“Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Ээлжит бус чуулганаар гурван Шүүгчийн эрх зүйн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг хуульчид шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж буй. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийг сэргээх боломжуудыг тодорхой тооны хүмүүс эзэлчихсэн. Энэ хүмүүс хууль шүүхийн шийдвэр гаргалтад нөлөөлж байна гэдэгт олон хүмүүс бухимдаж байгаа юм. Албан тушаалтанд үйлчилдэггүй, ард иргэдэд чанга үйлчилдэг нөхцөл байдал байна уу гэвэл 100 хувь тийм гэж хэлэхгүй ч ерөнхийдөө ийм зүйл байна. Хүнийг хэлмэгдүүлдэг, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр гэмт хэрэгтэн мэтээр сурталчилдаг нөхцөл байдлууд бий. Тэгэхээр яалт ч үгүй хуулийн тогтолцоог ямар ч хүн дарга байсан сайжруулах ёстой. Энэ бол нэгдүгээр асуудал. Гэтэл хуулийн тогтолцоог сайжруулах ямар арга замууд байна вэ. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг шиг хууль бус зүйлийг таслан зогсоохын тулд хууль бус хэлбэрээр тэмцвэл урт хугацаандаа системд аюултай. Тиймээс засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдалд оруулж байгаа хэрэг юм биш үү гэсэн асуудал байна. Шүүх эрх мэдэл нөгөө хоёрыгоо хянаж байх ёстой. Гэтэл шүүхийг бие даасан байдлаас нь салгаж хэдхэн хүний үзэмжийн асуудлаар шийддэг болчих вий гэдэгт хуульчдын санаа зовж байна. Өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар хүмүүс байгаагаас үл шалтгаалан урт хугацаандаа хуулиар биш хувь хүнээр зохицуулагддаг төрийн тогтолцоо руу орчих вий гэсэн болгоомжлол төрсөн. Би хуульч хүнийхээ хувьд үүнд сэтгэл зовж байгаа. Би хувьдаа хонгилын систем тодорхой хэмжээнд байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг өөрчлөхийн тулд дахин хонгил байгуулах замаар явах биш, хууль дээрээ тодорхой болгох шаардлагатай.
-АН-аас энэ хуулийг хэлэлцэх явцад намын онц их хурал зарласан. Гэсэн ч цуцалсан гэх мэдээлэл байна. Энэ юунаас болсон бэ. Магадгүй намын даргын суудал ганхаж мэднэ гэсэн болгоомжлолоос болсон уу?
-Гадуур явж буй пиар нь АН-ын одоогийн удирдлагууд 60 тэрбумыг хамгааллаа, Ц.Элбэгдоржийг хамгааллаа гэж байна. Гэхдээ үнэн бодит байдлыг ойлгох хэрэгтэй. АН-ын хувьд ШХАБ-д элсэх нь эртэднэ. Хоёрдугаарт, засаглал сольж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийг болгоомжтой бодох ёстой. Дээр нь эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуулийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах замаар хууль шүүхийн байгууллагад шинэчлэл хийхийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Уг нь 60 тэрбумын схемийг анхнаасаа шүүмжилсэн. МАНАН гэхээр механик утгаараа МАН болон АН хоёрын хамтран засаг барьсан тухай ярьдаг. Гэтэл арай гүнзгийрүүлж ойлговол аль аль намууд дээр сандайлаад суучихсан цөөхөн хүмүүсийн бүлэглэлийн яриа явдаг. Бид хоёр дахь зарчим буюу цөөн тооны хүмүүс төрийн эрх мэдлийг эзэмших, хууль шүүхээр өөрийгөө хуяглуулах байдлаар МАНАН-г үүсгэсэн. МАНАН, 60 тэрбум, ЖДҮ-ийг эсэргүүцдэг. Засаглал солих асуудал дээр болгоомжтой хандах ёстой гэж үздэг. Эмч дээр ороход “Чи бөөрний асуудалтай юм байна. Гэхдээ чиний элгийг тайрна” гэдэг шиг зарчим байж болохгүй. Өнөөдөр явж буй улс төрийн хөөсрөл, бие биенийгээ үгүйсгэж буй явдал бол нэг удаагийн үзэгдэл. Урт хугацаандаа системийг зориуд буруу угсарч болохгүй. АН-ын удирдлагууд үүн дээр тайлбараа хэлэх байх.
-АН шинэчлэгдэж баруун төвийн үзэлтэй болсноо зарласан. Баруун төвийн үзэл баримтлал гэж юу вэ?
-Баруун төвийн үзэл баримтлал гэхийн урьд үзэл баримтлал гэдэг юу вэ, улс төрийн намд ямар үүрэгтэй бичиг баримт юм бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан. Үзэл баримтлалын хувьд өөр өөр намууд механикаар эвсэл байгуулчихсан. Тухайн хүмүүсийн эдийн засгийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн бодлогууд хоорондоо өөр өөр гэсэн үг. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сарын таван хүртэл үндсэндээ 18 жилийн хугацаанд АН үзэл баримтлалаа үйл ажиллагаандаа зарчим болголгүй явж ирсэн.
-Зарчим болголгүй явж ирсэн гэдгийг илүү нарийн тайлбарлахгүй юу?
-Батлагдаж хэвлэгдсэн болов чиг нарийн зохицуулалтуудыг хийж өгөөгүй. Мөн үзэл баримтлалыг зүгээр батлаад л хаячихсан. Тэнд ямар зарчимын байр сууриуд байх ёстой вэ гэдэг нь тодорхойгүй. Үзэл баримтлал нь сонгуулиудын мөрийн хөтөлбөрийн суурь зарчмууд байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж өгөөгүй. Хүмүүс АН, МАН хоёр адилхан гэж шүүмжилдэг нь ч ортой. Үзэл баримтлалын хувьд энэ хоёр том улс төрийн хүчин ялгаралуудаа гаргаж өгөөгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр сонгогчдын саналыг яаж авах вэ гэдэгт илүү анхаарч ирснээс биш, суурь зарчмуудаа яаж бодлого болгон хэрэгжүүлэх вэ гэдэг дээр улс төрийн намууд алдаа гаргаж ирсэн. Одоо бид юмыг хэт намчирхдаг, бүлэглэдэг, хуваадаг гэхээсээ илүүтэйгээр зарчмын хувьд бид ямар байр суурьтай байх вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Нэгдүгээрт, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах тал дээр бид ямар зарчим баримтлах юм бэ.
Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөөг хангах тал дээр бид ямар баримтлалтай байх юм. Гуравдугаарт, улс төрийн эрх чөлөөг хангах тал дээр. Дөрөвдүгээрт, хуулийн засаглалыг хамгаалахын тулд ямар бодлоготой байх юм. Тавдугаарт, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа ямар суурь зарчмуудаар хамгаалах юм бэ гэдгийг сайн тодорхойлох нь чухал.
-2016 онд АН том даалагавар авч, шинэчлэл хэрэгтэй гэдгийг ухаарсан гэж ойлгодог. Гэтэл тухайн үед МАН-аас 60 тэрбумыг худлаа гэж байсан бол одоо үнэн гэдгийг батлаад эхэллээ шүү дээ?
-Ард түмнээсээ даалгавар авсан. Гэхдээ энэ ялагдал хууль бус гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлж байна. Нэг хэсэг эвлүүлэг гэж эд нар чинь үздэг байлаа шүү дээ. 60 тэрбум үнэн төдийгүй түүний толгойлогч М.Энхболд гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. М.Энхболдыг энэ шалтгаанаар УИХ-ын даргаас нь огцруулсан. Энэ үйлдэл нь 2016 оны сонгууль 60 тэрбумын зарчмаар явагдсан гэдгийг баталчихаж байгаа юм. Ерөнхийдөө өнгөрсөн түүхийг харахад улс төрийн намуудын алдааг тухайн үед нам удирдаж байсан юм уу, төрийн гурван өндөрлөгийн түвшинд ажиллаж байсан хүмүүсийн үйлдэл дээр анализ хийж хайдаг. Өнгөцхөн. Гэтэл тэдгээр хүмүүс аливаа нэгэн улс төрийн намаас сонгогдсон байгаа. Тэр хүмүүсийн улс төрийн суурь үзэл баримтлал нь тухайн намынхаа суурь үзэл баримтлалыг тээж байна уу, үгүй юу, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшиндээ гаргаж байгаа үйлдлүүд нь баруун төв, зүүн төвийн намуудын шалгуур дээр байна уу гэдгийг эргэн харах ёстой. Өнөөдөр бид МАН доторх зодооныг харж байна. 60 тэрбум, ЖДҮ-чин, концессчин, хулгайчаар нь дуудаж байна. Яг энэ сорил АН дотор өрнөж байсан. Одоо ч гэсэн цухас явагдаж л байна. АН эрх барьж байх үедээ өөр хоорондоо дайтсан уу дайтсан. Хуулийн байгууллагыг бие биенийхээ эсрэг ашигласан. Тэгэхээр энэ чинь хоёр намын аль алинд нь ядагдаж буй дотоод процесс байна аа даа. Мэдээж асуудлын голд хүн байдаг учраас хүмүүсийн хоорондын субьектив зөрчлөөс гадна цаанаа ямар логик, суурь асуудлуудаас энэ бүхэн үүсээд байгаа юм бэ гэдгийг бид тодорхойлох шаардлагатай. Намын гишүүнчлэлийн шалгуураар биш, шударга ёсны үнэлэмжээр хууль шүүхийн өмнө эрх тэгш зарчмаар энэ бүхний өмнө улаан шугам татах ёстой. Тийм учраас АН-ын хувьд улаан шугам татаж буй үйл явц нь үзэл баримтлалаа дахин шинэчлэх ажил байсан юм.
-Сонгуулийн ялагдлаас хойш АН-д хэд хэдэн томоохон үйл явдал болсон. Эдгээр үйл явдлууд таны яриад буй улаан шугамтай холбоотой байх нь ээ?
-Тийм. Нэгдүгээрт, шинэчлэлийн хөдөлгөөнүүд нэлээд эрчимжсэн. Энэ бүхний үндсэн дээр намын даргыг анхан шатнаас сонгох зарчим гарсан. Үүнээс харвал АН дотроо эрүүлээр өрсөлдөөн явуулъя гэдэг зарчим руу орсон байна. Намын дотоод шилжилтийг бид таван өнцгөөс харж байгаа. Нэгдүгээрт, нам шинэчлэгдэхийн тулд үзэл баримтлалаа эргэн харах учиртай. Хоёрдугаарт, үндсэн дүрмээ өөрчлөх ёстой. Гуравдугаарт, хүний нөөц нээлттэй, ордог гардаг сувгууд ойлгомжтой байх, нэг хүний хараа хяналтад орж болохгүй. Дөрөвдүгээрт, нам санхүүгийн хувьд ил тод байх ёстой. Анхан шатны гишүүдээсээ эхлэн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр нам шинэчлэгдэх эхний алхам үзэл баримтлалын асуудал. 2016 оноос хойш үзэл баримтлалын ажлын хэсэг гурван удаа солигдсон. Сүүлдээ нэгтгэж, 2018 оны гурван сарын 14-нд миний бие тус ажлын хэсгийг ахалж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр АН-ын IX их хурлаар үзэл баримтлалаа батлуулж, нэгдүгээр сарын 11-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид ямар алдаа гаргаж байсан бэ гэдэг дээрээ судалгаа хийгээд тухайн алдааг дахин давтахгүйн тулд яах вэ, цаашдын УИХ болон орон нутгийн сонгуулиудад АН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх вэ гэдгийн үндсэн суурийг гаргаж өгсөн. Үзэл баримтлал маань хуучнаасаа хоёр дахин товчхон. Энгийн ойлгомжтой байдлаар хийсэн. Улс төрийн философи, суурь зарчмуудыг зөв томьёолох шаардлагатай байсан. Хоёрдугаарт, улс төрийн намын дотоод орчил, өсөлт хөгжлийг нийгэмтэй уялдуулж, зөв манлайлал бий болгох хандлгыг тодорхойлох хэрэгтэй болсон. Ингээд бид орон даяар олон удаагийн хэлэлцүүлэг явуулж зөвхөн намын гишүүд төдийгүй жирийн иргэдийн санааг тусгасан.
-Хүмүүс тэр болгон АН-ын шинэ үзэл баримтлалыг өнгийж хараагүй байх. Таниулах ажил хийж байгаа юу?
-Нэг талаасаа бид таниулах сурталчилгааны ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Чөлөөт нийгмийн хамгийн том дайсан бол популизм. Популизмаас талцал, нийгэмд дан сөрөг үр дагавар бий болдог. Үүнийг байхгүй болгодог суурь зарчим аливаа нэг улсын хөгжлийн бодлогыг урт хугацаанд стратегийн зорилттойгоор судалгаанд суурилсан хөгжил рүү явах ёстой. АН энэ тал дээр ажиллахын тулд бодлого суурьтай нам болох тал дээр зорилго тавин ажиллаж байна. Жирийн хүмүүсийн нүдэнд намын дарга хэн байх, намын удирдах түвшинд ямар хүмүүс ажиллаж байгаагаар дүгнэдэг. Дарга болгон солигддог. АН-ын удирдлагад хэн байхаас үл шалтгаалан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг хэрэгжүүлэх институци байх боломж нь АН-д ямар байх ёстой вэ гэсэн чадавхыг тодорхойлж буй бичиг баримт нь үзэл баримтлал.
-АН-ын хэсэг залуус намынхаа даргыг суудлаа өгөх ёстой гэсэн мэдээлэл хийсэн удаатай. Энэ явдал АН-ыг дотроо хагаралтай байна уу даа гэсэн хардлага нийгэмд төрүүлээд амжлаа?
-Одоо бид хэн нэгэн ахынхаа бамбай болдог байдлаасаа татгалзах хэрэгтэй. Ах нарынхаа хуваагдлыг дагаж залуучууд нь үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэйгээр зарчмын хувьд АН-ыг тодорхойлж байсан өмнөх үеийнхнийхээ алдааг бүгдийг нь гаргаж тавих хэрэгтэй. Тэр алдааг бид давтахгүйн тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж нэгдэх шаардлагатай.
Бидний “Ах нар” гэж хэлж буй АН, МАН-ын лидерүүд ерөнхийдөө Монголын хөгжлийг эерэгээр манлайлж явах нөөц бололцоо нь шавхагдаж, 30 жилийн өс хонзон, өвөр түрийдээ орсон байдалдаа харилцан барьцаанд орж хүлэгдсэн байна. Тийм учраас улс төрд шинэ хандлагатай, шинэ үе гарч ирэх шаардлагатай.
Э.ЯНЖМАА