Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зуслангийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан обьектыг нураана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар замбараагүй газар олголтын талаар хэлэлцсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр: “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлд замбараагүй газар олгож байгаа асуудлыг цэгцлэх асуудалд анхаарлаа хандууллаа. Аливаа төлөвлөлтгүй асуудал дээр тодорхой хэмжээний захиргааны арга хэмжээ авч байж цаашдаа урт хугацаанд ажил төлөвлөх шаардлага үүсч байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, түгжрэлтэй холбоотой энэ асуудал ч гэсэн улстөрчдийн оролцсон замбараагүй газар олголтоос үүссэн гэж үзэхээс өөр гарц байхгүй. Тиймээс өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь энэ газар олголтын асуудал юм. Эдгээрийг цэгцлэхгүй бол Улаанбаатар хот төлөвлөлт хийхэд туйлын хүнд байдалд орно.

Өнөөдөр яригдсан өөр нэг зүйл бол “Найрамдал” зуслангийн газартай холбоотой асуудал. Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж Олон улсын “Найрамдал” хүүхдийн төвийг улсын төсөвт байгууллага болгож бүтэц, чиг үүргийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Найрамдал”-ын талбай дээр 100 гаруй аж ахуйн нэгжид газар олгосон. “Найрамдал” төвийг төрийн онцгой обьект гэж үзэж болно. Энд аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яахав. Гэхдээ хүүхдийнхээ “Найрамдал” төв рүү, Улаанбаатар зочид буудлын урд талын саад руу, эсвэл Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү ингэж орж болохгүй. Хүүхдийн парк руугаа орсон тохиолдол ч бий. Энийг цэгцэлж Улаанбаатар хотын удирдлагуудад, Барилга хот байгуулалтын сайдад, Байгаль орёин, аялал жуулчлалын сайдад өнөөдөр Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн энэ асуудал дээр ажиллах ажлын хэсэг байгуулж байгаа. Зарим зөвшөөрөлгүй барьсан обьектыг буулгахаас өөр аргагүй. Тэгж байд бид сургамж авна. Дэлхийд төв талбайнхаа газрыг авахаар лоббидож байсан, хүүхдийн парк руугаа, хүүхдийн зуслан руугаа орж байсан ийм уваагүй үйлдэл байхгүй. Өнгөрсөн 27 жил төлөвлөлт муутай, замбараагүй явснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ахиад ийм маягаар 25 жил явбал ундны уснаас авахуулаад нийслэл хүнд байдалд орно. тиймээс шат дараалсан арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газар авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу асуудлуудыг шийдэж байна” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *