УИХ-ын чуулганы хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолыг батлав. Тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажилладаг албан тушаалтны сарын цалингийн хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэн Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалтантай ажил цалинтай байхаар тогтоохоор төсөлд тусгасан байна. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь дэмжиж, баталлаа.
Мөн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулжээ. Эдгээр албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Төрийн албаны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулган өндөрлөв.