ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд М.Клеческийд баяр хүргэж, түүний Элчин сайдын ажлын гараа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өргөжиж буй үед эхэлж байгааг онцлов. Элчин сайд Вашингтоны зүгээс Монгол Улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар ярилцаж, ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй ГХЯ, Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт, Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны VI уулзалтын бэлтгэлийн талаар санал солилцов.