-ХӨСҮТ 14 СУРГУУЛЬД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГЭЭ ОДОО БОЛТОЛ НЭГТГЭЭГҮЙ ГЭВ-
Сургууль, эрүүл мэндийн байгууллагууд бие бие рүүгээ буруугаа чихэж байх хооронд анх 15 дугаар сургуулийн хүүхдүүдийг нөмөрсөн сүрьеэгийн халдвар улам эрчимжиж нийслэлийн 97 дугаар сургууль болон орон нутгийн хэд хэдэн сургуулийг хамарч эцэг эхчүүдийг түгшээж эхэллээ. Тодруулбал, 97 дугаар сургуулийн хоёр хүүхэд сүрьеэгээр өвчилж, 70 гаруй сурагч халдвар авсан байна. Мөн Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуулийн зургаан хүүхэд өвчилж, 200 гаруй нь халдвар авчээ. Ингэснээр Ерөнхий боловсролын 1000 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар аваад байна. Уг тоо цаашид хэрхэн өсөх нь тодорхойгүй байгаа юм. Мөн зөвхөн сургууль гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд ч халдвар өндөр хувиар тархсан байж болзошгүй байна. Учир нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг ХӨСҮТ-өөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад явуулж байгаагаас гадна уг үзлэгийг албан газруудад ч оруулахаар болжээ.
Д.ЭНХМАНДАХ: НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ БАЙНА
Сүрьеэгийн өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас тодруулга авлаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан байна. Манай улсад нэг дор ийм олон тохиолдол бүртгэгдэж байсан уу?
-Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг. Манайд сүрьеэгийн өвчлөлийн 4000 тохиолдол нэг жилд бүртгэгддэг. Үүний 10 хувь нь хүүхэд байдаг. Манайд халдвар тээгч олон хүн байгаа. Халдвар авсан хүн халдвар тараадаггүй. Бид үүнийг эрт илрүүлж таслан зогсоох ажил өрнүүлж байна. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол энгийн арга нь дархлаагаа сайжруулах юм. Урьдчилан сэргийлэхийн тухайд зөв найтаах, ханиахаас эхлээд хувь хүний хариуцлага байх ёстой. Мөн эрт үед нь эмнэлэгт ирж хандахгүй байна. Урьд жилүүдэд техник тоног төхөөрөмжөөс шалтгаалаад тандалт судалгааг цөөхөн хийж байсан. Эндээс шалтгаалж халдвар, өвчлөл цөөн бүртгэгддэг байсан.
-97 дугаар сургууль дээр 70 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч, хоёр хүүхэд өвчилсөн байна. энэ тухай мэдээллийг хэзээ авсан бэ?
-Энэ жилийн хувьд 14 сургууль дээр үзлэг хийж байна. Цаашид олон сургуулийн сурагч, албан газрын ажилтнуудыг үзлэгт хамруулна.
-97 дугаар сургуульд хэзээ үзлэг хийсэн бэ. Үр дүнг нь яагаад нийтэд мэдээлээгүй юм бэ?
-97 дугаар сургууль дээр хоёр хоногийн өмнөөс шинжилгээ хийсэн. Би одоогоор үр дүнгийн талаар албан ёсны мэдээллийг аваагүй байна.
-Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 сургуульд шинжилгээ явуулсан гэлээ. Сүрьеэгийн халдвар авсан, өвчилсөн хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?
-Нэгдсэн мэдээлэл аваагүй байна.
-Удахгүй дунд сургуулийн хичээл амарна. үлдсэн сургуулиудад үзлэг хийж амжих уу?
-Намар есдүгээр сараас эхлээд он дуустал төлөвлөгөөний дагуу үзлэг шинжилгээгээ хийгээд явна. Зун сургуулиуд амрахад бусад албан газар, хувь хүмүүст шинжилгээ хийнэ.
-Сүрьеэгийн халдвар авсныг яаж мэдэх вэ. Хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Шалтгаангүйгээр 14-өөс дээш хоног ханиах, турж эцэж, жин буурсан үед яаралтай дүүргийн эмнэлэгт очиж цээжний рентген зураг авахуулж, цэрний шинжилгээ өгөх шаардлагатай. Сүрьеэг эмчилдэг оношилдог бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
ХӨсүТ сүрьЕэгийН өвчлөлийнүр дүнг Хэдий болТол НУУХ вэ
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах 97 дугаар сургуульд дэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн нэгдсэн дүн мэдээлэлгүй байсан тул 97 дугаар сургуулийн эмч Л.Золжаргалаас тайлбар авлаа. Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр 389 сурагчийг сорилд хамруулахад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй буюу халдвартай гэж гарсан. Гэхдээ энэ нь өвчлөлтэй гэсэн үг биш. Халдвар авсан. Дархлаа нь сайн тохиолдолд өвчилдөггүй. Тиймээс 70 сурагчийг рентген аппаратанд оруулж, цээжний зураг авсан. Үүний дараа ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд алга гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Халдвар авсан хүүхдүүдийн дархлааг дэмжихийг эцэг, эхчүүдэд нь зөвлөсөн. Энэ нь гэхдээ уушгины сүрьеэ биш. Булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа юм билээ. одоо эмчилгээ нь дуусах үе шатандаа орж байгаа” гэж хэлсэн юм.
Бидний хандсан албаны хоёр ч хүний ам, ажил зөрж байна. Тодруулбал, нийслэлийн 97 дугаар сургуульд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албанаас энэ сарын 8-ны өдөр шинжилгээ явуулсныг тус сургуулийн эмч л.Золжаргал хэлсэн. гэтэл Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Хоёр хоногийн өмнө авсан, нэгдсэн мэдээлэл аваагүй байна” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмнөөс үүрэг хүлээсэн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын удирдлагын үг, үйлдэл зөрлөө. Энэ нь сүрьеэгийн өвчлөлийг нуун дарагдуулж, бодит байдлыг олон нийтэд хүргэхээс татгалзсан үйлдэл гэж хардахад хүргэж байна.
Түүнчлэн, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш хэмээн тайлбарлаж, иргэдийг тайвшруулах гэж оролдож байна. гэтэл энэ халдвар цааш даамжирвал өвчин болох эрсдэлтэй. Улмаар хүндэрвэл амь насанд эрсдэлтэй билээ. Ирэх сард Ерөнхий боловсролын сургууль амарна. Иймд бүх сургуулийн сурагчдыг зургадугаар сараас өмнө шинжилгээнд хамруулж чадахгүй. Энэ нь олон хүүхэд сүрьеэгийн халдвар тээж зуны амралтаа авах эрсдэлийг бий болгож байна. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын хараа хяналтаас гурван сарын турш “мултарна” гэсэн үг. амралтаа авсан ихэнх хүүхэд хөдөө гарах, амралт зугаалгаар явахаас гадна гэртээ дүүгээ харж үлдэх зэргээр зуны саруудыг өнгөрүүлдэг. Тэгвэл халдвартай хүүхдүүд энэ хугацаанд өвчилж, бусдад халдвар тарааж өвчинд нэрвэгдэх эрсдэл бий болохыг үгүйсгэх аргагүй.
Эрүүл мэндийн сайд Д.Сарантуяа “Бүх Ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байгаа. Үүний үр дүнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр 38 хүүхэд өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай байна. Сүрьеэг эрт илрүүлж оношилж эмчлэх ёстой. Үүнийг нуух асуудал гарахад байдал хүндэрнэ. Багш сурагчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирна” хэмээн мэдэгдсэн юм.
Эцэст нь салбарын сайд нь сүрьеэгийн мэдээллийг нуун дарагдуулж болохгүй гэдгийг онцгой анхааруулж, мөн халдварын тархалт улам нэмэгдэх эрсдэл байхад сүрьеэтэй тэмцэх төв байгууллага болох ХӨСҮТ-ийнхөн 14 сургуульд хийсэн шинжилгээний ердөө нэг сургуулийн үр дүнг хэлээд сууж байна. Энэ нь аль эрт дуулиан дэгдсэн 15 дугаар сургууль юм. Үлдсэн сургуулиудын мэдээллийг нэгтгэж аваагүй хэмээн өдий болтол сэтгүүлчдийн амыг таглах гэж оролдож байна. Гэхдээ бусад эх сурвалжаар сургуулиудад халдварын тохиолдол илэрсэн нь дэлгэгдэж, өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна.
Сүрьеэгийн өвчлөл хэрхэн илэрдэг тухай мэдээллийг хүргэж байна. Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхэлдэг байна. Энэ үеийг л сүрьеэгээр өвчилсөн гэж үздэг ажээ.
Уушгины сүрьеэгийн үед:
Удаан хугацаагаар (хоёр долоо хоног ба түүнээс дээш) ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдгүүд илэрдэг гэнэ.
Мөн бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх зэрэг өөрчлөлт хүний бие организмд гардаг юм байна.
Мөн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтэнд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэдэг юм байна. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэж нэрлэдэг гэнэ. Харин өвчилсөн хүмүүс нь бусдад халдвар тараах аюулгүй аж. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид шинжилгээ өгөх шаардлагатай юм байна. Мөн гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотнынхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна.
О.ДАШ