Categories
мэдээ нийгэм

Цаасан сонины борлуулалт өмнөх оноос гурван хувиар өсчээ


Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2019 оны тайланг хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.

Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд өмнөх оноос 14-өөр өсчээ. Цаасан сонины борлуулалтын тоо өмнө жилээс 3 хувиар өссөн бол сэтгүүлийн тоо өссөн ч борлуулалт 7 орчим хувиар буурсан байна. Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг хорин цагаар, телевизийнх хоёр цагаар тус тус багасчээ.

Мэдээллийн сайтын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 9-өөр нэмэгдэж 2019 оны эхний байдлаар 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хувь өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг ажиллуулж, мэдээллээ түгээн, сурталчилж, хэрэглэгчидтэй шууд харьцаж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал хувийг сэтгүүлч, редактор эзэлж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт сэтгүүл, сонин хоёрын тоо тус бүр нэгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн сонины борлуулалт нийт сонины борлуулалтын 9 хувийг эзэлж байсан бол энэ нь өнгөрсөн жилийнхээс 3,6 хувиар өсчээ.

Н.ЭНХЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *