Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Уг төслийн талаар Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай ярилцлаа.
-Эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах торгон үе бидний өмнө ирээд байна. Энэ үед Ерөнхийлөгч өөрийн санал, төслийг оруулж ирсэн. Энд та ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд нийгмийн амьдралд их хэмжээний өөрчлөлтүүд гарлаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага яалт ч үгүй үүссэн. Дэлхийн аль ч улс оронд өөрчлөгддөггүй Үндсэн хууль гэж байдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж, санаачилсан Үндсэн хуулийн төсөл дээр авахаар ч юм бий, хаяхаар ч юм байгаа.
-Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгож, таван жилийн хугацаатай Их хуралд суух санал гарган түүнийгээ судалгаанд үндэслэгдсэн хэмээн тайлбарлаж байгаа. Иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл авчрах заалт байж болох. Гишүүдийн тоог нэмэх нь хэр зөв юм бэ?
-Уг нь энэ тийм буруу санал биш. Яагаад гэвэл парламент, УИХ-ын тэргүүн чиг үүрэг нь төлөөллийн дээд байгууллага шүү дээ.
Төлөөллийн дээд байгууллага учраас иргэдийг төлөөлөх төлөөлөгчид байх ёстой. Гэтэл манайх 27 жилийн өмнө хоёр сая хүн амтай байх үедээ 76 гишүүнтэй байгаад баталсан нь хүн амын тоотой таарч байсан байхгүй юу. Харин өдгөө манай улс гурван сая хүн амтай болчихжээ. Тэгэхээр сонгогчдын тоо бараг гучин хувиар өссөн гэсэн үг. Дээр нь өргөн уудам газар нутгийн онцлогоос хамаарч тойргоос шалтгаалан одоогийн тогтолцоогоор хүн амын төлөөлөл бүрэн хангагдахгүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоо 76 хэвээрээ байж хэрхэвч таарахгүй. УИХ-ын гишүүдийн тоог өсгөх нь гарцаагүй хийх нэг шинэчлэл. Гэхдээ одоогийн Их хурлын үйл ажиллагаа, нэр хүнд нь ард түмний дунд муу байгаа. Ийм үед гишүүний тоог нэмэхэд ард түмэн дургүй байх нь мэдээж. Цаашид Их хурал парламент гэх байгууллагыг төлөвшүүлье, сонгодог парламентын жишигт нийцүүлье гэвэл төлөөллийн зарчимдаа нийцүүлж энэ тоог нэмэхээс өөр аргагүй. Тоог нэмэхдээ нарийн тооцоотой, хүн амын тоонд нь тааруулж, заах хэрэгтэй. Энэ талаас нь харвал Ерөнхийлөгчийн оруулж буй 108 гэх тоо боломжийн.
Түүнчлэн УИХын сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулна гэж оруулж ирсэн?
-Манай улс Их хурлын сонгуулийг долоон удаа явуулсны зургааг нь мажоритар тогтолцоогоор явуулсан. 2012 онд холимог тогтолцоог оруулж ирж үзсэн. Ер нь мажоритар, пропорциональ тогтолцооны аль алинд нь давуу болон сул тал байна. Мажоритар тогтолцоо дандаа олонхийг шууд гаргаж ирдэг давуу талтай. Пропорциональ тогтолцооны давуу тал нь сонгогчдын саналын тоо гээгддэггүй. Мажоритар тогтолцоогоор сонгогчдын саналын тоо гээгдчихдэг шүү дээ. Жишээлбэл, 2016 оны Их хурлын сонгуулиар нийт ард түмний тавь гаруй хувийн санал авсан улс төрийн нам 65 суудал аваад гараад ирж байсан. Гэтэл 30 гаруй хувийн санал авсан улс төрийн нам есөн суудал авч байгаа байхгүй юу. Энэ нь сонгуулийн тогтолцоо гажигтай, манайд тохирохгүй байна гэдгийг практикаар харуулаад байгаа юм. Улсууд нэг тогтолцоогоор явахаа байчихжээ. Одоо сонгуулийн тогтолцоонуудын давуу болон сул талыг нь шингээсэн холимог тогтолцоо руу шилжиж байгаа чиг хандлагууд дэлхий нийтэд харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ холимог тогтолцооны санал зөв зүйтэй алхам. Онолын хувьд ийм зүйлийг Үндсэн хуульд заах шаардлагагүй боловч манай улстөрчид, хуульчдын хууль тайлбарлах арга барил, онцлогийг харгалзан ийм өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байх шиг байна.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна. Энэ хөтөлбөрийг боловсруулаха хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана. Үүнийг нь Их хурлаар хэлэлцүүлнэ гэж тусгаж, оруулж иржээ. Тэгэхээр шинээр байгууллага бий болгоно гэсэн үг үү?
-Тийм. Одооны төрийн байгууллага, түүнийг дагасан төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд манай улсад хангалттай байна шүү дээ. Гэтэл ийм байгууллагыг шинээр гаргаж ирэх нь хэр зэрэг оновчтой вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Дахиад л шинээр бүтэц, зардал бий болж, нөгөө ард түмний татварын мөнгө чинь үрэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм байгууллагууд хэр зэрэг ашигтай вэ гэдгийг эргэн харах хэрэгтэй. Үүнээс гадна Үндсэн хуулийн 46 дээр төрийн албатай холбоотой нэг хэсэг байгаа. Төрийн албаны бүх юмыг заавал Үндсэн хууль руу заагаад байж, болохгүй. Үндсэн хууль бүх юмыг зааснаараа төгс болдог зүйл биш. Үндсэн хууль өөрөө улс төр, эрх зүйн баримт бичиг. Энд ерөнхий төлөвлөгөө байна. Бусад хуулиуд эндээс салбарлаж батлагддаг. Зарим нарийн зүйлсийг салбар хуулиуддаа зааж өгөх боломжтой байхад Үндсэн хууль руу зааж болохгүй. Жишээлбэл, төрийн нарийн бичгийн даргын заалтыг Төрийн албаны тухай хууль дээр заагаад өгч болно. Харин Үндсэн хуульдаа төрийн албыг хараат бус, шатлан дэвших зарчимд үндэслэсэн төрийн албатай байна. Энэ төрийн алба нь Засгийн газрын харьяанд байна аа гэсэн ийм л нэг өгүүлбэр оруулахад л болоод явчихна шүү дээ. Эрх мэдлийн байгууллага, албан тушаалтан олон байх хэрээр түүнд шунасан ашиг сонирхол, сүлжээ, хуйвалдаан улам нэмэгдэх эрсдэлтэй.
-Сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум дүүргийн иргэд таван жилийн хугацаагаар сонгоно гэсэн байна лээ?
-Энэ заалтад эргэж харах зүйлүүд их байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн нэг дээр Монгол Улс нэгдмэл улс байна гэж заачихсан. Гэтэл сум, дүүргийн иргэдийг тухайн орон нутгаас сонгоно гэдэг нэгдмэл улс чинь өөрөө задарна гэсэн үг. Хоёрдугаарт, хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Иргэдийн хурал орон нутгийн иргэдээсээ сонгогдоно. Засаг дарга шууд сонгуулиар таван жил сонгогдоно. Гэтэл энэ хоёр гарч ирээд үзэл баримтлалын зөрүү гарч ирвэл хэнийх нь зөв байх юм. Хоёулаа сонгогдоод гараад ирчихсэн шүү дээ. Ер нь нэгнийх нь зөв байвал л ажил урагшилна шүү дээ. Түүнчлэн төрийн үйл ажиллагааг орон нутгийн үйл ажиллагаатай хослуулах асуудал дээр бас зөрчилдөөн үүснэ. Гэтэл энэ хуулиар нэгийг нь 100 хувь болгочихоор нөгөө Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд асуудал үүснэ. Сум, дүүрэгт мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй гэсэн үг. Сонгогдсон Засаг дарга манай иргэд өөр зүйл хүсч байна гээд иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаад эхлэхээр улсын нийтлэг эрх ашиг, бодлого хэрэгжихгүйд хүрнэ. Засаг даргын буруу биш шүү дээ. Дахин сонгогдохын тулд иргэдийн хэлснийг хийнэ шүү дээ. Тэгэхээр энэ заалт олон зөрчилдөөнтэй асуудал үүсгэх болчихоод байна. Тэгэхээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зөрчилдөөн орон нутагт буугаад ирэх асуудал үүснэ.
50000+1ээс доошгүй иргэний гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж санал оруулж байгаа. Намын талаар Үндсэн хуульдаа тусгах шаардлага бий юү?
-Энэ заалтыг улс төрийн намынхан янз бүрээр хүлээж авч байгаа. Жишээ нь, энэ хоёр намд зориулсан хууль байна. Бусад нам байхгүй болчихлоо гэж ярьж байгаа. Манай улсад их олон жижиг намууд байна. Одоо байгаа 801-ийг хүн амын тооны өсөлттэй харьцуулан өсгөхөд гэмгүй. Одоогийнх арай бага буюу захын хүн гараад нам байгуулах бололцоотой болчихоод байна. Энэ тоог 30 мянга болгоход зүгээр. Гэхдээ Үндсэн хуульд заавал байх шаардлагатай заалт биш л дээ.
-Ерөнхийлөгчийн санал дээр зургадугаар зүйлийн 2-ыг нийтийн өмч болгож өөрчлөхөөр тусгасан. Энэ өөрчлөлт хэр зөв бэ?
-Нийтийн өмч гэдэг бас их маргаантай. Өмч гэдэг эзэнтэй байх ёстой. Дараа нь хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл нийтийн өмч гэдэг Иргэний хуулиар гурав, дөрвөн янзаар хуваагдана гэж заагдсан, энэ хуулиар уг нь төрийн буюу улсын өмчийн тухай зохицуулах ёсгүй баймаар. Тэгэхээр энэ ангиллаас эхлээд аль өмч нь болж таарах юм. Зургадугаар зүйлийн хоёр дээр хамгийн оновчтой загвар нь улсын өмч байх. Улсын өмчийн эзэн нь ард түмэн. Монгол Улсын ард түмнийг төлөөлөх эрхтэй субьект нь УИХ, ингээд УИХ өмчлөгч байх юм шиг сонин парадокс үүсээд байна.
-Одоогийн зохицуулалт нь “төр” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Засаг даргаас эхлүүлээд хэн дуртай нь эзэмшээд явчихаж байна л даа?
-Төр гэхээр өөрсдийгөө төр гээд андуурчихсан нөхдүүд зөндөө байна. Албан тушаалтнууд өөрсдийгөө төр гэж андуураад байгаа байхгүй юу. Тэгэхээр улс гэвэл илүү ойлгомжтой. Нэр томьёоны хувьд ч зохимжтой. Манайхан анх орчуулахдаа “state” гэдгийг ганцхан төр гэж орчуулсан. Энэ үгийн цаана “улс”, “засгийн газар” гэх мэт олон утга байдаг. Одоо төр гэдэг үг бараг хэрэглэгдэхээ больсон шүү дээ. Тэгэхээр энэ мэт нэр томьёонуудыг цэгцлэх шаардлага гарч ирээд байна.
-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, саналын 48 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Эрүү, иргэн, захиргааны шүүхээр дагнан ажиллана гэх төрөлжүүлсэн заалтыг оруулж ирсэн. Энэ заалтыг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Шүүхийг анхан, давах, дээд шүүх гэж л тогтолцоог нь ангилахгүй бол одооны Үндсэн хуульд заасан шиг аймаг нийслэл, сум дүүрэг гэж ялгавал шүүхийн тогтолцоо чинь зөв хуваарилагдахгүй. Шүүхийн ачаалал, ухаалаг шүүх, шүүхийн зардал гэх мэтээр тооцохоор зарим аймаг, сум бүрийг шүүхтэй байлгах нь хэт зардалтай байгаа юм. Ачааллаас нь хамаараад хоёроос гурван аймгийн дунд нэг шүүх байдаг ч юм уу, ард түмний нөхцөл байдалд тохируулах хэрэгтэй. Өмнө нь ийм өөрчлөлт хийхээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож байсан тохиолдол олон гарсан. Тэрнээс данхайсан бүтэцтэй байлгаж болохгүй, Үндсэн хууль ч гэсэн эдийн засгийн хувьд ухаалаг зохицуулалтыг өөртөө тусгасан байх хэрэгтэй.
Б.АМАРТҮВШИН