Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Казүо Ишигүро “Хөвөлзөх ертөнцийн зураач”

Японы Нобелийн шагналт
зохиолч Казүо Ишигүрогийн
“Хөвөлзөх ертөнцийн зураач”
номыг энэ удаагийн “Ном
ярьж өгье” буландаа онцолж
байна. 1986 онд бичигдсэн
энэхүү зохиолын үйл явдал
дайны дараахь Япон улсад
/1948-1950/ өрнөдөг бөгөөд
Масүжи Оногийн дурсамж
хэлбэрээр бичигдсэн. Казүо
Ишигүро “итгэж үл болох
хүүрнэл” хэмээх энэхүү
хэлбэрийг уг романдаа анх
удаа туршиж үзсэн гэдэг.
Уншигч тухайн зохиолын гол
баатар болох хүүрнэгчийг
үнэн ярьж байгаа эсэх, аль
дурсамжинд нь итгэх, алинд
нь итгэхгүй байхаа өөрөө
шийддэгээрээ онцлогтой эл
аргаараа Нобелийн шагнал
хүртсэн “Өдрөөс үлдсэн зүйл”
романаа бичсэн байдаг.
Романы гол дүр болох
Масүжо Оно нь “хөвөлзөх
ертөнц” хэмээн нэрлэгддэг
бар зургийн чиглэлээр зурдаг,
чамгүй авьяастай нэгэн
байжээ. Тэрээр залуудаа
шаргуу хөдөлмөрлөж ,
амжилтанд хүрч олноо
алдаршсан байна. Японы
эзлэн түрэмгийллийн үед
тэдэнд үйлчилж, нэр нүүр
олсноор нийгэмд том байр
суурийг эзлэх болжээ. Улмаар
“Эх оронч бус үйлдэлтэй
тэмцэх газар” гэдэг газар
мэдээлэгч болсноор байр
суурь нь улам л батжина.
Гэвч дайн дуусахын алдад
эхнэр нь бөмбөгдөлтөнд өртөн
нас барж, ганц хүү нь цэрэгт
амиа алдаад мань зураач
хоёр охинтойгоо үлддэг.
Цаг үеийн байдал ч эсрэг
тийшээ эргэж нийгэм, улс төр,
ахуй амьдрал орвонгоороо
өөрчлөгдөнө. Америкчууд
Хирошима, Нагасаки хотуудад
бөмбөг хаяснаар Япон эзлэн
түрэмгийллээ зогсоон бууж
өглөө.
Дайны үеэр нэр нөлөөтэй
байсан эрхмүүд одоо нүд
үзүүрлэгдэх болж, шинэ залуу
үе нь тэднийг үгүйсгэх болно.
Бага охин Норико нөхөрт гарч
чадахгүй байгаадаа аавыгаа
буруутган бодно. Шалтгаан
нь аавынхаа дайны үед хийж
байсан үйл хэргээс улбаатай
хэмээн хоёр охин нь итгэдэг.
Хүмүүс зай барьж, дөлөөд
байгаа мэт мэдрэмж төрж
эхлэхэд Оно сан өөрийгөө
зөвтгөн боддог. Би хэн хүнд
гай тарих үйл хийгээгүй дээ,
намайг хүмүүс тэгж бодох
учиргүй гэх мэтээр. Гэвч
хүмүүсийн хандлага үнэхээр
түүний эсрэг байна уу, хоёр
охин нь аавдаа далдуур
дургүй байна уу, бага охин
нь аавынхаа өнгөрсөнд хийж
байсан зүйлсээс болоод
нөхөрт гарч чадахгүй байна
уу гэдэг нь уншигчдад тийм
ч баттай мэдээ биш юм шиг
санагдаж магадгүй. Яагаад
гэвэл тухайн үеийн үйл
явдлуудыг Оно хэрхэн дурсаж
байгаагаас л шалтгаалж
уншигч дүгнэлтээ хийхээс
аргагүй тийм хүүрнэлийн
хэлбэртэй. Романы өрнөл
маш эргэлзээтэй, ээдрээтэй.
Нэгэн цагт хамтдаа зүтгэж
асан анд Мацудатайгаа
уулзахдаа залуу насандаа
хийж, зорьж явсан үйл хэргээ
дурсан санацгаадаг. Одоо
биднийг хэн ч тоохоо больжээ,
хэнд ч бидний хийсэн зүйлс
утга учиргүй санагдах болж.
Гэхдээ л бид тухайн үедээ
өөрсдийнхөө чадах хэмжээнд
тодорхой зүйлсийг эх орныхоо
төлөө хийж байсан юм шүү.
Үүнийгээ бид өөрсдөө л
мэдэж байхад хангалттай
юм хэмээн тэд ярьцгаадаг.
Насны төгсгөлдөө ирчихээд
туулж өнгөрүүлсэн амьдралаа
дүгнэн цэгнэж, утга учир,
үнэ цэнийг нь тодорхойлох
гэж оролдож байгаа, зөв
амьдарсан эсэхдээ эргэлзэж
байгаа хоёр өвгөн хүний
бодролд зохиолын гол
санаа зангилагдаж байна уу
гэлтэй.
Хуучин цагт зугаа
цэнгээний дүүрэг байсан
газарт өдгөө том том шилэн
барилгууд сүндэрлэж ажил
хэрэгч, эрч хүчтэй залуус
холхих болжээ. Масүжи
Оно энэ бүгдийг ширтэн
зогсохдоо өөрийнхөө залуу
насыг шинэ үеийн залуустай
жишин бодохын зэрэгцээ
зугаацдаг байсан цэнгээний
газруудаа санагалзаж байгаа
нь нийгмийн өөрчлөлт хувь
хүнд хэрхэн тусч байгааг
харуулж байна. Улс орон
маань ямар алдаа гаргаж
байсан нь хамаагүй, одоо
зөв голдрилдоо орж байгаа
нь сайшаалтай юм даа
хэмээн өвгөн зураач бодож
байгаагаар роман төгсдөг.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *