэрийн компанид ажилладаг. Ховд нутгийн залуу Д.Нямдаваа агро бизнес эрхэлдэг бол Г.Энхбат АПУ компанид мэргэжлээрээ судлаач хийж байгааг дуулгалаа. О.Хулангийн хувьд АНУ-д докторант хамгаалж яваа сайхан мэдээтэй байна.

Ийнхүү нийт төгсөлтөөрөө мэргэжлээрээ нэр төртэй ажиллаж яваагаа залуус Эдийн засгийн онолын тэнхимийнхээ багш нартай холбон тайлбарласан юм. 60 гаруй жилийн түүхтэй Эдийн засгийн сургуулийн энэ тэнхимээс төрөн гарсан олон мянган залуус эх орныхоо хамгийн чухал салбар болох эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, салбар бүрт нь манлайлан ажиллаж байгааг онцлох учиртай. Тус тэнхимийг 2009 онд төгссөн энэхүү 23 залуу ч тэдний нэг мөнөөсөө мөн. Залуус амьдралынх нь чиг мөрийг заасан багш нарынхаа алдар нэрийг одоо ч ийнхүү дурсаж байна. Тэд Эдийн засгийн сургуулийн захирал байсан, эдийн засагч Ч.Хашчулуун, анги удирдсан багш Б.Бат, Б.Сувд, Д.Даваадорж, Х.Цэвэлмаа, Б.Бат, Б.Лхагвасүрэн, Т.Оюунбаатар, Д.Баярмаа, Б.Ариун-Эрдэнэ, С.Дөлбадрах, Г.Болормаа, Р.Мөнхтөр, С.Баттулга, Б.Цогт-Эрдэнэ, С.Амартүвшин, Б.Алтанцэцэг нарын эрдэмтэн докторууд байдаг аж.

Залуус багш нарынхаа талаар ингэж дурсч байна. Ангийн анд Н.Баасандорж “Багш нар анхнаасаа бидэнд том зорилго тавьж амжилттай суралцах ёстойг зааж байсан. Зөвхөн мэргэжлийн хичээл орохоос гадна амьдралын ухаанд сургасан олон сайхан зүйлсийг хэлдэг байлаа. Хамгийн энгийн жишээ гэхэд “Эдийн засгийн оюутнууд хотын гудамжинд шүлсээ хаяж болохгүй” гэдэг байсан нь одоо ч санаанаас гардаггүй” гэв. Тэгвэл Ч.Бат-Оргил “Баярмаа багш бол “Та нар азанд хэзээ ч итгэж болохгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаандаа л итгэх ёстой” гэдэг үгс нь амьдрал дээр гарсны дараа л жинхэнэ утга учраа гаргаж байна” хэмээсэн юм. Бас Х.Цэвэлмаа багшийгаа ихэд хүндэлж явдаг нь ярианаас нь ажиглагдаж байсан. Тухайн үед сургуулийн захирал хийж байсан эдийн засагч Ч.Хашчулуун багшдаа оюутнууд ихээхэн ам сайтай байдаг аж. Бас Р.Энхбат багшийг ч бахархан ярьцгааж байлаа. Дэлхийн түвшинд мэргэшсэн чадварлаг багш нар оюутан залууст мэргэжлийн төдийгүй амьдралын их ухааныг заасан бололтой. Тэнхимдээ “өндөр ээж” хэмээн авгайлагдсан Н.Доосмаа багшаа тэд бас онцоллоо. Оюутны дөрвөн жилийн туршид “Өндөр ээж”-ийн ачлалыг үзүүлсэн ачтан гэж байна.

Оюутны дөрвөн жилд хөгжилтэй, хөөртэй дурсамжууд үл дуусна. Эдийн засгийн онолын 2009 оны төгсөлтийнхөн ч оюутан насны дурсамжаа сэргээн ярьцгаасан юм. Анги дотроо хамгийн алиа хошин зантай нь Б.Галбадрах аж. Тэрээр нэг их олон үг яриад байхгүй ч цөөн хийгээд даацтай үгээрээ ангийнхнаа инээлгэж ч чаддаг, дуугүй ч болгож чаддаг нэгэн гэнэ. Харин хамгийн спортлог нь Н.Баасандорж гэлээ. Тэрээр МУИС-ийн сагсны шигшээ багт байжээ. Эдийн засгийн онолын өмнөх төгсөлтүүд бусад ня-бо, банк, санхүүгийн ангийг бодвол олон нийтийн арга хэмжээнд тэр бүр оройлж оролцоод байдаггүй байжээ. Харин энэ удаагийн зочин анги маань тэр байдлыг эвдэж, сургууль, тэнхимийнхээ олон нийтийн арга хэмжээнд идэвхийлэн оролцдог байжээ. Тэд бас паралель анги болох олон улсын эдийн засгийн ангиа дурсана лээ. Залуус Нямка, Галаа хоёрын хөгжилтэй явдлыг дурссан юм. Д.Нямдаваа, Б.Галбадрах хоёр оюутны нэг байр. Анги дотроо тэднийг Том, Жерри гэж хочилдог байж. Д.Нямдаваа нь 180 см өндөр, чийрэг биетэй бол Б.Галбадрах намхан нэгэн болохоор ангийнхан нь ийнхүү хочилжээ. Тэр хоёр нэг удаа Сүхбаатарын талбайд хамт явж байтал спортын арга хэмжээ болж таарч, хүдэр чийрэг биерхүүгээрээ Д.Нямдаваа штанк өргөхөөр болж. Эхлээд 80 кг-ын штанк өргөсөөр 100 кг-ыг өлхөн өргөжээ. Харин 110 кг болтол нэг л өргөж дийлээгүй гэнэ. Гэтэл ангийн анд Б.Галбадрах төв талбай дээр цугласан үзэгч олны дундаас өргөхийг шаардаж, хорон үг чулуудсаар байж. Найзынхаа үгэнд хорссон Д.Нямдаваа хүчлээд өргөтөл өмднийх нь шуумаг задарч олон түмний дунд хөгөө чирсэн явдал болжээ.

Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, сургууль багш нарынхаа нэрийг өндөрт өргөж яваа нэгэн төгсөлт бол МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ангийнхан аж. Тэд энэ онд тохиох төгсөлтийн 10 жилийн уулзалтыг үр бүтээлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан билээ.

Б.ЭНХЗАЯА

С.АНУ-ҮЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *