Categories
мэдээ цаг-үе

Ахмад дайчин М.Чулууны охин Цэнджав: Аав минь Халхын голын тулалдаанд домогт 22 дугаар морьт хороог удирдаж байсан


М.Чулуун гэргий Памаа, том охин Цэнджав, хүү Цэдэнбалжир нарын хамт. 1953 он.

Халхын голын тулалдаанд Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн удирдсан Матадын 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороог даргалж байсан нэгэн бол олон түмнээ “Одонт” хэмээн алдаршсан Мөнхийн Чулуун юм. Тэрбээр 1932-1939 онд Монголын зүүн хязгаар Дорнодод эх орны даалгавар хүлээж галын шугам, дайны талбарт тулалдсан юм. 1939 оны наймдугаар сарын 24-нд Японы эсрэг өргөн фронтоор давшилт явуулж, япончуудыг хөөгөөд маргааш нь буюу 25-нд Баянцагааны тулалдаанд өргөн фронтоор тулалдахад домогт 22 дугаар морьт хороог удирдаж байсан М.Чулууны баатарлаг гавьяаг мартах учиргүй. Ингээд “Миний аав” буландаа Халхын голын эрэлхэг хөвгүүдийн нэг, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Чулууны охин Цэнджавтай уулзаж ярилцлаа.


-Танай аав Увс нутгийн хүн байх шүү. Аавынхаа нутаг ус болоод ардын цэрэгтэй холбогдсон үүх түүхээс ярихгүй юу?

-Дөрвөд далай хааны Жажин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Тэс сумынхан “Одонт” хүүгээрээ буюу манай ааваар бахархдаг юм. 1921 онд 18 настайдаа ардын журамт цэрэгт элсэж баруун хязгаарт анх байлдахдаа “газарчин” цэргээр явсан тэр цагаас хойш 30 жил буюу 1951 он хүртэл зөвхөн эр цэргийн амьдралаар амьдарсан бахархалт түүхтэй хүн. Аав минь Равдангийн удирдсан 160 гаруй хүнтэй салбар ангиас авхаалж самбаагаараа шалгаран тийнхүү баруун хязгаарын тулалдаанд газарчин цэргээр явж түүхэн гавьяа байгуулсан тухай Цэргийн түүхийн архивт тэмдэглэгдэн үлджээ. Эх орноосоо хөөгдөн Тагна Тувагийн чиглэлээр хил нэвтэрч ард олныг түйвээж байсан цагаантны 500 гаруй цэргийг “Тагна” уул, Бөхмөрөний нутаг Хөшөө мод, Алтай, Байтаг Богдын уулсаар хоёр жилийн турш мөрдөн хөөж устгахад дайсны цэргийн байрлал зэвсэг, хүн хүчийг тандаж удирдлагадаа тухай бүр илтгэж байснаар ялалтад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнээс гадна 1923 онд Ховд хотыг цагаантны үлдэгдлээс чөлөөлөх дайнд оролцож явжээ. Уг үйл явдлын дараа Хатанбаатар Магсаржав хэсэг залуусыг цэргийн эрдэмд сургахаар нийслэл хүрээнд дагуулж ирсний нэг нь М.Чулуун байсан бөгөөд энэ тухай дурсамждаа бичиж үлдээсэн байдаг. 1923 оны есдүгээр сард нийслэл хүрээнд ирж Ардын цэргийн нэгдүгээр морин бригадын хүнд пулемётын хороонд алба хаахдаа орос, монгол сургагчдаар цэргийн эрдэм заалгав. Сурсан эрдмийн шидийг үзүүлж 1926 онд хүнд пулемётын наводчик болсон байна. 1927 оны дөрөвдүгээр сараас салааны туслах жагсаалын дарга, хот хамгаалах харуулын суманд салааны даргаар ажиллаж, хэв журам сахиулахаас гадна нийслэлийн онцгой чухал газруудыг хамгаалдаг байв. Нийслэл хотын цэргийн хүрээнд 1932 он хүртэл ажиллан, цэргийн эрдэмд боловсорсон шилдэг боловсон хүчний нэг боллоо.

-Халхын голын дайныг 1930-аад оноос эхтэй гэж судлаачид хэлдэг. Үүнийг нь бататгах гэсэн мэт танай аав Чулуун эх орны зүүн хязгаарт 1932 оноос томилогдож үүрэг хүлээсэн байдаг?

-Аавын минь зүүн хязгаарт ажилласан найман жил бүхэлдээ дайн тулааны хүнд бэрх цаг үе байлаа. Тэр жилүүдэд тэрбээр Дорнодын хил орчмын ардын армийн бараг бүх салбар ангиудад шилжин сууж эх орныхоо дархан хилийг хамгаалж байв. 1932-1939 оны тавдугаар сар хүртэл Дорнодын хил орчмоор том жижиг тулгаралтууд үргэлж болж, дайсны зүгээс өдөөн хатгалга хийх, худаг ус хордуулах зэргээр байнгын түгшүүртэй байжээ. Ингээд аав 1932 оны зургадугаар сараас Чоно гол дахь тусгай суманд салааны дарга, 1934 оны наймдугаар сараас Тамсагийн дивизийн 15 дугаар морьт хорооны хоёрдугаар суманд салааны даргаар, 1936 оны арванхоёрдугаар сараас мөн хорооны хүнд пулемётын сумангийн даргаар ажиллав. 1937 оны нэгдүгээр сараас Матадын наймдугаар дивизийн 23 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн даргаар, 1939 оны тавдугаар сараас мөн дивизийн 22 дугаар морьт хорооны даргаар тус тус ажиллаж, дайн тулааны хүнд үед дайчин нөхдөө хошуучлан тулаан бүхэнд ялалт байгуулж байлаа. Аав Чулуун маань Халхын голын дайны өмнөх жилүүдэд их бага олон арван тулгаралт, тулалдаанд ялалт байгуулж байсан тухай түүхийн баримтанд тулгуурлан өгүүлье.

1935 онд түүхэнд нэрлэснээр “Халхын сүм”-ийн орчимд болсон хилийн будлианд харуулаа удирдаж, Японы морьт цэргийн суманг бүр мөсөн устгасан нь хүч тэнцвэргүй анхны тулаан байсан гэдэг. Эндээс дайсны олон арван амьд хүч, зэвсэг техникийг олзлон авчээ. 1936 онд М.Чулуун заставын даргаар ажиллаж байв. Энэ үед “Булан дэрс”-ний харуулаар хил зөрчсөн Японы бүлэг цэрэг, “Алаг морьт”-ын харуулаар цөмрөн орж ирсэн Японы морьт цэргийн ангийг эх орныхоо торгон хилээс хөөн гаргасан байна. Мөн онд “Адаг дулаан”-ы харуулаар нэвтэрсэн Японы морьт цэргийн ангийг бүрмөсөн бут цохиж устгажээ. Энэ бүхэн зөвхөн аавын минь удирдсан анги салбарт төдийгүй Монгол орны хувьд “Зарлаагүй дайны оршил” байлаа. Энэ бүхнээс харвал Халхын голын дайн нь зөвхөн 1939 оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд болоогүй бүр 1930-аад оны эх, дунд үеэс эхлэлтэй гэдэг зарим түүхчдийн үг батлагдаж байгаа юм.


-Өнөө жил Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Аавынхаа Халх голын дайнд хэрхэн оролцсон тухайд дуулж сонсч байснаа яриач?

-Түүхэнд тэмдэглэснээр Халхын голын дайн “албан ёсоор” эхлэх үед цэрэг эрийн амьдралд аль хэдийнэ хатуужсан М.Чулуун наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны хоёрдугаар сэлэмт сумангийн дарга, ахмад цолтой болсон байв. Аав минь Халхын голын байлдааны эхний тушаалыг 1939 оны тавдугаар сарын 6-нд дивизийн дарга хурандаа Д.Нянтайсүрэнгээс авсан байдаг. “Баргын Богд ууланд байрласан Японы батальон цэргийн хүч “Үүдийн худаг”-аар довтлон ирэх мэдээ авсан тул нэг сарын хоол хүнс сум хэрэглэл авч өнөө шөнийн дотор байлдааны маршаар хөдөлж дайсныг устга” гэсэн тушаалыг биелүүлэхээр нэмэгдэл хүч болох нэг хуягт, хоёр морьт салааны хамтаар тэр шөнөдөө хөдөлж, эх орны хилийг нэвтрэн дайсны нутгийн гүнд оржээ. Улмаар цэргүүдээ хориглолтод оруулж, тагнуулын ажиллагаагаар дайснаа тандан судлаад тавдугаар сарын 12-ны үүрээр бүслэн авчээ. Маргааш орой нь гэхэд дайсны үндсэн хүчийг бут цохин, 70 гаруй амьд хүч, үлэмж хэмжээний зэвсэг техник олзлон авсан байдаг. Японы явган цэргийн энэ батальон нь Буйр нуурын баруун талд, Баргын Богд уулнаас зүүн тийш 30 орчим километрт байрлаж байсан бөгөөд цэргийн тоо зэвсэг техникээр манайхаас илүү давуу байсан гэдэг юм. Гэсэн ч дайсны байдалд зөв дүгнэлт хийж хүчээ зөв хуваарилснаар ялалтад хүрсэн байна. Үүний дараа аавын суманг “Бадам иш”-ийн худаг дээр дивизтэйгээ нийлсэн үед буюу зургадугаар сарын гуравны өглөөгүүр дайсны найман онгоц 30 минутын турш бөмбөгджээ. Тухайн үед сумангийн дарга цэргүүдээ асар хурдан тараан байрлуулснаар ямар ч хохиролгүй гарсан гэдэг. Дивизийн штабаас дахин тушаал ирэв. Халхын голын нөгөө эрэгт гарч, дивизийн бусад анги салбаруудыг гол гатлах үед хориглон, хамгаалах тушаалыг гүйцэтгэх болов. Гэтэл ус үерлэжээ. Дивиз шууд маршаар гол гатлах аргагүй. М.Чулуун өөрөө шумбан, гарам олж, замчлан гаргав. Хүнд пулемётын наводчик цэрэг ус гатлах үедээ пулемётаа усанд алдсаныг мөн л тэрбээр шумбан олж өгсөн гэдэг. Тэс голын хөвөөнд төрж өссөн, “Мөнхийн усч хүү” хэмээн нутгийнхандаа нэрлэгдэж асан түүний нэг эрдэм ийнхүү амин чухал үед тусаа өгсөн нь энэ.

Матадын VIII дивизийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Нянтайсүрэн “БНМАУ-ын улсын баатрууд” дурдатгалын номондоо “ 22 дугаар морьт хорооны ахлах дэслэгч М.Чулуун даргатай хоёрдугаар морьт суманг 37 мм-ийн их бууны салаа буюу Михлайн танк эсэргүүцэх их бууны салаагаар хүч нэмэгдүүлэн давшилтад оруулав. Ахлах дэслэгч М.Чулууны суман эрэлхэг зориг гаргаж, байлдааны уран арга, тактик хэрэглэн, бут цохиж, хөөн зайлуулсан юм. Энэ тулалдаанаар амьд хүч, зэвсэг техник, нууц баримт бичиг, бусад зүйлийг олзлон авсан нь цаашдын олон тулалдаанд их ач холбогдолтой болсон юм” гэж тэмдэглэжээ. Энэ бол М.Чулуун сумангаа удирдан “Элст манхан”-ы тулалдаанд орж, ялалт байгуулсан үйл явдлыг дурсан бичсэн хэрэг. Энэ тулалдаан бараг дуусаагүй байхад дивизийн дарга Д.Нянтайсүрэн 22 дугаар морьт хороог М.Чулуунаар удирдуулах болж, Дархан уулын чиглэлээр зүүн гар талд тулалд гэж тушаав.

Монгол-Зөвлөлтийн цэрэг Японы эсрэг өргөн фронтоор давшилт эхлүүлж, тулалдсаар байв. М.Чулууны удирдсан 22 дугаар морьт хороо наймдугаар сарын 24-ний өглөө нэргүй өндөрлөгийг эзлэх тушаал биелүүлж, япончуудыг хөөсөн юм. Маргааш нь наймдугаар сарын 25-нд Баянцагааны тулалдаанд нэгдсэн фронтоор давших үед манай аав Чулуун ухаан алдан, эмнэлэгт хүргэгджээ. Ингэж эрүүл мэнд муудсан нь бүхэл бүтэн найман жилийн турш дайны талбарт амь биеийг үл хайхран тэмцэж, байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсных байлаа. Аав минь 1939 оны есдүгээр сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бэлтгэл офицерээр халагдан, төрсөн нутагтаа амьдарч байгаад 1944 оны хоёрдугаар сард цэргийн албандаа эргэн ирэв. Ингээд Өндөрхааны цэргийн танкийн хороонд ажил ангийн даргаар, 1947 оны зургадугаар сараас цэргийн төв эмнэлгийн штабын комендантаар ажиллаж байгаад 1951 онд дахин бэлтгэл офицерээр халагдан, арми бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнан, төрсөн нутагт нь нүүлгэн хүргэн өгч байжээ. 1945 оны чөлөөлөх дайны үед ар талын цэргийн ангид ажиллаж байсан учраас аавыг минь уг дайнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

-Та түрүүнд “Энх цагийн хөдөлмөрт хүчээ өгсөн он жилүүд” гэж аавынхаа нутаг усандаа ажиллаж амьдарсныг онцолж байсан. Тэр тухай сонирмоор байна?

-Аав минь төрсөн нутагтаа ирээд тэр үед дөнгөж байгуулагдаж байсан Тэс сумын хоёрдугаар бага сургуульд аж ахуйн ажил хариуцан 17 жил ажиллав. Эсгий гэрт хичээллэж эхэлсэн сургуулийг байр савтай болгох бүх л ажил түүний гараар босов. Дотуур байранд хүүхдээ сургадаг хүмүүсээр сургуулийн түлээг ээлжлэн бэлтгүүлдэг болсноор улсын мөнгийг хэмнэдэг байсан гэж тэр үеийн ахмад буурлууд түүнийг дурсдаг билээ. Хүүхдүүдийн хувьд биеийн тамирын талбай, модон морь, савлуур, турник, ялангуяа багийн бага сургуульд бол өнөөдөр ч ховор эд. Тэгвэл энэ бүхнийг хийгээд зогсохгүй багийн сургуулийг халуун усны байртай болгон, тохижуулж байжээ. Төмс, хүнсний ногоог өөрсдөө тариалж, дотуур байрны сурагчдын хоолны хэрэгцээг хангах болов. Аавын минь Тэсийн бага сургуульд ажилласан он жилүүд хэдийгээр улс оронд ардын хувьсгал ялаад багагүй хугацаа өнгөрсөн байсан боловч хөдөөгийн ардууд хүүхдээ сургуульд сургах төдийлөн дуртай биш байв. Харин аж ахуйн даргын хичээл зүтгэлээр сургуулийн орчин нөхцөл сайжирч, нутгийн ардууд ч хүүхдээ сургуульд явуулах дуртай болсон тухай хөгшчүүл өдгөө дурсан ярьдаг юм.

-Танай аавыг баатар болох гавьяатай хүн гэдэг юм билээ?

-Миний аав М.Чулууны хөдөлмөр, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Цусан гавьяаны нэгдүгээр зэргийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны медаль”, Монголын болон ЗХУ-ын “Бид ялав” медаль, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол, тэмдгээр шагнажээ. Арми болон улс, хоршоолол, боловсролын байгууллагын шагнал гээд нийтдээ 40 гаруй удаа шагнагдаж байсан байна. Зөвхөн шагнаад зогссонгүй, эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх үнэлж баршгүй гавьяаг хойч үед нь алдаршуулахад багагүй анхаарч ирсэн. 2005 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Тэс сумын Хар үзүүрийн сургуулийг аавын минь нэрэмжит болгосон. Мөн Увс аймгийн музейд М.Чулууны нэрэмжит булан байгуулжээ. “Монгол эх орныхоо төлөө амь, бие үл хайрлан тэмцэж явсан олон зуун баатарлаг хөвгүүдээр хойч үе бид бахархан, М.Чулуун шиг гарамгай гавьяатнуудыг үрийн үрд алдаршуулан, эх оронч үзлийн үлгэр дуурайл болгох нь зүйтэй санагдана” хэмээн сэтгүүлчид, бичиг номын хүмүүс аавын минь мөнхийн гавьяаг үнэлдэг юм. Аавын минь хайрт хүү, миний төрсөн дүү дэд хурандаа Цэдэнбалжирын тухай энд хэлэх нь зүйтэй. Тэрээр аавынхаа цэргийн эрдмийн гавьяаг үргэлжлүүлж Афганистаны Элчин сайдын яаманд цэргийн атташегээр нэр төртэй ажиллаж байсан.

Эцэст нь цэргийн түүхчдэд хандан хэдэн зүйлийг зориуд хэлье гэж бодсон юм. Нэгдүгээрт, М.Чулуун VIII дивизийн 22 дугаар морьт хороог дайн дуустал удирдаж байгаад байлдааны талбарт ухаан алдсан тухай дээр өгүүлсэн билээ. Гэтэл уг хороог арав хүрэхгүй хоног удирдсан хүний нэрээр “Бадарчийн хороо” хэмээн нэрлэдэг нь үнэнд нийцэхгүй юм. Хоёрдугаарт, Халхын голын дайныг ялалтад хүргэсэн гол тулалдаануудад хэний удирдсан дивиз, хороо, суман ямар үүрэгтэй оролцож, хэрхэн тулалдсаныг 80 жилийн ойн өмнө нарийн тодруулмаар санагддаг юм. Гуравдугаарт, Эх орны зүүн хязгаарт 1930-1940 оны хооронд өрнөсөн, ялангуяа 1939 оны Халхын голын дайны гол үйл явдлуудын талаарх мэдээллийг тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Энэ дайныг дайн байгаагүй, жижиг мөргөлдөөн байсан гэх мэтээр түүхийг илт гуйвуулж, эх орноо хамгаалан тэмцэж явсан эх орончдоо доромжлон гутаасан зарим түүхч, судлаачдын мэдэгдэлд харамсаж явдгаа нуух хэрэггүй биз ээ. Түүх түүхээрээ үлдэх ёстой гэдэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *