Categories
мэдээ цаг-үе

Дуурийн урлагийн дуурьсах зүтгэлтэн

“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН 85 ЖИЛИЙН ОЙД


Далан жилийн өмнө Булган хангай нутагт Толя гэдэг орос нэртэй төрхгүй банди байжээ. Нэрийн хувьд ч яахав, эх баригчаа хүндэтгэсэн хэрэг биз. Ядахдаа нэг нүд нь цаанаа эрүүл мөртлөө наанаа төрөлхийн анимхай учир сохор гэж хочилдог нь юу чив дээ. Хэлэвээс хэлэв, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр сүрхий төрхгүйтдэг учир нэрмээс болсон ч байж магадгүй. Хүүхэд шинжих дуртай нутгийн өвгөд “Дашдаваагийн энэ өргөмөл олигтой хүн болохгүй байх аа” гэхэд зарим нь эцэг Лхагваагаа дуурайсан хөөрхөн хоолойтой юм. Хожим түүгээр хоолондоо хүрч магадгүй шүү” гэдэг байжээ. Энэ нь тэр үедээ хүмүүст үнэмшихэд амаргүй, үлгэр санагдсан ч байж мэднэ. Гэхдээ аль санаанд орошгүй юм болохыг тэр гэхэв.

Өнгөрсөн зууны 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам орон даяар өрнөж байхад гярхай нүдтэй билгүүн Ж.Дорждагва гуай “гажигтай” нүдтэнд юм байгааг олоод харчихжээ. Цагтаа бас Норовбанзадыг нээсэн хашир билээ. Энэ азтай мөчөөс Долгор эмээгийн ярьдаг бурхан Толя урлагийн моринд дөрөөлөх анхны алхмаа хийсэн гэнэ. Нэгэнт жолоо цулбуураа атгасан тэрбээр нисэн одох замдаа орж Болгар улсын Урлагийн академид суралцаад 1967 онд дуурийн дуулаачийн үнэмлэх өвөртөлчихсөн эх орондоо иржээ. Түүн дээр нь төрөлх нутгаа бэлгэдэж нэрлэсэн Эрдэнэбулган гэдэг нэр дурайж байлаа. Далаад оны улсын дуурь бүжгийн театрынхан түүнийг ажилдаа их эрчимтэй орсон. Дуурьт дуулахаар бэлтгэхийн хамтад Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” дууг анх удаа дуулж, Т.Чимиддоржийн “Ургацын далай” дуугаар газар тариаланг алдаршуулсан юм гэцгээдэг билээ.

Ерөнхий найруулагч Д.Лхасүрэн гуай, гадаадад суралцаж ирсэн залуу мэргэжилтнүүдийн тухай ярихдаа, “Болгарт манай дуучид бузгай болж ирдэг. Тэр дундаас Эрдэнэбулган суурь дэвсгэр багатай явсан гэхэд тун сайн болж ирсэн. Самбаатай, ажилд идэвхтэй бүтээлч хүн юм. Энэ залуу сайхан найдвар төрүүлж байна. Шинэдээ хэн хүнгүй л тэгдэг дээ. Эхлээд өөрийнхдөө тааруу, хүнийхэд илүү байдаг. Энэ хүүхэд бас тийм л байна. Харин нэг онцлог нь амархан чангарах янзтай. Фаустын Валентин, Евгений Онегиний Онегин энэ тэр ч цухалзуулаад л байна. Товчдоо маш чадамгай, их өвөрмөц байх гээд байна. Үндэсний дууриас “Учиртай гурав” ч хэлээд өгөв. Мэргэжлийн хүмүүс, Цэвэлсүрэн энэ хоёрын тоглолтыг сайн үнэлж Эрдэнэбулганыг шууд театрын тайзанд гаргалаа. Төгсөж ирээд хоёрхон жилийн дотор шүү” гэж байж билээ.

Эндээс эхлээд Эрдэнэбулган “Учиртай гурав”т 319 удаа тоглож, нийтдээ гадаад дотоодын хорь гаруй дуурьт дуулжээ. Үүнийг багш нь том амжилт, улам ахина. Бид ч дэмжээд найруулагч болгоно гэж хэлсэндээ хүрсэн гэдэг юм.

Энэ талаар ярихыг түр азнаад “Учиртай гурвын” тухай хэдэн үг хэлмээр болов.

* * *

Түүний тухай ярих гэхлээр эртний явдлууд сүүмэлзээд, элдэв сонин чимээ сонсогдоод байдаг билээ. Энэ сацуу өвгөн багш маань шоволзоод гараад ирнээ. Намдаг багш биднийгээ орхиж одоод гучин таван жил болсон ч гэлээ, түүнээс арван жилийн өмнө ярьсан яриа нь өчигдөрийнх шиг санагдана. Хөөрхий минь. Сайн хүн холдох тусмаа ойртоно гэдэг энэ байх даа.

Намдаг багш гарын шавь нартайгаа энгийн яриа дэлгэн суухдаа их Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын тухай дурсах дуртай байсан билээ. Энэ удаад Нацагдоржийн талаар ярьснаас нь та нарын сонорыг мялаая.

-За байж, одоо чинь далан дөрвөн он билүү. Яг гучин жилийн өмнө гээд цонхоор харснаа, ийм л нэг хаврын хуйсагнасан, гудамжны шороо боссон зэвэргэн өдөр Нацагдоржтой уулзах гээд явж билээ гээд бодлогоширно. Тэгээд хайрцагтай улаан дүнсээ шүүрэн авч тагийг нь нясалснаа онгойлгоод шалмаг ороож шилэмдээд уруулдаа наалдсан иш навчханыг тургих зуур хоёр нэг хүчтэй сороод дээш цоргих утааг нь харж бодолхийлснээ,

-Намайг очиход Нацагийнх маань эхнэр, хүүхэдтэй тохижсон юм шиг мөртөө зутруу байж билээ. Цэл залуу царайлаг орос эхнэр нь нойтон мод утаа саагсан ханан пийшинд чихээд, Нацаг маань дулаан дээл өмсчихсөн өөжинтэй хүүхдээ хараад инээмсэглэн сууж байж билээ. Бичгийн ширээн дээр ном цаас овоолоотой. Би түүнийг нь хараад, ийм завгүй хүнд ажил удах гэж ирж байх гэсэн шиг бодож суув. Нацаг, намайг ирсэнд ихэд олзуурхсан янзтай,

-За тэгээд сонин сайхан юутай вэ. Ажил хэр бүтэмжтэй байна вэ. Шинэ жүжиг тавьж байна уу гээд шууд яриа өдөж билээ. Ингээд би ч уухайн тас л юм боллоо гээд л догдлонгуй ярьж гардагсан. Тэр тухайгаа ч бас бичсэн бий. Энэ ялдамд хэлэхэд манай багш, Төв театрын тухай, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн тухай зэрэг цөөхөн дурьдатгал бичсэний нэг, миний эмхэтгэн хэвлүүлсэн “Шинэ Монголын шинэ театр” ном нь Хөх хотод хуучин монгол бичгээр саяхан хэвлэгдсэн юм. Энэ номд бичсэнээс үзвэл, Нацагдорж тэр хоёр хуучин танил, “Би биш” жүжгийн зохиол хамтран бичиж театрт тавиулах зэргээр ойр дотно явдаг анд нөхөд билээ. Тиймээс найруулагч эрээлэлгүй, зохиолгүйн зовлонгоо эхэлсэнд, зохиолч анхааран чагнаж байснаа,

-Та нарт урьтаж бодсон, тиймэрхүү сэдвийн юм гэж сонгосон юм байна уу гэж асуув. Найруулагч цогногосхийгээд,

-Байна. Хүмүүс сонирхох нь дээр байх. Дуу хууртай, хөгжөөн наргиантай үйл явдал зүгээр гэж бодож байгаа гэв. Цаадах нь, яг хийх гэхээр бас амаргүй дээ гэж бувтнаснаа,

-Миний санаанд нэг домог байгаа юм. Оролдвол юм болмоор… чиний санаанд нийцэх эсэхийг мэдэхгүй байна гэсэнд наадах нь ихэд олзуурхан,

-Сонин явдалтай домог бол тун зүгээр алив сонсъё гээд сандлаа урагшлуулан дөхөв.

Хүссэн ёсоор нь Нацагдорж Юндэн гөөгийн домгийг ярьж, Намдаг түүнийг нь уриалгахан хүлээн авсан мөчөөс шинэ Монголын анхны үндэсний дуурийн үндэс суурь нь болсон “Учиртай гурван толгой” хэмээх дуулалт жүжиг бий болсон түүхтэй билээ.

Энэ тухайд бид ч олон асуусан, багш маань ч тэр тоолонд зугаатай хууч хөөрдөг байлаа.

-Бид хоёр анхнаасаа тусгай хөгжим бичүүлэхгүй, ардын дуугаа ашиглана гэж тохирсон юм. Энэ ч бас ажилд нэг алхам дөхөм. Зураачийн хувьд монгол, орос хоёр хүн томилсон. Тэгэхээр би бол зохиол бэлэн болмогц ажлаа эхэлж болох байсан. Нацаг ашгүй нэгдүгээр үзэгдлийг долоо хоногийн дотор бичээд өгсөн. Арав хүрэхгүй хүн тоглох юм чинь манай хэдэн залуу зохиолоо аваад л өрөө тасалгаа ч гэхгүй гудмын үзүүр, цонхны тавцан дээр сууж байгаад цээжилж, харилцан ярилцдаг байлаа. Бүх юм одоотой адил байсангүй, ховор зэвэр ч байж. Баргийн юмыг голж гоодох ч үгүй, олдсоноороо, бололцооны хэрээр хэрэглэдэг байж. Үнэндээ, бидэнд тухлах, ямбалах санаа ч байхгүй, сачий ч байгаагүй дээ. Нацаг маань зөв хүмүүжилтэй, ер нь яс хүн байсан юм шүү. За гэвэл, ёогүй хүн. Жүжгийн эхний гурван үзэгдлийг хэлсэндээ долоо долоо хоногийн завсартай бичээд өгчихлөө. Хэн хүнгүй, урам зориг ч сэргэлээ. Манай хэдэн залуу жүжигчин ч өлөн ховдог амьтан шиг зохиолыг шүүрч аваад дор нь цээжлээд харилцан ярилцаад өөрийн болгочихно. Тэд хэн байв. Цагааны Цэвэгмид, Хандсүрэн, Жадамбаа, Дэвээ, Цэндээхүү, Дагийсүрэн, Сосорбарам… эд нар чинь өнгө үзэмжтэй, залуу бол залуу, ёстой галзуу авьяастнууд байлаа. Эд нар бол ирээдүйд Монголын урлагийг нуруун дээрээ үүрэх тавилантай залуус байсан юм. Зарим нэг нь муу хүмүүсийн нөлөөнд орж цааш хол яваагүй ч гэсэн, урлагт нэрээ хугалаагүй юм. Энд би, Сосорбарамыг хэлж байна. Ёстой нэг дүрэлзсэн авьяастан гэж түүнийг хэлнэ. Бусад нь яриа юу байхав. Цөмөөр шатаж явах, бурханаас бидэнд илгээсэн элч байлаа. Дарга нар маань ч мөнгө санганд гар татсангүй. Бүх театрыг энэ жүжиг рүү хөдөлгөлөө. Тэр үед хүнд суртал гээч юм бага байсан юмуу. За ямарч гэлээ, одоотой адил байгаагүй. Тийм учраас нэгэнт эхэлсэн ажил эцсээ хүртэл явдаг байлаа гээд багш маань тамхи руугаа гараа дөхүүлэв. Хөөрхий минь, энэ утгагүй юманд яасан ч дуртай байгаа вэ дээ. Хайран сайхан биеийг нь мэрж байгааг мэдэхийн дээдээр мэдэх л хүн дээ. Түүнийг тоох ч үгүй сороод, тэрүүхэндээ их л тавтай байх шиг харагддагсан. За би ч хүн хэлэлтгүй ээ, улаан тамхины угалзалсан саарал утаанд тойвшоож байдаг мөртөө, та наадахаа боль гэж хэлж байгаагүй л юм даа. Мөн ч тусгүй хүн дээ би.

Багш маань тамхиа хэд сорж, утаагаа үлээчихээд,

-Ер нь бүтэх гэсэн юм бүтдэг учиртай. Мөн үү. Саад учирсан ч бүтдэг номтой. Бид эхний гурван үзэгдлээ цэгцэлчихээд сүүлийн үзэгдлээ хүлээж, яарч байлаа. Би гүйгээд л Нацаг дээр очно, тэр маань гэнэгүй сайхан инээчихээд “Нааяа минь нэг л болохгүй байна” гэнэ. Би гацаж гэж бодоод, урьд ярьж тохирсноороо хийчих гэж шаардах өнгөөр хэлнэ. Мань хүн инээмсрээд,

-Тэр ч тэгнээ. Одоо зохиол бичихэд саад гараад байгаа юм аа. Яаралтай хийх юмыг алгуураллаа гээд албанаас зэм ирээд байнаа. Түүнийг яаравчлалгүй тун горьгүй. Тэгээд муу нөхөр чинь шалбалзанаа гэж учирлана. Би яаруу болоод тэгсэн үү, ийм үг цөхөртлөө сонсож тоймгүй их удсан шиг санан бачимдана. Сүүлдээ жүжигчид ч цөхөрлөө. Дарга нар ч ярваганалаа. Найруулагч би ч худалч, хуумгай гэж үзэгдэх шиг боллоо. Тэгсэн хэр нь би Нацагт уурлаж, хатуу үг хэлж чадахгүй, дэмий л тэднийхээд явж байгаад буцна. Өдөр шөнөгүй шанална. Цаг ч яваад л хаврын урт өдрүүд ч сунаад л байлаа. Одоо яах вэ гэж би өөрөөсөө асуугаад хариу олдохгүй, үхэх ихдээд, уйлах багадаад учраа олохоо байлаа. Ямар сайндаа тэгэх вэ. Хүн оруулахгүй гэж хаалгаа дотроос нь түгжчихээд цонхоор ширтэн баахан гөлрөв. Тэгтэл тэртээх хашааны булангаар Нацагтай адилхан хүн гарч ирсэнээ харахын зуур бултгасхийгээд алга болчихлоо. За тэр ч яахав, биш л байгаа биз гэсэн шиг цөхрөн байтал дахиад гараад ирлээ. Нацаг шив дээ гээд ажвал мөн нь мөөн. Тэгэхдээ цүнхгүй юм. Дахиад гонсойв. Оруулах уу, байх уу гэсэн шиг их зантай зогсож байтал хаалга цохив. Дахиад цохилоо. Янз нь Нацаг мөөн. Би хэрдээ ихэмсэг байя гэснээ, түүнийхээ ялдамхан инээмсэглэхийг хараад яаж ч болсонгүй. Нацаг маань аргадсан янзтай,

-За Нааяа минь, би чамайгаа ойлгож байна аа. Тэгэхдээ би хоосон ирлээ. Муу нөхөр чинь албаны юмсыг цөмийг хийгээд өгчихлөө. Тэд нэг хэсэгтээ надаас нэхэж шаардах юм байхгүй болсоон. Би одоо тайван суугаад жүжгээ дуусгана. Өөр ч хийх юм бий. Энэнийг хэлэх гэж л ирлээ. Гурваас илүү хонохгүй эргээд ирнэ ээ гэв. Би Нацагийн найдвартайг мэдэх мөртлөө гурав хоног хүлээх хэцүү шиг санагдаад ер баярлахгүй байж билээ. Зохиол мөд ирнэ гэж хүнд хэлсэн ч үгүй. Харин чиг тэвчээртэй бай, жүжиг зохиох хэцүү. Тэр дундаа төгсгөл үзэгдэл хийнэ гэдэг маш хэцүү гэж жүжигчдээ бүр санаатай мохоож байх мөртөө өөрөө яараад л байж билээ гэснээ гол яриагаа орхичихоод өөр тийш хадуурах янзтай болчихлоо.

Багш маань үе үе тийм зан гаргадаг болохоор бид хачирхсан ч үгүй чагнаж л байж билээ.

-Одоо бол тийм богино гуравхан сарын хугацаанд ийм зохиолыг бичихгүй. Бичиж гэмээ нь яаж зовооно гэж санана. Тэр үед бичдэг хүн цөөн чадах нь бүр ховор байсан. Нацаг тулдаа л “Учиртай гурвыг” бичсэн. Харин хөлс шагналын хувьд бузгай өгсөн байх юмдаг. Тэр үед театраас мөнгө салгах хэцүү байсан. Одоо ч дээрдсэн юмгүй. Гар дээрээ мөнгө тавьсан хойноо л мөнгөтэй боллоо гэж бодно. Энэ мөн үү, мөөн гээд инээснээ, Мягмарыг хараад,

-Чи сая жүжгээ тавиулсан хүн мөнгөө авсан уу гэсэнд цаадах нь,

-Авсаан гэв. Багш

-Зүйтэй… Нэгэнт хийснээс хойш хөлсөө авалгүй яахав гээд инээнгээ гар нь тамхи руугаа явна. Энэ ч бас нэг ёсондоо бидэнд юм асуух завсар, багш ч сонирхолтой яриагаа таслахгүйг хичээх мэт. Мягмар асуултын хариу барих гэсэн шиг,

-Найруулагч, харанга цохих гээд цаг харж зогсох мөч сонин юм шүү гэсэнд багш илт сэргэж,

-Тэр агшинд энэ маш чухал санагдсан юм. Тэгээд би өөртөө үүрэг болгосон хэрэг. Энэ намайг догдлуулж, жүжигчид маань алдах вий хөгжим саадгүй байгаасай гэж өрж гарж байсан боловч бүх юм санаснаар сайхан болж үзэгчдийн алга нижигнэхэд дотор онгойж, хоёр мөрөн дээрээс нэг их хүнд юм авчих шиг болоод, хөшиг хаангуут суун тусаж, жүжигчид хувцсаа солихоор гүйн одоход би тайзан дээрх жижиг сажиг юм янзалсан шиг болж байтал хэн нэгний хүнд алхаа цочоож билээ. За байз. Ямар гайхал нь вэ гэсэн шиг бодож байтал Нацагдорж ирэх шиг санагдав. Энэ зуур “Би урихаа мартсан байна шүү дээ” гэж бодмогц дотор аягүйдсэнээ, дүүрсэн хэрэг хэнэггүй л байя” гэж шийдтэл мань хүн, инээд алдсаар тулаад ирлээ. Ямарч гэсэн би эхэлж дуугарах ёстой гэж бодсон мөртөө үгээ олохгүй.

-Чи маань яаж оров оо. Би санасаар мөртөө урилга өгч чадаагүй… гэтэл мань эр,

-Тэр яах вэ. Би билет аваад үзсээн гэв.

-Миний асуулт, үүний хариулт хоёр яасан ч эвцгүй юм болов доо гэж хулгаж билээ. Үнэндээ зохиолчоо мартана гэдэг бол алтыг нь аваад авдрыг нь хаяв гэсэн л үг. Ийм сайхан юм хийгээд өгч байхад, хичнээн ч их ажилтай байсан гэсэн, Нацагаа мартана гэдэг миний хувьд том нүгэл болсон. Энд би далим гарсан дээр нэг юм захья. Бүх юм зохиогчтой, үүсгэгчтэй, голлон хөгжүүлэгч өөрөөр хэлбэл үүрч явдаг хүнтэй байдаг. Түүнийг “Мартаж болохгүй ээ. Тэр үед Нацагаас өөр хүн бол надад уурлах байсан. Гэтэл тэгээгүй. Харин ч мэдээд өөр үгээр дүйвүүлж”,

-Ишдорж багш чи бидэнд баяр хүргэж байна. Санаанд нь таарчээ гэж хэлээд, хамгийн нүүрэнд суусан багшаасаа бүх жүжгийн турш айж, халгаж байсан сэтгэлийг минь амрааж билээ. Багш маань хамгийн түрүүнд “Учиртай гурвын” тухай дуугарч, энэ жүжиг дэлхийн ямар ч жүжгээс өөр, өөрийн үндэстний онцлогийг сайн харуулсан онцгой бүтээл болжээ гэж нотлоод биднийг шинэ юм хийж чадсан байна гэж дүгнэн амжилт хүссэн юм. Дараа нь Дамдинсүрэн, Буяннэмэх нар ч бичсэн. Намайг Дамдинсүрэн гуай магтаад ийм хүнийг тал бүрээр дэмжихийг уриалсан. Буяннэмэх шинэ жүжгийн өгөөж, цаашдын нөлөөг улам их болно гэсэн. Энэ бүхэн ёсоор болсныг өнөөдрийн явдал харуулж байгаа. Дамдинсүрэн гуай дуулалт жүжгийн үйл явдлыг нь өргөтгөж зөрчил тэмцлийг нь хурцатган бичсэнийг түүний амьдаа бүдүүн Дамдиа дуурь болгосон. Энэ бол их амжилт. Одоо бол манай урлагийн нүүрийг тэр тахалж байна аа гэхэд, хэн нь билээ бидний нэг,

-Танд дуурь ямар санагддаг вэ гэсэнд багш,

-Сайхаан сайхан гэснээ бяцхан бодлогошроод, урьдын туршлага, уламжлалыг дутуудуулсан тал бий. За тэр яахав, тийм ч биз, үгүй ч биз. Ер нь “Учиртай гурвын” их нөлөө, үр ашгийг яавч үгүйсгэж болохгүй. “Учиртай гурвыг” театр дөчин жил тоглож байна. Өдий жил, театрыг тэжээгээд зогссонгүй, Монголын ард түмний оюуны соёлыг хөгжүүлэхэд хэмжээгүй тусалсан. Энэ жүжгийг найруулсан, түүнд тоглосон, ер бүх оролцсон хүн өсч хөгжлөө. Дагаад соёл урлаг ч хөгжлөө. Таануус энэ театрыг хараад бод гээд залхуу нь хүрсэн янзтай, ширээгээ зөөлхөн алгадсанаа гашуун улаанаадаа гараа гулсуулж байж билээ.

* * *

Түүнээс хойш олон жил өнгөрчээ. 2019 он гарах гэж байхад “Учиртай гурав” телевизээр гарав. Үүнийг Эрдэнэбулган хийсэн юм байна. Үүнээс улбаалаад, миний бодол өнгөрсөнөөд явж өглөө. Тэр зэрэгцээ “Учиртай гурвыг” найруулсан танил хүмүүс, дуулаачид үзэгдээд л, “Өнөө гайхал Юндэн чинь, өөдөөс гараад ирлээ” гэсэн аргил хоолой хүнгэнээд эхлэв. Танил сайхан хоолой… Энэ сацуу дуурийн дуулаач, найруулагч, кино жүжигчин Эрдэнэбулганы хэгжүүн мөртөө шийдэмгий царай тодроод ирэв. Яг нэг жилийн өмнө хүүхдийн зохиолч Шаравын Энхбаярын “Нарны хүүхдүүд” тоглолтыг найруулж байхдаа харж байсан харцаар ширтэж байлаа. Түүний сэтгэл хүүхдийн уран бүтээл хийхээр шийдээд Энхбаярыг сонгож авчээ. Тэрбээр түүний дууны түүврийг заагаад “Энд юм байна. Хөгжүүлэх ёстой” гэж байв. Тэгээд ч хэлсэндээ хүрч “Нарны хүүхдүүд” тоглолт бэлтгэж Улаанбаатар чуулгын их танхимд хоёр өдөр үнэгүй тоглолт хийсэн билээ. Энэ нь хүүхдийн зохиолчдын хувьд бие даасан анхны уран бүтээлийн тайлан тоглолт юм. Эрдэнэбулган тайзан дээр тоглогч хүүхдийн дунд баясгалантайяа зогсож байх нь аавтайгаа жигтэйхэн адилхан харагдав.

Дөчин таван жилийн өмнө МУИС-ийн хаминдай байсан Лхагваа гуай оюутнуудад, элгэмсэг ханддаг байлаа. Дотуур байр анги танхимаар өдөр бүр орж гарч хэлэх юм байна уу гээд аядуухан инээмсэглэн зогсож байдаг сан. Энэ үед бид Лхагваа гуайн хүү Эрдэнэбулган ЗХУ-д найруулагчийн сургуульд сурдгийг мэдээд эчнээ танил болсон ч уулзаж учирч байгаагүй. Харин Ленингадад суралцан хөгжмийн найруулагч болоод улсын Дуурь бүжгийн театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар шат дараалан дэвшсэн үед нь бид жаахан ойртсон юм. Урлагийн хашрууд дуулаачаас найруулагч болох нь ховор гэцгээж чухам юу бүтээхийг нь тандаж байх шиг байлаа. Энэ үед Лхасүрэн, Гончигсумлаа, Чулуун, Уртнасан бид яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байсан учир юу эсийг ярьсан л байлгүй. Тэгэхдээ бид тэр айхавтар үзэл сурталжсан үед толгой ороох хов ярьдаггүй, урлаг утга зохиол л ярьдаг байсан даа. Цаад Эрдэнэбулган чинь чанга шүү. Би наадахыг чинь театртаа тавих гэж найруулагч болсон юм гэж байгаад “Карменийг” найрууллаа гэж Лхасүрэн багш нь бахдан ярьж байсныг би санаж байна. Бас “Үнэн” дуурийг шинэчилж тавихдаа Гончигсумлаатай маргаж, зохиол болон аялгууг засуулж түүнээс “Том найруулагч” гэсэн үнэлгээ авсан ч гэж дуулсан билээ. Тэрбээр дуулаач байхдаа дуулсан дүрүүд шигээ хорь гаруй дуурь найруулсан гэж ярих юм билээ. Нэг сэтгүүлч түүнтэй ярилцаж байхдаа,

-Та их юм бүтээсэн хүн юм аа гэж дуу алдсанд,

-Би ганцаараа бол юу гавих вэ дээ. Энэ чинь хамт олны буян, тэдний дэмжлэг гэж хэгжүүхэн хариулсныг ч олж харж билээ.

Энэ хүн, том хамт олныг зохион байгуулан удирдаж чаддагаа нэгэнтээ харуулсан хүн юм.

Цаг төр хямарч, хамаг юм үймэрч, эх толгойгоо алдсан 1990 оноос дуурийн театрын даргаар томилогдоод, өөрчилж шинэчлэх гэж дээш доош гүйж дөрөв таван жил сандарсан ч гэсэн театрынхаа тоног төхөөрөмжийг бүрэн өөрчилж чадсан л юм билээ. Энэ бол наад захын л ажил нь.

Урлаг судлаачид түүнийг шинэчлэл өөрчлөлт хийсэн гэж дүгнэдэг. Тавь жаран жилийн турш цуцалтгүй давшсаар алхам ухарч үзээгүй энэ хүн шинэ сайныг санаачлан бүтээлгүй яахав. Олон түмэнд туслах нь ч мэдээж. Түүнийг Буриад Якутад очиж ажилласан, дөрвөн зуун концерт найруулсан энэ тэр гэж бичдэг. Энэ ч наад захын явдал даа.

Эрдэнэбулган эдүгээ ч ахисаар л байна. Кино жүжигчин, найруулагч, зохиогч, болчихсныг нь харцгаа!

Гэрч нь гэвэл “Чин ван Ханддорж”, “Их хувь заяа”, “Үхэж үл болно, Чингис хаан”, эдүгээ хийж байгаа “Амар сайд” гэж ам бардам хэлье. Тэрбээр төр, цэргийн зүтгэлтэн Магсаржавын дүрийг өвөрмөцөөр бүтээж, тууштай эх оронч, эрэлхэг жанжин, хүн шиг хүн гэж чадамгай харуулж чадсан учир “Баатар ван” гэж өргөмжлөгдсөн нь ховор тохиолдол хэмээн үзэлтэй. Энэ бүхий үйл явдал нь түүнийг бусдаас буюу урлагийн олон алдар цуутнаас онцгой харагдуулж байгаа билээ. Урлаг судлаачид, Эрдэнэбулганыг Монголын соёл урлагт нээлт шинэчлэлт хийсэн гэж нотолсныг төрөөс 1994 онд буюу хорин таван жилийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж баталгаажуулсан байна.

Лхагвагийн Эрдэнэбулган ч хийсэн ажил, авсан шагналдаа эзэн болж Монголын дуурийн урлагийн дуурьсах зүтгэлтэн ийм байдаг юм гэдгээ харуулж чадсан байна.

Х.Зандраабайдий

2019.1.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *