Үндэсний статистикийн хорооноос Гаалийн ерөнхий газрын статистикийн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн нээж, ҮСХ-ны Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Н.Мөнхбаяр “Статистикийн мэдээллийн үйлчилгээний төрөл”, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын Шинжилгээ судалгаа, түүврийн албан статистикч Ч.Цогзолмаа “Статистикийн мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийх, үндсэн арга техникүүд”, тус газрын Шинэчлэл хөгжлийн албаны ахлах статистикч Г.Ялалт “Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг”, Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт Г.Батбуян “Статистикийн мэдээллийг инфографикаар бэлтгэх нь” сэдвээр мэдээлэл өглөө. Сургалтын төгсгөлд оролцогчдод Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан статистикийн мэдээ гаргахад анхаарах чиглэлээр зөвлөмж өгч, сонирхсон асуултанд хариулав.