Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форум боллоо.

Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Энэ өдөр дэлхий даяарх хэвлэл, мэдээллийн байгууллагууд нийтлэг тулгарч буй асуудлаа томьёолж хэлэлцдэг. Өнөө жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлж байж, нийгэмд шударга ёс тогтоно гэдгийг дэлхий нийтээрээ энэ өдөр хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн энэ форум болон бусад хэлбэрээр дамжуулан Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжилд ч өнөө жилийн сэдэв бодит тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө бид нэгдэн нягтрах ёстой. Нөгөө талаар хэвлэлийн эрх чөлөөг илүү бэхжүүлж хамгаалахын тулд хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх учиртай юм.

Монголын сэтгүүл зүйн салбараар овоглогдож буй хүн бүр сэтгүүлчийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэн олон нийтийн сүлжээн дэх мэдээ, мэдээлэл, тэр дундаа хуурамч мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулж, мэргэжлийн сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг гаргаж, олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Та бүхнээс хүсье.

Энэ үйлсэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тууштай анхаарал хандуулж, нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт гарч буй алдаа дутагдалд хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын сэтгүүл зүйн салбарынхны дуу хоолой ямагт хараат бус байх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн уншиж танилцуулав.

Илгээлтэд:

““Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэж заасан байдаг. Гэвч үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг юм.

Энэ жил хэвлэл, мэдээллийн байгууллагууд “Эрх мэдлийн хяналт” гэсэн үндсэн сэдвээр ярилцаж байгаа нь ч Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдоно гэж ойлгож байна. Эрх мэдэл болоод хяналт нь аль ч утгаараа төр, хэвлэл мэдээллийн салбарын ажил үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарынхны байнгын анхаарал хандуулах чухал асуудлын нэг билээ. Мөн сэтгүүл зүйн салбар хүчирхэг байж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд өндөр ёс зүй, хариуцлага, боловсрол, хүнлэг чанарт суурилсан зарчим, дотоод журмыг байнгын мөрдлөг болгож байх учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн бүр гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогч Та бүхэнд үнэт зүйл, зарчим хоёртоо тулгуурлан илүү их амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

105 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн салбарынхны үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт хараат бус байж, зуун зууныг өртөөлөх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаярт гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *