Европын парламентын сонгууль Балтын тэнгисийн орнуудад өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр Латви улсын иргэд саналаа өгөх бол хөрш Литва болон Эстон улсад сонгууль ням гарагт болно.
Балтын тэнгисийн орнуудын иргэд Европын парламентын шинэ бүрэлдэхүүний 25 депутатыг сонгоно. Үүнээс найм нь Латви улсаас сонгогдоно. Тус улсаас уг сонгуульд улс төрийн 16 нам, эвслийн 246 нэр дэвшигч бүртгүүлжээ.
Европын парламентын сонгууль Европын Холбооны бүх гишүүн улсад тавдугаар сарын 23-26-ны хооронд болох бөгөөд улс орнуудын хууль тогтоомжийн ялгаатай байдлаас шалтгаалан өөр өөр өдөр болдог байна. Эл сонгуульд гишүүн 28 орны 426 сая иргэн саналаа өгөх бөгөөд Европын Холбооноос гарах эсэх нь шийдэгдээгүй байгаа Их Британи улс ч оролцох юм.