“Өдрийн сонин”-д “Бат-Үүл бичиж байна” хэмээх булан гарч эхэллээ. Э.Бат-Үүлийн нийтлэлүүд нийгэмд ихээхэн сонирхол татдаг. Уншигч та бүхэн Э.Бат-Үүлийн нийтлэлүүдийг “Өдрийн сонин”-ы даваа гариг бүрийн дугаараас хүлээн авч унших боломжтой юм. Энэ удаад түүний “Бүслэгдэж буй ардчилсан Монгол” нийтлэлийг хүргэж байна.
Бүслэгдэж буй ардчилсан Монгол
Тэр жил Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонирхож байгаа тухайгаа манай нэгэн өвгөн телевизээр ярьсан нь олон залуучуудын дүргүй хүргэсэн бололтой,мөнөөх хөгшнийг “жалгынхаа асуудлыг харахгүй байж дэлхийн тухай дэмийрч байна”гэх зэргээр буруушаасан коммент харамгүй урссан юм.
Үнэндээ өвгөний зөв байсан. Юу гэвэл Монгол Улсын дотоод байдал нь хоёр хөршийн байдлаас бараг л зуун хувь хамаардаг гэхэд болно. Харин хоёр хөршийн байдал Америкийн ааш аягаас багагүй шалтгаалах аж. Баабарын “XX зууны монголчууд” ном нь Монголын түүхийг “дэлхийн байдал” хэмээх хөрсөн дээр буулгаж бичсэнээрээ гайхамшигтай бүтээл. Түүнээс өмнөх түүх бичлэг “ангийн тэмцэл” гээчид суурилсан Зөвлөлтийн түүхчлэхүйн школоор бичигддэг байлаа.
Хоёр хөрш маань энэ дэлхий дээрх их гүрнүүд болохын хувьд гүрнүүдийн “зодоонд” гол оролцогчид, харин тэр хоёр маань яаж оролцож байгаагаас манай дотоод байдал бүрэн хамаарч байсныг ХХ зууны түүхээр дамжуулан Баабар бидэнд харуулсан.
Хоёр хөршид хувьсгал болбол манайд хувьсгал болно,хоёр хөршид иргэний дайн болбол тэр нь манай нутаг дээр үргэлжилнэ, хоёр хөршид ангийн тэмцэл болбол манайд мөн ангийн тэмцэл болно, хоёр хөршид хүн ардаа хэлмэгдүүлбэл манайд бас л тийм юм болно. Баабарын энэ түүхчлэхүйн шинэ хандлага монголчуудад нөлөөлсөн нь мөнөөх өвгөний байдлаас харагдаад байгаа хэрэг. Ганц тэр өвгөнд гэлтгүй л дээ.
Чухамдаа “XX зууны монголчууд” номын түүхчлэхүй нь Монголын өргөн олон уншигчдын бодол сэдэлд их нөлөөлсөн. Үүнийг манай телевизүүдийн хамгийн их үзэгчидтэй мэдээний нэвтрүүлгүүд нь олон улсын тойм, од хөтлөгчид нь олон улсын тоймчид байдгаас мөн харж болно.
Залуу тоймчдынхоо олон улсын мэдээний тайлбарыг үзээд байхад хоёр хөрш маань өдгөө “нуман тулгуурт орсон” байдалтай байна. Орос, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эдийн засгийн хоригт орж хүндэрлээ.
Хятад, АНУ-тай ид худалдааны дайн хийж байна.
Угаасаа өрсөлдөгчийнхөө эдийн засгийг сулруулах зорилготой хориг болоод худалдааны дайны аль аль нь хоёр хөршийн эдийн засгийг доройтуулах өндөр эрсдэл дагуулж буй нь тодорхой.Энэ эрсдэлээс эмээсэн хоёр хөршийн удирдагчид нь эрх мэдлээ нэмэгдүүлэн нийгмээ улам бүр дарангуйлах боллоо.
Хятад нэг хүний дарангуйллаас нэг намын дарангуйлалд шилжэн “либералчлагдаж” байтлаа эргээд нэг хүний дарангуйлал руу шилжлээ. Нэг хүний дарангуйлалд шилжээд зогсохгүй, технологийн дэвшлийг ашиглан хүмүүний түүхэнд урьд хожид байгаагүй төрөөс иргэнээ цагдан хянах хяналтын тогтолцоог бий болгочихлоо. Хятадын төр одоо тэрбум гурван зуун сая хүнийг нэг бүрчлэн,бүр аягүйдвэл “хүндэрч байхад” нь хүртэл хянах бололцоотой гэнэ! Ингэж чадсанаа саяхан, стадион дүүрэн үзэгч дундаас нэг гэмт хэрэгтнийг ухаалаг дурангаар танин илрүүлсэн явдлаар далимдуулан ард түмэндээ зориуд харууллаа!
Орост “Путин-сказочный” гэж твиттердсэнийхээ төлөө сөрөг хүчний зүтгэлтэн шүүхэд дуудагдаж байна. Путиныг егөөдөж хошигнох (муулах ч биш шүү!) нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Ийм хэргийг үйлдвэл 1,2 саяаас 12 сая хүртэл төгрөгтэй тэнцэх торгуультай, бас 15 хоногоор баривчлан саатуулах ялтай аж!
Манай хоёр хөрш; эдийн засгийн доройтол, ардчилал хоёр “хөтөлцвөл” нийгмийн гамшиг болно хэмээн маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол бас чиг үндэсгүй юм биш.
ХХ зууны хоёр дахь аравдаар Орос, Хятад хоёр эдийн засаг нь сул дорой үед ардчилсан улс болох гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Тэгээд аль аль нь иргэний дайнд хүрсэн нийгмийн аймшигт гамшиг руу халтиран унасан билээ.
Түүхийнхээ энэ үеийг жишээ нь, Оросын түүхчид “цусаар угаагдсан Орос” хэмээн нэрлэсэн байдаг юм. Хятадын түүхчид, өөрийнхөө түүхийн мөн үеийг бас л ингэж халаглан үздэг. Самуун цагийн гамшгаас хоёр орон Сталин, Мао Цзэдун гэх мэтийн “мангас” мэт дарангуйлагч нарын хүчээр, асар их үнэ төлөн байж гарчээ.
Түүхийн эл сургамж одоо хэр нь тэдний зүрхэнд шар ус хуруулсаар байдаг бололтой. Ийм гэдэг нь; Хятадын удирдагчид тэвдэхдээ, Тянь ань мэний талбайд оюутнуудын тайван жагсаалыг цус урсган дарсан хэрэг; Оросын удирдагчид мэгдэхдээ, Майданы бослогын дараахан, Сочийн өвлийн олимп өнгөрмөгц Крымийг булаан эзэлсэн явдал зэргээс харагдана билээ.
Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой хэмээн чин сэтгэлээсээ сүслэн залбирч “сүүгээ өргөдөг”.Тэгэх нь ч аргагүй. ХХ зуунд тохиосон хоёр хөршийнхөө дотоодын самуурал, доройтол, хүчирхийлэл зэрэгт Монгол маш ихээр чирэгдэж зүдэрч байсан. Бас хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг даган манай орон дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө магнайлсан тохиолдол ч гарсан. Ийнхүү хоёр хөршийнхөө унахад нь унаж, босоход нь босдогоо монголчууд маш сайн мэддэг болсон юм.
Тэгээд ардчиллын үед гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэй харилцах харьцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон билээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах” чиглэлийг баримтлахаа нотолжээ.
90 оны ардчилсан хувьсгалаас өмнө, Монгол Улс Зөвлөл Холбоот Улсаас Хятадын эсрэг “довтлох гол түшиц газар” байсан гэдгийг бодолцож үзэхүл,хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах шинэ чиглэл бол тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод гарсан “хувьсгалт эргэлт” мөн юм.
90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс энэ чиглэлийг тууштай баримтлан хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж,сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан байна.
Ардчиллын үе бол манай гадаад бодлогын хамгийн гайхалтай үе байсан. Чухам энэ үед л ардчилсан Монгол нь хоёр хөршдөө хичнээн хэрэгтэй, тустай болохоо бүрэн дүүрэн нотолж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз!
Гэтэл сүүлийн үед Монголын ардчилалд дайсагнах дотоодын хүчийг гаднаас өөгшүүлэн далдуур дэмжсэн байдал харагдаад байна гэх боллоо. Энэ тухай бичсэн Баабарын “Хагаралдуулаад захир!” хэмээх нэртэй нийтлэлээр цуурайтаж буй “түгшүүрийн дохио”-г анхаарахгүй байхын аргагүй. Баабар, 1930-аад оны “гаслант” түүх давтагдах гэж буйг монголчууддаа анхааруулж байна!
Монголд дарангуйлал тогтох юм бол манай хоёр хөршид тун муу гэдэг нь хоёр хөршийн ямар ч боловсролтой улстөрчид, төрийн зүтгэлтэнд ойлгомжтой баймаар. Учир нь дарангуйлал тогтсоны дараа “…дарангуйлагчийн шалиг занг маллах нь…” амаргүй бөгөөд өндөр үнэ өртөгтэй ажил. Санаанд оромгүй эрсдэл дагуулна. Өөрт нь ашигтай байвал ямар ч хор найраанд орж мэдэх дарангуйлагчаас болоод хоёр хөрш маань бие биенээ сэрдэж суувал юу нь сайхан байх билээ!
Хэзээд, шалиг болоод найдваргүй улстөрчид бол дарангуйлагчид л байсан юм шүү дээ. Нэн ялангуяа жижиг орны том амбицтай дарангуйлагч бол шалиг болоод зальхай байдаг нь замгүй билээ!
Тэгэхээр,түүх давтагдах гэж байгаа бол Марксын хэлсэнчлэн “…хоёр дахь удаадаа шог жүжгийн байдлаар гарч ирдэг…”. Хэрэглэгээний соёл иргэншилд шилжсэн ХХI зууны “Чойбалсан”-ийн хойд дүрээр, Ардын намын генсек лугаа адил сэжгийн “жижиг жулик” тодорч хоёр хөршийн хооронд тоглоно доо!