Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон.
Цаашдаа төслийн хоёр дахь шатанд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө ёсоор бол 150 гэрийг дулаалах, мөн 10 айлыг цахилгаан холболтын асуудал болон цахилгаан-халаалт гэсэн хоёр үзүүлэлттэй тоолуур тавьж өгөх, мөн гэрийн дулаалгыг хэрхэн сайжруулах, шалны дулаалгыг яаж суурилуулах талаар айл өрхүүдэд зааварчилгаа өгөхөөр төлөвлөсөн гэдгээ мөн танилцуулав. Түүнчлэн төслийн гурав дахь шат буюу 2020 онд 10 мянган гэрийг дулаалах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хотын Захирагчид уламжилсан юм.
Хотын Захирагчийн зүгээс төслийг амжилттай урагшлуулахад нийслэлээс шалтгаалах асуудалд бүхий л боломжоор тусалж дэмжин хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал гэдгийг төслийн багийнханд хандаж хэлэв.
Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, “Наян зургаан мянга дөрвөн зуу” ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.