Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Та арван жилийн өмнөөс С вирусийн эсрэг эмийг Монголд таниулж, энэхүү өвчнөөр шаналж байсан олон хүнд итгэл найдвар өгсөн. Эмийн талаар хэрхэн олж мэдэж байв?

-Би өөрөө элэгний эмч хүн л дээ. Гадна, дотны олон улсын хурлуудад их сууна, шинэ судалгааны дүнгүүдтэй байнга танилцаж явдаг. Тиймдээ ч хаана, ямар эм шинээр гарахаар яригдаж байгаа, үр дүн нь хэр байх эсэх тухай мэдээллийг байнга авдаг. Тухайн үед ч тэр, олон улсын хуралд оролцож явахдаа С вирусийн эсрэг 14 төрлийн эм яригдаж байгаа талаар олж мэдсэн юм. Судалгааны түвшинд байгаа тэдгээр эмнүүд зах зээлд гарсан тохиолдолд С вирус бүрэн устах нь гэж ойлгож авсан. Удлаа гэхэд Монголд таван жилийн дараа ороод ирэх юм байна гэх төсөөлөлтэйгөөр энэ талаарх мэдээллээ сонин дээр нийтэлж байсан.

-С вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхлэхэд хүмүүс юу гэж хүлээж авч байсан бол?

-“Таван жилийн дараа Монгол Улс С вирусаас айхаа болино” гэх утгатай нийтлэл гарсан даруйдаа шуугиан тарьж байсан юмдаг. Хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байсан. Тухайн үед С вирусийг арилашгүй, үхлийн вирус гэж үздэг байлаа. С вирусийн эсрэг ганцхан тариа байсан нь хүний биед хор нөлөөтэй, өндөр үнэтэй байлаа. Өндөр үнэтэй учир хүмүүс тэр бүр эмчилгээ хийлгэж чаддаггүй байв. Нийтлэл гарсны дараа хүмүүс “Энэ үнэхээр үнэн юм уу. Ямар сайхан мэдээ вэ”, “Үнэхээр бүрэн арилах уу” гэж байлаа. Зарим нь “Битгий худлаа яриад бай”, “Хэрвээ С вирусийг арилгачих юм бол чамд алтан хөшөө босгож өгье. Төрийн соёрхолтод тодорхойлъё” гэх мэтээр ч ярьж байсан. Тэр бүү хэл манай эрүүл мэндийн салбарынхан ч итгэж чадахгүй “Үнэн юм уу. Гоё сайхан зүйлүүд яригддаг ч худлаа байдаг шүү дээ” гэж ч байсан юм. Миний ярьж байсан үнэн гэдэгтэй өнөөдөр маргах хүн байхгүй болов уу. Одоо бол С вирусээс айдаг хүн байхгүй болчихсон. Зарим тохиолдолд ханиаднаас ч амархан эмчлэгддэг.

-Тэр эмийг хамгийн анх та оруулж ирж байсан уу?

-C вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхэлснээс хойш гурван жилийн дараа би Эрүүл мэндийн дэд сайдаар очсон юм. Яаман дээр очсон даруйдаа л өнөөх эмийг хэрхэн Монголд оруулж ирэх талаар судалж, Гадаад харилцааны яам руу албан бичиг бичиж ч байлаа. Дэлхийн зах зээлд зарагддаг үнээр нь монголчууд худалдан авах боломжгүй байсан л даа. Гурван сарын хэрэглээ нь л гэхэд 90 гаруй мянган ам.доллартай тэнцэхүйц байсан. Тиймээс манай улсад зориулсан үнийн тариф гаргаж өгөөч ээ гэдэг саналыг тавьж байсан юм.

-Тэгээд таны саналыг хүлээж авсан уу?

-Яг тийм. Өнөөдрийн байдлаар 40 орчим мянган хүн эмчилгээнд орчихсон явж байна. C вирусийн эсрэг эмийн талаар ярьж эхлээд хэдийнэ 10 жил болчихжээ.Үнэнийг хэлэхэд энэ хугацаанд их л юм боллоо доо. Эрүүл мэндийн яамныхандаа элдвээр хардагдаж, сэрдэгдэж ч байсан. Н.Удвал сайд маань миний эсрэг үйл ажиллагаа явуулсан. Тэр хэрээрээ С вирусийн эсрэг эмийн бүртгэл удааширч ч байсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр “…Эмийг бүртгэх эсэхийг яам хэлэлцээд сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан байгаа. Эмийг 900 ам.доллараар оруулна гэснийг дэд сайд Ж.Амарсанаа 1800 ам.доллараар оруулж ирнэ гэсэн… Дэд сайд элэгний С вирустай хүмүүсийг өрөөндөө бүртгээд суудаг болсон” гэж ярьсан байдаг юм. Үүнээс үүдэн ард түмний дунд ч дутуу туршигдсан эм юм биш үү гэх эргэлзээ төрж эхэлсэн юм. Монгол Улсад оруулж ирэх хамгийн хямд үнэ нь тэр байсан л даа. Миний хувьд сайдыг шүүхэд өгч, гурван шатны шүүхээр бүтэн жилийн турш явсан.

Харин дээд шүүхээс “Амарсанаа ямар нэгэн худал мэдээлэл өгөөгүй. Ямар нэгэн ашиг сонирхол хайгаагүй” гэсэн байдаг. Гэсэн ч би Н.Удвал сайдад жаахан гомдоод л байдаг юм. Одоог хүртэл надаас нэг ч удаа уучлал гуйгаагүй. Гэхдээ уучлал гуйсан ч, гуйгаагүй ч ард түмэн тэрхүү эмийн үр дүнг хүртээд явж байгаа нь сайхан юм. Нэг ч болтугай хүн С вирусээсээ салахад надад баярлах сэтгэл төрж байдаг. Миний өдөр бүхэн баяр хөөрөөр дүүрэн өнгөрч байгаа.

-Нийгмийн даатгалаар вирусээ тоолуулах, эмчилгээ хийлгэх зардал нь хөнгөлөгддөг. Тэр хэрээрээ эмчилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байдаг болов уу.

-Эмчилгээнд орох, вирусээ тоолуулах эрх нь үнэ төлбөргүй байгаа. Харамсалтай нь С вирусийн эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо хангалтгүй байна. Улсын хэмжээнд 210 мянган хүн идэвхтэй С вирус тээж явна. Түүнээс 40 орчим мянган хүн л эмчилгээнд хамрагджээ. Бусад хэсэг нь хэнэггүй байдал гаргаж эмчлүүлэхээс цааргалаад л явна гэсэн үг. Тэр хүмүүст С вирусийг устгах энэ эм, эмчилгээ тийм ч амар замаар орж ирээгүй юм шүү, тэр олон хүний хичээл зүтгэлийг үнэлээд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө багахан цагийг гаргаарай гэж хэлэх байна. Тоохгүй яваад байвал нэг л өдөр элэгний өвчин чинь даамжирч хатуурал, хавдар болно. Тэр үед та бүхэн хэдэн мянга дахин өндөр үнээр элэг солиулах хагалгаа, хавдрын эмчилгээнд орно. Энэ бүхэн та бүхний болоод Монгол Улсын эдийн засагт хохиролтой юм шүү, аминдаа хайртай байгаа ч ээ гэж хэлэх байна.

-В вирусийг бүрэн дарах эм, эмчилгээ яригдаж байгаа болов уу?

-В вирус дээр 30-аад төрлийн эм яригдаж байна. Гэхдээ үүн дотор В вирусийг үндсээр нь устгаж чадах эм алга. Үр дүнтэй эм гарсан тохиолдолд энэ талаарх мэдээллийг ард түмэндээ өгнө л дөө. В, С нь газар тэнгэр шиг ялгаатай вирусүүд юм. В вирусийн ген элэгний эсийн гентэй холилдчихдог. Хичнээн В вирусийг устгалаа ч вирусийн ген нь хүний гентэй холилдчихсон учраас тэндээс нь дахиад л вирус гараад ирдэг. Хүний ген дотор байгаа вирусийн генийг салгаж авдаг эмчилгээг анагаахын шинжлэх ухаан одоогоор олоогүй байна. Мөн В вирус элэгний эсэнд орохоороо CCСДНК-г бүтээдэг. Үүнийг устгах боломж бүрдлээ ч хүний өөрийн ДНК-г устгах аюултай. Учир нь хүний болоод вирусийн ДНК нь маш ижил бүтэцтэй юм. Хүний ДНК-г устгаад байх юм бол элэгний эс нь хавдар болох, эсвэл элэгний эс үхэх аюултай байдаг.

-Манай улс элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг гэгддэг. Энэхүү өвчлөл их байгаа нь юутай холбоотой юм бэ. Мэдээж В, С вирус орж таарах байх?

-Элэгний өвчлөл дөрвөн их үүсвэртэй байна. Элэгний В, С вирус, архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, элэгний өөхжилтөөс үүдсэн өвчлөл их байна. Манай улсын элэгний өвчлөлийн 98 хувь нь В, С вирус болон архины хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэлтэй байгаа юм. Харин цаашлаад элэгний өөхжилтийн гаралтай хавдар, хатуурал ихсэх хандлагатай байгаа. Хөгжингүй орнуудад тэр дундаа Японд В, С вирусийг цурманд оруулчихсан. Гэтэл өнөөдөр Японд элэгний өөхжилтийн гаралтай хорт хавдар нэмэгдчихлээ. 30 жилийн дараа ч манай улсын иргэдийн элэгний өвчлөлийн тал, талаас илүү хувийг өөхжилтийн гаралтай хорт хавдар эзэлж магадгүй байна. Эдгээрээс гадна архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн элэгний өвчлөл их байгааг дурдах нь зүйтэй. Архи элэгний хорт хавдар үүсгэх чадалтай эд шүү дээ. Мөн элэгний өөхжилт, хатуурал, үрэвслийг ч нэмэгдүүлэх аюултай.

-Монгол хүний нас баралтын гол шалтгаан болж буй өвчин нь юу вэ?

-Зүрх, судасны өвчин. Зүрх, судасны өвчлөлийг бууруулахын тулд мацаг барих болон транс тос, давсны хэрэглээг багасгахаас өөр аргагүй. Энгийн иргэд транс тосыг хэрэглэсэн хэвээрээ л байна. Энэ нь төрийн бодлого муу байгаагийн л гол жишээ шүү дээ. Мөн бид цус харвалтын гаралтаараа дэлхийд хоёрт орчихсон. Буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол ямар ноцтой хэмжээнд хүрчихсэн байна вэ гэдгийг дээрх судалгааны дүнгээс харж болохоор байгаа юм. Мөн ходоодны хорт хавдар маш их нэмэгдэж байна. “Ходоодны хорт хавдарын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулаад сууж байгаа минь ийм шалтгаантай. Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь хеликобактер. Монголчуудын 82 хүртэлх хувь нь хеликобактертай. Мөн монгол хүний нас баралтын нэг шалтгаан нь гадны шалтгаант нас баралт байна. Тодруулбал, амиа хорлолт, осол гэмтэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй зэргээс үүдэлтэй холбоотой нас баралт байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *