Categories
мэдээ цаг-үе

Америк бол эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг эрх чөлөөгүй газар

Түрүүч нь № 086(6187) дугаарт


Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэх чухам үнэн үгийг Америкт хэсэг саатахдаа сайн ойлголоо. Та тамхи татаж болно, гэхдээ хувийн эзэмшил газар, цэцэрлэг талбай, сургууль соёлын ойролцоо энээ тэрээд гээд сунжирсан олон газар татаж болохгүй, ер нь ухамсраараа хүүхэд хөгшдийн өөдөөс үлээгээд зогсож болохгүй гэхээр таны чөлөөтэй, хүссэн газраа тамхи татах эрх алга болчихож л байгаа юм. Ажилд авна гэсэн зар энд тэндгүй. Яваад орохоор ажил хийх зөвшөөрөл шаардаад эелдэгхэн хаалга руу түлхэнэ. Таны ажил хийх эрх чөлөө, ажлын зөвшөөрөлтэй бусдын ажил хийх эрх чөлөөгөөр хязгаарлагдлаа. Хэрвээ та ногоон карттай, эсвэл америк иргэн бол цагийн 13 доллараас бага цалинтай ажиллаж болохгүй, тийм тохиолдолд ийшээ залгаарай гэсэн мессэж үе үе гар утсан дээр ирэх л юм. Гэхдээ Вашингтон Америкийн бусад хотуудыг бодвол хараар ажиллах газрууд олонтой тул монголчууд яаж ийж байгаад л ажил олж амиа борлуулчихдаг гэсэн. Америк эрх чөлөөт орон тул таныг зүгээр ажлаа хийгээд явж байхад хэзээ ч Солонгос шиг имегрэшн нь гэнэт давхиж орж ирээд баривчлаад явчихдаггүй нь сайхан юм даа. Соёл урлаг, спортын томоохон арга хэмжээнүүдийг хажуугаас нь өдөр бүр хямд үзэх эрх чөлөө байгаа боловч арван цаг сунах ажилдаа “зодуулаад” эрх чөлөөгүй болчихно. 62 настай Мэй хэмээх Хонконгийн хятад эмэгтэй сүүлийн найман жилийг Александриад өнгөрүүлж байгаа гэсэн мөртлөө олигтой англи хэлгүй, үүрээс үдэш хүртэл тогоо, тавагтай “байлдаад” цагийг өнгөрөөдөг, “би хэзээ нэгэн цагт эндээс мултарна. Америк бол өндөр цалин өгдөг шорон” гээд халаглаж байж билээ. Иймэрхүү үгийг uber-ийн жолооч азербайжан оюутан, өдөр бүр орцны орчмыг цэвэрлэдэг мексик эр бас хэлж л байсан.

Америкийн хоёр, гурван хотод богино хугацаагаар амьдрахдаа анзаарсан нэгэн зүйл нь унаа, тэргийг эдэлж, унаж, ашиглах соёл ажгуу. Гудамжинд нь дуут дохиог зөвхөн цагдаа, эмнэлэг, ослынхон л хангинуулахаас бус өөр хэн нэгэн огт дуугаргахгүй. Хааяа бухимдсан нэгэн нь уулзвар дээр сигналь дарж байхыг анзаарч харваас цагаач байрын нөхөр л. Шөнө орой байрны гадаа зогссон машинууд жагсаалдаа номхон команд авсан цэргүүд шиг зайгаа нягт шахаад нэг эгнээнд цэмбийтэл эгнүүлээд орхичихно. Хөөе энд хоосон зай байна, орчихооч гээд монгол найздаа хэлэхэд “болохгүй ээ манай байр биш учраас” гээд явахыг хараад бид ч гэсэн тэнд тэдний соёлыг сурдаг л юм байна гэж бодсон. Овоо гайгүй онгироо узбек залуутай шөнө орой явж байгаад солигдож байсан шар гэрлээр уулзвар нэвтэртэл хойно явсан жирийн машин гэнэт гэрэл маналзуулаад биднийг зогсоолоо. Шууд л зуун доллараар торгож байна. “Найраа майраа байхгүй юу, шар гэрэл байсан гээд хэрэлдээч” гэтэл “чи намайг шоронд оруулах гээ юу. Энд ямар ч цагдаа хахууль авдаггүй юм. Хуулийнхаа дагуу хэдийг төлөх ёстой вэ, тэрийгээ л бичнэ. Маргах, хахууль өгөхийг оролдох аваас шууд эргүүл дуудаад чи ял авах магадлалтай” гэж байсан. Тийм цагдаатай болох юмсан. Цагдаа гэснээс цагдаа болон цэргийнхэн гэж живхийсэн гуалиг хүмүүс байх юм аа. Пентагон, Пентагон Сити хэмээх метроны буудлыг дайрч нэг хэсэг тогтмол явдаг байлаа. Тэр буудлууд дөхөөд ирэхээр метронд сууж буй хүмүүс дотор богино үстэй, толь шиг болтол тосолсон гуталтай, өмд цамцаа толийтол индүүдчихсэн шийдэмгий алхаатай нөхдүүд орж ирээд зогсчихно. Хөгшин, залуу, хар, цагаан гэлтгүй бүгд цаанаа л нэг жавхаалаг, духан дээр нь “би цэрэг” гээд биччихсэн аятай байхыг нь яана гээч. Пентагон хавьцаа Рональд Рейганы нэрэмжит онгоцны буудал байдаг. Тиймээс Батлан Хамгаалах Яамны ойролцоо бууж нисч буй онгоцнууд гэж ялаа шиг их. Нөгөө есдүгээр сарын 11-ний үйл явдал яасан бэ гэж бодогдохоор. Ер нь Вашингтон хотын тэнгэрт нисч байгаа том жижиг онгоцнууд газар явж байгаа машинуудаасаа л илүү их мэт санагдах юм хуна. Монголчууд ихэвчлэн Дуллэсийн нэрэмжит онгоцны буудалд газарддаг юм билээ. Метро тийшээ хүрдэггүй, автобус, таксигаар л хот руу дөхөх юм байна лээ шүү. Хил гааль дээр нь айхавтар шалгадаг, махны төрлийн хүнсийг шууд хураагаад хог руу хаядаг, урьд өмнө хэрэг зөрчил гаргаж, Америкт амьдрах хугацаагаа хэтрүүлээгүй бол ихэвчлэн зургаан сарын виз дардаг журамтай. Харин урьдын ямар нэг зөрчил илрэх аваас өршөөл үгүй, нэг солонгос эрэгтэйг уйлаан майлаан болгоод цааш нь аваад явахыг харсан тул хил дээрээс буцах хэцүү юм байна лээ шүү гэдгийг хэлмээр санагдлаа.

Америкийн монголчууд ажил төрөл, нутаг ус, шашин шүтлэг, хамаатан садангаараа нийлээд хомс олдох чөлөөт цагаа хамтдаа сайхан өнгөрүүлж чаддаг хүмүүс байна лээ. Дундаа хэн нэгнийгээ дэмжих хөөрхөн сайттай түүгээрээ дамжуулаад бууз хуушуур, тамхи архиа наймаалцаж хэн нэгэндээ тэнд энд ийм ажил байна шүү, өрөө, байр сул байна, ирж амьдраарай, сургууль соёлын талаар ийшээ хандаарай гээд л боломжоороо бие биенээ дэмжчихнэ. Христийг шүтэгчид овоо их болчихож. Монгол сүм гэж ч байна. Амралтын өдөр дуган дүүртэл хүмүүс цугларч монгол хэлтэй солонгос пасторын айлтгалыг сонсох юм. “Би мягмар гаригт Драгон дээрээс Өвөрхангай явах унаа хайгаад очлоо. Монголчууд мягмар гаригт хол явдаггүйг мэдээгүй тул баларч унаагүй болчихсон би их эзнийгээ туслаач гэж залбиртал нэг залуу гарч ирээд намайг ганцааранг нь Өвөрхангай хүргэж өгсөн. Аллилуйя” гэхэд бүгд алга ташаад л. Муйхар маний бодлоор тэр залуу, хүн олддоггүй өдөр ганц хүнийг кабин дүүрэн хүний өртөгөөр зөөвөрлөсөндөө бас аймаар баярласан байх даа гээд эсэргүүн бодлоор гэгээн сүмийг “бузарлаад” сууж байв. Бишрэгч монголчууд цалингийнхаа арван хувийг сүмд хандивладаг гэсэн шүү.

Америкт тэр тусмаа спортын дөрвөн том лигийнх нь аль алинд нь төлөөлөлтэй цөөхөн хотуудын нэг болох Вашингтонд ирчихээд сагсан бөмбөг, хоккей үзэхгүй бол алдас болно биз дээ. Capital One Arena хэмээх цэнгэлдэх хүрээлэнд НХЛ-ын “Вашингтон Капитэлз”, НБА-гийн “Вашингтон Уизардс” багууд өрсөлдөгчдөө хүлээн авч тоглодог. Сагсан бөмбөгөө бодвол хоккей нь нийслэлдээ илүү нэр хүндтэй, тасалбар нь хүртэл ховор, олдоц багатай байх. Олон хоногийн өмнө захиалж байж тэмцээн үзэхгүй бол зохиогдох өдөр нь шагийн билет л олдох шинжтэй. Тасалбар шаглагчид нь цагдаа нарын нүдэн дээр “there is a ticket ” гээд үглээд алхаад байна гээч. Бостон, Нью-Йорк, Вашингтонд тэмцээн үзэхэд билет шаглаж буй хүмүүс дандаа хар арьстан байх юм, яагаад тэгдэг юм бол оо. Тасалбар цаасан хувилбараар байхаа больж гар утас руу электрон хуудсаар ирдэг, тэнд байгаа бар кодыг шалгагч аппаратаар уншуулаад цэнгэлдэх рүү оруулчихна. Хамгийн хямд билет 25-30 доллар агаад тээр дээр сууж байхдаа доогуур хоосон суудал байна уу гэдгийг судалж их завсарлагааны үеэр хянагчийг аргалаад үнэтэй эгнээнд очоод суух боломж байна аа байна. Вашингтонд хоккейн үзэгчид нь сагсан бөмбөгийнхөө үзэгчдээс арай илүү нягт ойлгоц сайтай, дуу шуу ихтэй балиашигладаг юм байна лээ. Ер нь бол спорт үзнэ гэдэг Америкт гэр бүлийн баяр, эхнэр хүүхдээ дагуулаад айх аюулгүй, өрсөлдөгч багуудын хөгжөөн дэмжигчид хамтарч суугаад өөр өөрийнхөө багийг дэмжээд идэж ууж байгаад гарах юм. Европын хөлбөмбөгийн цэнгэлэх хүрээлэнд байдаг уур амьсгалаас шал өөр.

Олон жилийн настай аливаа хот суурин газар бусдаас онцлох өөрийн гэсэн шинж чанаруудтай байдаг жишиг дагуу Вашингтонд ч гэсэн тийм шинжүүд бий. Уг хотод далбайсан том зар сурталчилгааны самбарууд байдаггүй. Том, том гэрэлт дэлгэцүүд, гудамжны хоёр талыг холбосон зар сурталчилгааны самбар битгий хэл, дэлгүүрийнхээ дээр “агуулах чөлөөлөх худалдаа” гэсэн бичиг ч ховорхон харагдах юм билээ. Хамгийн элбэг зүйл нь амарч алжаал тайлах том, жижиг цэцэрлэгт хүрээлэнгүүд. Цэвэр ногоон зүлэгтэй хөлбөмбөгийн талбайд хүссэн хүн нь ороод тоглож болдог, эргэн тойронд нь сагсан бөмбөгийн, теннисний талбай бүрэн хамгаалалтын тортойгоо сул байхыг аль ч дүүрэгт харж болно. Бөмбөг хөөгөөд гүйх багачуул ховор ч гэлээ өвөл, зунгүй гүйх хүмүүсийг бол хаана ч харна шүү. Эмнэлгийн үйлчилгээ асар өндөр өртөгтэй тул эрүүл амьдрах, спортлог байхыг яс ойлгосон хүмүүс мэт санагдсан. Ялангуяа цагаан арьст хүмүүс нь. Байшингууд нь эсвэл цагаан, эс бөгөөс бор хүрэн өнгөтэй, манайх шиг алтан шар, улаан хүрэн, эсвэл нов ногоон өнгөтэй байшинг лав олж хараагүй. Ер нь монголчууд асар зоригтой өнгийн дээл өмсдөгтэйгөө адил хурц өнгөөр байшингаа буддаг өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн юм ч бил үү. Тэнд л лав тийм биш байна лээ шүү.

Гурван сарын сүүлээс эхлээд тэртэй тэргүй бороо нар хосолсон тааламжит цаг агаар байхад “СӨХ”-ыхон хариуцсан талбайнхаа мод ургамлыг бордож угаар нь урт сав углаж хамгаалаад сүрхий. Хэрэм, туулай, шөнөдөө жижигхэн хярс гүйлдээд зун нь ирэхээрээ нялх ногооны анхилуун үнэр ханхалж, тун сайхан ч гэлээ сэвэлзсэн сэрүүн салхитай, шороо, буртаг нь хүртэл Буянт-Ухаагийн үдшийг яаж гүйцэх билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *