Categories
мэдээ нийгэм

Морингийн давааны 1,2 километр хатуу хучилттай авто замын нээлтийг хийлээ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүрэгт ажиллаж, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2,8 километр хатуу хучилттай авто зам, 10 дугаар хороо буюу Морингийн давааны 1,2 километр хатуу хучилттай авто замын нээлтийг хийж, барилгын ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай зорчих боломжоор хангах зорилгоор нийслэл хотод авто замын барилгын ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа билээ.

Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2,8 километр авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ди Вэй Кэй Би” ХХК шалгарч, захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлж байна. Харин Морингийн давааны 1,2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Заабар” ХХК, захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг мөн “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлж байгаа ба энэхүү хоёр замын барилгын ажлыг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дээрх замууд ашиглалтад орсноор орчны тоосжилт багасаж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдан, нийтийн тээвэр явах бололцоо бий болж, нийт иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх юм.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нь 10 мянга орчим хүн амтай бол Морингийн давааны хэсэгт 770 өрхийн 3000 орчим иргэн амьдардаг бөгөөд 1999 оноос эхлэн суурьшлын бүс бий болсон ч нийслэлийн авто замын сүлжээнд холбогдолгүй өдийг хүрсэн юм. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019-2020 оны Нэгдсэн төсвийн тухай хуульд саналаа хүргүүлж, дээрх хоёр чиглэлийн авто замын барилгын ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг тусгуулснаар Хан-уул дүүргийн 9, 10 дугаар хороо ийнхүү хатуу хучилттай авто замд холбогдохоор боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *