Гадна талыг нь үхрийн баасаар битүү шавсан “Тоёота” компанийн үйлдвэрлэсэн машин Энэтхэгийн олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Тодруулбал, тус улсын баруун бүсийн Ахмедабад хотын оршин суугч эмэгтэй өөрийн унадаг машинаа агаарын хэт халалтаас хамгаалахын тулд энэхүү содон аргыг бодож олсон гэнэ. Тус хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 45 хэмийг даваад байгаа юм. Тиймээс эрх баригчид өдрийн 10:30-аас 15:00 цагийн хооронд хүмүүст болж өгвөл гадагшаа гарахгүй байхыг зөвлөжээ.
Энэтхэгийн хиндү шашинтнуудын хувьд үхэр бол ариун амьтан. Түүнчлэн үхрийн баасыг тусгаарлах чадвар сайтай гэж үздэг байна. Энэтхэгчүүд байр сууцныхаа хана, шалыг үхрийн баасаар шавснаар хүйтэнд дулаан, халуунд сэрүүн байдаг ажээ.
А.МӨНХЗУЛ