Categories
мэдээ улс-төр

Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, тэдэнд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийллээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ энэ сарын 13-нд монголын талд албан ёсоор танилцуулах аж. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *