Нийслэлийн махны хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад үхрийн гуяны цул мах кг нь 13000 төгрөгийн үнэтэй байна. Харин хааны цул нь 11-12 мянга, ястай нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Адууны цул мах 9300, ястай нь 9000 төгрөг. Ямааны цул мах 9200, ястай мах нь 7800 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах хөлдүү, нойтон гэж ерөнхийдөө хоёр ангилагдаж тус бүр нь дотроо ястай, цулаараа өөр өөр үнэтэй. Хонины нойтон цул 9500, нойтон ястай нь 8500 төгрөг. Хонины хөлдүү гулууз кг нь 7600 төгрөг. Гулуузын доод жин нь 20-25 кг гэхээр хөлдүү гулууз 152000-190000 төгрөгөөс эхэлж байгаа гэсэн үг.
“Хүчит шонхор” захад 16 цагийн үед очиход зарим худалдагч ажлаасаа бууж байлаа. Сүүлийн үед уг зах мах багатай, дагаад худалдан авагч харьцангуй цөөн байгаа нь махны нийлүүлэлт буурсантай шууд холбоотой. Хавар мах нийлүүлэлт буурдаг учир эрэлтээ дагаад махны үнэ ялимгүй өсдөг тал бий. Харин тус захын махны худалдагчид “Махны үнэ өслөө л гэдэг. Жил бүрийн энэ үед махны үнэ угаасаа жаахан нэмэгддэг. Тэгээд мал тарга тэвээрэг авч, өвс ногоондоо цадаад эхлэх үеэр махны үнэ буурдаг. Одоо манай захад үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол жам ёсны үнэ. Бид үнэ нэмсэн зүйл байхгүй. Махны худалдаа явдаг жамаараа л явж байна. Зургадугаар сар гараад л махны үнэ уначихдаг. Сарын л зай байна. Нэг кг махыг худалдан авагчид хүргэхийн тулд бид түрээс төлж, хөлдөөгч, хөргүүр ашиглаж, мах шулагч ажиллуулж, цэвэрлэгээг нь хариуцдаг үйлчлэгч гээд олон хүн ажилладаг. Тодорхой хэмжээгээр зарлага гаргадаг учир бид түүнийгээ махандаа шингээх нь зүйн хэрэг” гэж нэгэн дуугаар хэлж байлаа. Нийслэлийн махны хэрэглээний 70 хувийг хангадаг гэхээр хотод байгаа хүнсний зах, худалдааны төвүүд, зарим сүлжээ дэлгүүр “Хүчит шонхор” захаас л махаа базаадаг. Зарим зах эндээс авсан махаа яс, шөрмөс, хальс, судас зэргээс нь салгаж худалдаанд нийлүүлэхдээ тодорхой хэмжээний ажлын хөлсөө шингээдэг юм байна. Нэр бүхий захуудад үхрийн цул мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь үүнтэй холбоотой аж.
Нойтон мах гэдэгт өчигдөрхөн гаргаад үүрээр энэ захад авчирсан шинэ махыг тооцдог бол өнгөрсөн намар бэлтгэж хадгалаад гаргаж ирж байгаа тарган махаа хөлдүү мах гэж хэлдэг юм байна. Хонины хөлдүү гулуузуудыг харахад өнгө үзэмж сайтай, өөхтэй тарган санж. Ямааны гулуузын кг нь 6800-7200 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах хуршдаг учир хөлдүү адууны мах гэж байхгүй. Харин нойтон мах ховор ирж байгаа аж.
Гэхдээ энэ хаврын хувьд махны нийлүүлэлт мэдэгдэхүйц бага байгаа гэнэ. Өнгөрсөн намар ямаа, адууг их хэмжээгээр экспортолсон малчид тодорхой хэмжээний хуримтлалтай болсон учир өдийд малаа гаргаж мах болгож мөнгө олох гэхээсээ илүүтэй малаа төллүүлж, ямаагаа самнаж ноолуураа борлуулахад илүү анхаарч байгаа юм байна. Хэрвээ өнгөрсөн намар ямаа, адуугаа их хэмжээгээр гадагшаа гаргаж мөнгөжөөгүй бол өдийд малчид малаа зарж хүүхдийнхээ хонхны баяр мэтийн зардлын асуудлаа шийдэх байж. Тэрийг нь дагаж хот махны хомсдолд орохгүй байж. Махны нийлүүлэлт их байвал махны үнэ бага байх байж гэсэн дүгнэлт гаргаж болох юм. “Хүчит шонхор” захын хувьд олон давхар шалгалт, хяналтыг өдөр тутмынхаа ажилд нэвтрүүлсэн учир эрүүл ахуй, ариун цэвэр талдаа асуудалгүй. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүс цаг тутам хяналт тавина. Тус захын малын их эмч Д.Сумъяаболд “Бид махыг хаалгаар оруулж ирэхээс авахуулаад гаран гартал нь хяналт тавьдаг” гэлээ. Иргэдийн хувьд ойролцоох дэлгүүр, хүнсний захаасаа махаа худалдаж авдаг. Гэхдээ хааяа ч болтугай “Хүчит шонхор” захаас махаа худалдаж авах нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, шинэ мах худалдаж авна. Хоёрдугаарт, үнийн хувьд тодорхой хэмжээгээр хямд тусна. Гуравдугаарт, сонголт ихтэй. Дөрөвдүгээрт, эрүүл ахуй талаасаа найдвартай юм байна.
Тус захын Малын их эмч Б.Минжинтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Танай зах үүрээр хэдэд онгойж байна?
-04 цагт онгойж байгаа. Өвлийн улиралд 05 цаг гээд онгойдог.
-Мах орж ирэхэд эхлээд ямар шинжилгээ хийдэг вэ?
-Махтай машин орж ирэхэд эхлээд мэдрэхүйн шинжилгээ хийдэг.
-Тэр нь яадаг шинжилгээ вэ?
-Махыг харна, үнэрлэнэ. Тэгэхэд асуудалтай шинж тэмдэг илэрвэл манай захын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээнд оруулдаг.
-Монголчууд сүүлийн үед малаас хөндийрсөн учир малын махыг ялгаж чадахаа больцгоосон. Саяхан Баян-Өлгийгөөс үхсэн малын мах оруулж ирлээ гэж шуугьсан. Энгийн хүн үхсэн малын махыг ялгах ямар арга байна вэ, зааж өгнө үү?
-Өнгөний өөрчлөлт харагдана. Үхсэн малын махны уураг нь задарчихдаг учир өнгө нь ув улаан болчихдог. Үхсэн малын мах туранхай. Эхний шинжүүд нь эдгээр. Харахад л мэдэгддэг юм. Хар ч биш, гүн улаан өнгөтэй болчихно.
-Танайх махыг төрөлжүүлж зардаг. Махаа хэд ангилж борлуулж байгаа вэ?
-Адуу, үхрийн махыг нэг зааланд борлуулж байна. Хонь, ямаа, тэмээний махыг нэг зааланд, дайвар бүтээгдэхүүн тусдаа. Павилионуудад жижиглэнгээр биш, гулуузаар нь зардаг. Захын хойд хэсэг машин дотроос мах зардаг гэлээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН