Өчигдөр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) орон даяар 09:00 цагт Монголын түүхийн хичээлээр эхэллээ. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 15 мянга гаруй сурагч төгсөж байна. Урьд оны төгсөгчидтэй нийлээд 16 мянган сурагч ЭЕШ өгч байгаа юм. Анх 2006 оны төгсөлтөөс ЭЕШ авч эхэлсэн байдаг. Урьд урьдны жилүүдээс энэ оны төгсөлтийнхөн шалгалтын оноогоо дэлгэцээр шууд харах боломжтойгоороо онцлог. Сүхбаатар дүүрэгт шалгалтын хоёр төв байрлажээ. 45 дугаар сургууль болон Хоёрдугаар сургууль. ЭЕШ-ыг сурвалжлахаар СБД-ийн Хоёрдугаар сургуулийг зорилоо. Хоёрдугаар сургуулийн хувьд 11:20 цагийн үед Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн шалгуулагчид гараад ирчихсэн байв. Физикийн хичээлээр шалгалт өгөх шалгуулагчид эхнээсээ ирж, сургуулийн гадаа цуглажээ. Сургууль руу ороход нам гүм. Анги бүрийн үүдэнд А3-ын цаасан дээр 2620, 2605 гэх мэт дугаарыг томоор бичиж наасан байна. Улаан, ногоон өнгийн сумыг аль анги руу орохыг чиглүүлэн, коридороор цувуулан наасан нь шалгуулагчид цаг алдахгүй ангиа олоход хялбар байв. Монголын түүх хичээлээр шалгалт өгсөн Эрдмийн хөтөч сургуулийн 12а ангийн төгсөгч Б.Дэлгэрмаа ярихдаа “Арванхоёрдугаар ангид ороод л ЭЕШ-даа бэлтгэж эхэлсэн. Түүхийн хичээлээр дүүрэг, нийслэлийн олимпиадуудад амжилттай оролцсон. Хичээлээ сургуулийнхаа түүхийн хичээлийн багштай хамт бэлдсэн. Мөн хувиараа сайн бэлтгэсэн л дээ. Ирээдүйд би олон улсын харилцааны мэргэжилтэй болохоор зорьж байгаа. Энэ мэргэжилд түүх, газарзүйн хичээл чухал болохоор сонгосон. Шалгалт өгч дуусаад хариуг нь шууд дэлгэцээр харуулсан. Би бодохдоо дэлгэцэн дээр шалгуулагчийн зураг гараад оноог нь 800 хүртэлх эрэмбээр нь жагсааж гаргах байх гэж бодсон. Гэтэл хувьчилсан оноогоор биш хоёр тоотоор гаргасан. Би 58 оноо авсан л даа. Түүнийг хувьчилсан оноогоор бодоход хэд болохыг сайн мэдэхгүй байна. 24 цагийн дараа шалгалтад бүртгүүлсэн и-мэйл хаягаар оноог явуулна гэсэн. Би МУИС-ийн Олон улс судлалын ангид элсэх хүсэлтэй байгаа. Одоогоор МУИС-ийн босго оноонд хүрсэн эсэхийг сайн мэдэхгүй юм. Дахиад таван шалгалт өгнө. Монгол хэл, математик, англи хэл, газар зүй, нийгмийн хичээлээр. Өөрийн хэмжээнд шалгалтууддаа сайн бэлдсэн. Өмнө нь заавал өгөх ёстой монгол хэлний шалгалтад 610 оноо авсан” гэв. Монголын түүхийн хичээлийн шалгалтыг Хоёрдугаар сургуульд 40 хүүхэд өгөх ёстойгоос таван хүүхэд шалгалтдаа ирээгүй байна. Хоцорсон тохиолдол гараагүй гэнэ.
ШАЛГАЛТАА ӨГСӨН СУРАГЧИД ДЭЛГЭЦЭЭР ОНООГОО ШУУД ХАРЖЭЭ
Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс 50 машин авч өгчээ. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангасан байна. Тиймээс шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хоригложээ. Хэрэв авч орсон тохиолдолд шалгалтад оруулахгүй аж. Хоёрдугаар сургуулийн орчинд шалгалт өгөхөөр цугласан хүүхдүүд хоорондоо хөөрөлдөн 13:00 цагийг хүлээж байв. 12:20 цаг гэхэд дараагийн ээлжийн физикийн хичээлээр шалгалт өгөх хүүхдүүдийг оруулж эхэллээ. Физикийн хичээлийн шалгалт өгөхөөр ирсэн Л.Намуун “Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн 12а ангийг төгссөн. Манай сургуулийг нэг анги төгсөж байгаа. Одоо физикийн шалгалтандаа орох гэж байна. Түрүү жилээс манай сургуульд физикийн сонгоны анги хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш физикийн хичээлийг дэд сэдвүүдэд хувааж бэлддэг болсон л доо. Сүүлийн хагас жилээс өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалууд дээр ажилласан. Өөртөө төгс итгэлтэй биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд сайн бэлдсэн. Химийн инженер мэргэжлээр Хятад улсын Наньжин хотын их сургуульд суралцахаар төлөвлөсөн байгаа. Хятад хэлний Эрдмийн гүүр сургалтын газраас 100 хувийн тэтгэлгээр дөрвөн жилийн турш суралцах эрх авсан” гэв.
ШАЛГАЛТЫН ТӨВИЙГ 32 БОЛГОЖ ЦӨӨЛЖЭЭ
Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага учир улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 шалгалтын төв байсан бол энэ жил 32 болгожээ. Улаанбаатарт 10 төв зарлагдсан. Хоёр, 24, 28, 45, 48, 52, 84 дүгээр сургууль болон Монголын үндэсний их сургуульд шалгалтыг авч байна. Өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургуулиудад ЭЕШ-аа өгч байгаа юм. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиуд нь Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор, Баян-Өлгий аймагт Гуравдугаар сургууль, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургууль, Орхон аймагт Дөрөвдүгээр сургууль, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21 дүгээр зуун” сургууль, Багануур дүүрэгт “Гүн галуутай” цогцолбор сургуульд тус тус авч байгаа бол бусад аймгуудад аймгийн төвийн Нэгдүгээр сургуульд ЭЕШ-ыг авч байна. Физикийн хичээлээр шалгалт өгч байгаа сурагчдын эцэг эхийн төлөөлөл О.Ундармаа “СБД-ийн 58 дугаар сургуулийн 12в ангийг охин маань төгссөн. Тус сургуулийг энэ жил гурван анги төгсөж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хичээлийн дөрөвдүгээр улирлаас эхэлж бэлдсэн. Өдөр бүр өглөөний 10 цагаас өдрийн 13 цаг хүртэл давтлагаа хийдэг байсан учир охин минь өндөр оноо авна гэж итгэж байна. ЭЕШ-ыг физик, математик, нийгмийн ухаан, монгол хэл гэсэн дөрвөн хичээлээр өгөхөөр сонгосон. ЭЕШ-даа өөрийнхөө чадах хэмжээнд хүртлээ бэлдсэн. Энэ үе амьдралын хамгийн чухал үе нь шүү дээ. Эцэг эх, гэр бүлийнх нь зүгээс охиндоо анхаарал их хандуулж байгаа. Өөрт байгаа бололцоогоороо тусалж, дэмжиж байна. Манай охин багаасаа зураг зурах сонирхолтой. Архитектор, дизайнер, барилгын инженер чиглэлийн ангид орох хүсэлтэй. Охин маань шашны сургуулийн зураг төслийн ангийг маш их сонирхож байгаа. Шашны сургуульд орвол сүм дуганы сэргээн засалт, бурхны гүнгэрваа эсвэл бурхан бүтээх гэх мэт зүйлс хийнэ. Гэхдээ шалгалтынхаа онооноос шалтгаалан ямар их сургуульд элсэхээ сонгоно. ЭЕШ-ын оноог тэр даруйд нь зарлах нь зөв юм. Хүүхдүүд олон хоног шалгалтынхаа оноог хүлээж түгшихгүй, сонголт хийхэд нь хялбар байх юм болов уу гэж бодож байна” гэв.
ШАЛГАЛТЫН ОНООГ БОДОХ АРГАЧЛАЛЫГСОНИРХОВ
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлэл өгөх ажилтантай холбогдон оноог яаж бодох талаар тодруулахад “Авбал зохих оноо нь 100 оноо байсан гэж бодоход түүнээс хэдийг авсныг дэлгэцэн дээр шууд гаргаж байгаа. 24 цагийн дараа бүх шалгалт өгсөн хүүхдийн дүн серверт ороод ирэхэд оноог бодох тусгай аргачлалаар дүнг нэгтгэж бодно. Нэг шалгуулагч 58 оноо авсан байлаа гэж бодоход тэр нь 580 оноо гэж автоматаар ойлгож болохгүй. Хэдэн ч оноо болж болно. Энэ жилийн төгсөгч хүүхдүүдийн дээд ба доод оноог 13 проценттой ногдох томьёогоор боддог олон улсын аргачлал бий. Тэгэхээр энэ жилийн Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн нийт хүүхдүүдийн онооны дээрээсээ 13, доороосоо 13 хувьд дүйцүүлэн бодно. 24 цагийн дараа шалгалтад бүртгүүлсэн и-мэйл хаягаар оноо нь очно. Тиймээс тухайн шалгуулагч би 58 оноо авчихлаа, босго оноондоо хүрэхгүй нь гэж сэтгэлээр унах зүйл байхгүй. Тухайн хүүхэд тусгай аргачлалаар бодоод хэдэн оноо авахыг хэлж мэдэхгүй” гэв.
Хоёрдугаар сургуульд СБД-ийн ойролцоох хамран сургах тойргийн 24 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид шалгалт өгөх юм. 12:00 цагийн орчимд физикийн хичээлээр шалгалт өгөх 200 гаруй төгсөгч Хоёрдугаар сургуулийн үүдэнд цугласан байв. СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хоёр цагдаа ирж шалгалт авах төвийн эргэн тойрны аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байлаа. СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлагч Б.Батболд хэлэхдээ “Шалгалт авах байрны ойр орчимд хяналт хийж байна. Одоогоор гарсан зөрчилгүй тайван. Шалгуулагчдын аюулгүй байдал, анхаарал сарниулах элдэв үйлдэл гаргуулахгүйн тулд анхааран ажиллаж байна” гэв.
Зохион байгуулагчдын зүгээс шалгалт өгч буй шалгуулагчид бичиг баримтаа сайн шалгаж, цагаа баримтлахыг анхааруулж байлаа. Өчигдрийн байдлаар СБД-ийн Хоёрдугаар сургуульд шалгалт өгч буй шалгуулагчид хоцрох нь харьцангуй бага байсан ч Монголын түүхийн хичээлийн шалгалтад бүртгүүлсэн 40 хүүхдээс 34 нь ирсэн. Зургаан хүүхэд ирээгүй гэнэ. Амьдралаа шийдэх мөч учраас шалгуулагчид өөрсдөөс шаардах зүйлүүдийг бүрэн бүтэн шалгаж, анхааралтай хандах ёстойг дахин дахин анхааруулж байлаа. Өдрийн 14:40 цагт физикийн хичээлийн шалгалтын цаг дуусч, шалгуулагчид гарч ирлээ. Тус хичээлээр шалгалт өгсөн 31 дүгээр ахлах сургуулийн 12б ангийн төгсөгч Н.Хатантөмөр “Би инженерийн мэргэжлээр сурах зорилготой. Тиймээс сүүлийн гурван жил физикийн хичээлээр бэлдсэн. Налайх дүүрэгт байдаг Герман-Монголын хамтарсан их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байна. Хүүхдүүд ихэнх нь өмнөх жилийн ЭЕШ-ын материалыг харж бэлддэг. Энэ жил өмнөх жилийн материалаас хамаагүй өөр асуултууд ирлээ. Яагаад гэвэл хичээлийн цөм хөтөлбөр нь өөрчлөгдсөн гээд судалж, бэлтгэж байсан хоёр том сэдэв хасагдсан байна. Тэгэхээр нэлээд хүнд байлаа. Өөрчлөлт орсныг сүүлд мэдсэн болохоор асуудалтай байсан. Бэлдсэний дагуу мэддэг зүйлүүд олон ирсэн л дээ. Түүнийгээ дагаад мэдэхгүй өөрчлөгдсөн зүйлүүд ч их ирлээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн хийсэн л гэж бодож байна. Дэлгэцэнд гарсан оноо нь 68 гэсэн. Энэ дундаа харьцангуй өндөр оноо авсан бололтой. Дотроо их л баяртай байна” гэв. Монголын түүхийн хичээлээр шалгалт өгсөн нэгэн шалгуулагч нэг асуултад адилхан хоёр хариулт байсан. Алийг нь дугуйлахаа мэдэхгүй зохион байгуулагч багш нарт хэлэхийг бодсон ч шалгалтын дундуур хүний анхаарлыг сарниулж түвэг удахгүй гэсэндээ асууж чадаагүйгээ учирласан юм. ЭЕШ өнөөдөр 09:00 цагаас хими, 13:00 цагт газар зүй, 16:30 цагт англи хэлний хичээлийн шалгалтаар үргэлжилнэ.