Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Зээлийн хүүд хатуу тааз тогтоох жишиг оновчтой шийдэл биш

Монгол Улс болон Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд МҮХАҮТ, Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын хамтарсан уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй Европын холбооны улсууд руу экспортлох бүтээгдэхүүний талаар болон бусад асуудлаар ярилцлаа.


-МҮХАҮТ, Европын холбоо хооронд худалдааг дэмжих, хөнгөвчлөх болон нэмэгдүүлэх асуудлаар талууд санал солилцож байна. Манай улсын талд тулгарч байгаа ямар асуудал байна вэ?

-Монгол Улс Европын холбооны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй экспортлох боломжтой болсон.Гэвч одоо экспортолж байгаа бүтээгдэхүүн цөөн нэр төрлийнх байгаа. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр Европын холбоотой хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ноос ноолуур, гоо сайхны косметикийн бүтээгдэхүүн гээд хэд, хэдэн нэр төрлийг гаргаж байна. Энэ сургалтын гол зорилго бол яаж Европын орнуудын хэрэглэгчдэд таарсан бүтээгдэхүүнийг, тохирсон сав баглаатайгаар, зах зээлд гаргах вэ гэдгийг бүх үе шатанд зааж зөвлөх, Европ руу экспортлох ажил хийгдээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа. Бидэнд хэдий ийм таатай нөхцөл байгаа ч манай бизнес эрхлэгчид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүн дээр тарифын бус хүндрэл гэж гардаг. Тухайн улс орны стандарт, шаардлагад манайх төдийлөн нийцүүлж чаддаггүй. байна. Үүнийг яаж даван туулах вэ гэдэгт бидний хамтарсан төслүүдийн үр дүн оршино. Үүнтэй холбоотой мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байр дээрх дадлагажуулах гээд маш олон ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Европын холбооны төлөөлөгчид хэрэгжүүлж байгаа төслүүд 1-2 жилийн дараа эерэг үр дүнгээ өгнө онцолж байсан. Европын холбооны зах зээл хэр өргөн бэ?

-Монголд чөлөөт эдийн засаг хөгжөөд 30 жил болж байна. Үүнд нэг талаас хурдтай, давуу талтай, ололттой зүйл маш их байгаа ч нөгөө талаас бид өнөөдрийг хүртэл суралцсаар л байна. Европын холбоо 500 сая хүн амтай, том зах зээл биш ч худалдан авах чадвар асар өндөртэй. Тэгэхээр бид Европын холбооны улсуудын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийг Монголд байгуулах замаар технологи, мэдлэг шилжүүлж авах нь зайлшгүй шаардлагатай. Тэгж байж бид тэр хэрэглэгчид нь таарсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх талаар ойлгоно. Хамтарч байж зах зээлд гарна. Тэгж чадвал магадгүй бусад улс оронд бүтээгдэхүүнээ гаргах илүү нааштай боломж бий болох юм болов уу.

Европын холбооны улс 30 жилийн хамтын ажиллагааны ойн хүрээнд нэг чухал асуудал ярьж байгаа нь Европын холбооны улсуудын нэгдсэн танхимыг Монгол Улсад байгуулах тухай юм. Тэгэхээр үүнийг тэд ярилцаж байгаад шийдэх байх. Хэрэв Монголд байгуулбал бидний хамтын ажиллагаа илүү ойр болж, танхимын үндсэн зорилго болох бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг гадны зах зээл рүү экспортлох ажил нэг алхмаар урагшилна.

-Манай улсын хувь экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр мөш цөөн. Нүүрс, зэс, ноолуурыг л гаргаж байгаа. Нэг хөлтэй эдийн засгаа солонгоруулахад Танхимын зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Уул уурхайн түүхий эдийн гол худалдан авагч нь манай урд хөрш. Тэгэхээр уул уурхайн бус түүхий эд, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолно гэхээр манайд байгаа давуу тал бол хөдөө аж ахуй болчихоод байгаа юм. Гэтэл хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд махнаас бусад нь айхавтар үнэд хүрч чадахгүй. Ноолуур гэхэд 20 гаруй хувийг нь дотооддоо боловсруулалт хийж байна. Бусдыг нь боловсруулж чадахгүй байгаа. Тиймээс давуу талаа бид бүрэн дүүрэн ашиглах ёстой. Европын холбооны улсууд цаг уурын хувьд дөрвөн улиралтай. Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Үүн дээр бид илүү маркетинг, брендингийн асуудлыг хөндөх ёстой байх. Өөр нэг асуудал бол арьс ширний салбар үнэ цэнэтэй байж чадахгүй, орхигдчихоод байна. Арьс ширийг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний түүхий эд гэж бодохоос илүү өөр тохиромжтой байж болох ажиллагааг сонгож болно. Жижиг арьсан эдлэлүүд гэх мэт. Эсвэл бусад бүтээгдэхүүний дайвар эд түүхий болгох боломжууд байна. Өнөөдөр адууны шир Монголд хаягдаж байна гээд бөөн асуудал болж байна. Адууны арьсаар хүний эрүүл мэндэд хэрэгтэй нэг төрлийн бүтээгдэхүүн болох желатинийг хийгээд экспортлох бүрэн боломж байна. Энэ бол гадны орнуудад шинээр яригдаад эхэлчихсэн, маш их эрэлт хэрэгцээтэй, үнэтэй бүтээгдэхүүн. Бид үүнийг судлаад хамтраад хөгжүүлээд явахад давуу тал байна.

-Импорт давамгайлсан өнөөгийн зах зээлд ам.долларын савлагаа маш их нөлөөтэй. Ам.доллар ингэж савлах гол хүчин зүйл нь улс төрийн шийдвэр болоод байна гэж харагдаж байна?

-Тоог харах юм бол сүүлийн жилүүдэд экспортын баланс илүү ашигтай тусаад байгаа. Энэ нь өөрөө уул уурхайн түүхий эдийн үнэ ханш өссөн, гаралт нэмэгдсэнтэй шууд холбоотой. Баланс эерэг байгаа, импорт тодорхой хэмжээгээр буурсан үед ам.долларын ханшийг өсгөнө гэдэг мөнгөний бодлого өөрөө зөв байж чадахгүй байгаатай холбоотой. Эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт хэтэрхий ихэслээ, үүнийгээ Монголбанк хянаж чадахгүй, дорвитой үйл ажиллагаа явуулахгүйгээр зах зээлээ хэтэрхий хумьчихаад байгаа зүйл ажиглагдаж байгаа. Энэ бүрийг онолын хувьд зөв балансжуулах шаардлаагтай. Ханш өсөх нөхцөл өнөөдөр байхгүй. Уул уурхайн түүхий эдтэй холбоотой хангалттай валютын урсгал орж ирж байгаа. Харин төдийлөн нэмэгдэж чадахгүй байгаа нь гадны хөрөнгө оруулалт. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд улс төр тогтвортой байх, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах гээд хийх ажил олон байна.

-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Бизнес эрхлэгчдийг сүүлийн үед баалах, чичлэх хандлага нэмэгдэх шинжтэй. Бизнес эрхлэгчдийг хамгаалах, дэмжих гол байгууллагын байр суурь үүн дээр ямар байна вэ?

-Төр гэдэг татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилж нийгэм, ард иргэдийнхээ асуудлыг засч залруулах үндсэн үүрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа татвар төлөгчдийг ямар нэгэн байдълаар үйл ажиллагааг нь хааж, боох, айлгаж, ичээх, хохироох нь төрийн хийж болохгүй үйлдэл. Тэгэхээр бид төр, нийтийн эрх, хувийн хэвшлийг зөв ойлгож харилцан бие биенээ зөв шүтэлцэж байж ажил урагшлах учиртай.

Өнөөдөр эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэх хангалттай татварын орлогыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа. Үүнийг зөв зарцуулах үүргээ л төр хүлээхээс биш, тэдний үйл ажиллагаа руу дайрч, давшилж болохгүй. Тийм байх ёстойг хуульд тодорхой заагаад өгчихсөн. Харин бүх шатанд хуулийг завхруулж байгаа хүмүүст энэ асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, тухайн төр, Засгийн газрын бодлого, байр суурь маш тодорхой, ил тод, ялангуяа хувийн хэвшлийг дэмжихэд тууштай чиглэсэн байх ёстой. Үүний эсрэг бизнес эрхлэгчид нэгдэж эрх ашгаа хамгаалах нь чухал гэдгийг тал, талдаа ойлгодог болж. Танхим хувийн хэвшлийг хамгаалж төртэй зөв зүйл дээр нь дэмждэг, болохгүй зүйл дээр нь анхааруулдаг, магадгүй шаардлага эсэргүүцлийг хүргэж ойлгуулахын тулд ажиллана.

-Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд хүлээж авсангүй. Энэ хуульд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг үргээсэн зүйл заалт олон байгаа гэх юм?

-Танхим бол бизнес эрхлэгчдийг шударга жигд байлгая. Бид татвараа төлж байгаа бол татварыг хурааж байгаа төрийн байгууллагынхан хуулийг тэнцүү эрх мэдэлтэй хэрэгжүүлье. Хэн нэгэн асуудалд давуу, хувийн субьектив байдлаар хандаж болохгүй. Мэдээж дэвшилттэй олон зүйл бий. Гэхдээ үүнийгээ бүх хүнд хүлээн зөвшөөрөхүйц шударга болгоё гэж ярьсан байгаа. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй. Тэгэхээр энэ үйл явц цааш үргэлжлэх байх.

Дараагийн чухал Хууль хөдөлмөрийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Үүн дээр бас Танхим гишүүн байгууллагуудтай хэлэлцүүлэг хийх замаар амжилттай хамтарч ажилласэн. Бас Зөвшөөрлийн хууль гэж маш чухал хууль бий. Энэ бол Монголын эдийн засаг бизнес эрхлэгчдийг орон зайг тэнцүү хуваарилах чухал хууль. Үүн дээр урьдчилсан 4-5 хэлэлцүүлгийг зохион байгуулж саналаа нэгтгэж өгсөн. Саналууд хуульд хэрэв тусвал бид дэмжиж ажиллана.

-Зээлийн хүүгийн тааз тогтоох хуулийн төсөл УИХ дахь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх товоо хүлээж байна. Зээлийн хүүд тааз тогтоох нь зөв үү?

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэдэг дээр компани ч, хувь хүмүүс ч санал нэгддэг. Тэгэхийн тулд бид зээлийн хүүг өндөр болгодог суурь хүчин зүйлүүдээ яаж эмчлэх вэ гэдэг дээр анхаарах ёстой юм. Үүнд улс орон эдийн засгийн тогтвортой байдал чухал. Тэгж байж манай өөрийн зээлжих зэрэглэл сайжирна. Тэр цагт зээлийн хүү буухаас биш, хатуу тааз тогтоодог жишиг оновчтой шийдэл биш.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *