Categories
мэдээ цаг-үе

Морь гэдэг гайхамшиг, Монгол эх орон агуу

Гэрэл зургийг ц.мягмаүрсүрэн

Монгол цэргийн өдрөөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнуулсан дуучин, хөгжмийн зохиолч Лхамхүүгийн Батсүрэнтэй Сүхбаатар дүүргийн хориннэгдүгээр хороолол дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Шинэхэн гавьяат маань хөдөө гадаанаас ирсэн ахан дүүстэйгээ хөл газар хүрэхгүй баярлан суусан юм.


-Та аль нутгийн хүн билээ?

-Ах нь Өмнөговь аймгийн Ханхонгор буюу одоогийн Номгон сумын уугуул хүн. 1949 оны гуравдугаар сарын 17-ны хаврын өдөр Монголын өмнөд хилийн хамгийн урд талын цэг Орвог гашууны бор толгойд төрсөн хүн. Цагаан зааны нуруу ч гэж нутгийнхан ярьдаг даа. Төрсөн өдрийнхөө маргааш төрийн дээд шагналаар энгэрээ мялаалгасандаа үнэхээр их баярлаж байна. Миний дүү Түмэнжаргал надаас долоо дүү. Ахыгаа гавьяат авлаа гээд хөдөөнөөс ирчихээд байж байна.

-Сургууль соёлын мөр хөөснөө яриач!

-Өмнөговь аймгийн арван жилийн сургуулийг 1968 онд төгсөөд Соёлын ажилтны сургуульд элсэн 1972 онд клубийн эрхлэгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Сургуулиа төгсчихөөд Улаанбаатар хотын Соёлын ордонд ажилд орох гэсэн чинь авдаггүй ээ. Тэгээд хувь тавилангаа дагаж цэргийн албанд татагдан Зүүнбаянгийн дивизэд хуваарилагдлаа. Аавынхаа найз хурандаа Цэрэндоржийн хөөцөлдлөгөөр хугацаанаасаа өмнө халагдаж Дорноговийн Соёлын ордонд нэг жил ажиллалаа. Багшийн сургуулийн нөгөө Соёлын ажилтны сургуулиа дүүргэхдээ Чанцалдулам хэмээх сайхан бүсгүйтэй ханилж ууган үр маань төрсөн байсан болохоор хот руу ирэхийн бөөн мөрөөсөл. Хань минь надад Баярсайхан, Дэлгэрсайхан, Өнөрсайхан, Болорсайхан гэж дөрвөн сайхан үр хайрласан хүн дээ. Хорвоогийн жамаар хоёр тийшээ болсон юм. Удаахь хань минь Сүрэнцэцэг гэж багш мэргэжилтэй сайхан бүсгүй надад Ариунзаяа охиныг минь төрүүлж өгсөн.

-Хотод орж ирээд хаана ажилд оров?

-Улсын академик дуурь, бүжгийн театрт найрал дууны дуучин болсон. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, агуу их хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав намайг оруулсан юм. Хотын паспортгүй болохоор боловсон хүчин нь ажилд авдаггүй. Хотын паспорттой болсон өдрөө Сүхбаатарын хөшөөнд очиж мөргөж байлаа. Тэгээд Лууяа багш дээрээ гүйгээд очтол Палам гэдэг хүнд хэлж тэр өдөртөө ажилд орон хөл газар хүрэхгүй баярлаж явлаа даа. Арга ч үгүй юм, зургаан сар ажилгүй байхдаа Дуурийн ягаан байшинг хараад “Энэ дотор орж дуулах юм сан” гэж өдрийн бодол болон суудаг байсан хүн чинь. Миний ажилд орсон өдөр чинь 1972 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр байлаа даа. Ингэж л “Аа гэвэл аа гэдэг, өө гэвэл өө” гэдэг навсайсан нэг муу хоорын дуучин болсон хүн.

-Дуурийн театртаа удав уу?

-Дуурийн театрт ажиллахдаа дэлхийн болон Оросын хөгжмийн их суутнуудын бүтээл “Игорь ван”, Гётегийн “Фауст”, “Чио Чио Сан” дуурь, Монголын хөгжмийн зохиолчдынхоо “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” зэрэг үндэсний дуурьт дуулж дүр бүтээж л явсан. Гурван жил ажиллаад Улаанбаатар төмөр замын Соёлын ордны гоцлол дуучнаар очсон. Би орос дуу дуулна. Оросоор гайгүй ярьчихна. Жаахан оросдуу царайтай. (инээв. сур) Тэрэнд маань ч болсон юм уу төмөр замын орос дарга нь ажилд урьсан юм даг. Энд би наян найман он хүртэл ажиллалаа. Анх ийшээ очихдоо “Авдар дээр тавьсан малгай, айлд орсон хүргэн хоёр адилхан” гэгчээр байр орон ч үгүй л хүн очсон доо.

-Хилийн цэргийн ансамбльд та бас дуучин байсан санагдах юм?

-Төмөр замчдын соёлын ордноосоо Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад очин ерэн дөрвөн он хүртэл зургаан жил гоцлол дуучин байлаа. Монголын хилийн цэргийн байгууллага намайг хүмүүжүүлсэн дээ. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад сүүлд очин ажиллаж байгаад шинэ мянганы босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан даа.

-Таны дуулснаар ард түмний сонорт хоногшсон олон сайхан дуу бий дээ?

-Ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Хатан цэнхэр сэрвээ”, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Т.Эрдэнэ-Очирын “Богд Дүнжингарав”, урлагийн гавьяат зүтгэлтэн, их хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн “Цэцээ гүн”, урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн аялгуу “Тавын даваа”, гавьяат жүжигчин найраг баян хуурч Г.Тэрбишийн “Дэлгэр мөрөн”, хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы “Хотгойдын унага” зэрэг дөрвөн зуу гаруй дууг дуулсан хүн л дээ. Ардын дуунууд гэвэл “Гандий мод”, “Могой хээр”, “Сэрвэгэр хадны зэрэглээ” гээд миний дуулснаар Монголын радио, телевизийн алтан санд орсон дуунууд бий. Бадарчийн Бямбабаярынхаа “Эрийн сайхан хийморь” дууг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын үндэсний хөгжимтэй “Аав аа…” гэж дуулан анхлан олон түмэнд хүргэж байлаа. Сүүлд төрийн шагналт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам маань ард түмэнд түгтэл дуулсан даа. Миний Со бол агуу шүү дээ. Агуу жүжигчин. Бид хоёр чинь нэг булганы арьс булаацалдаж байгаа юм шиг нэг дууг булаацалдаж дуулсан хоёр. Би яаж тэр агуу хүнд зэрэгцэх билээ дээ.

-Та чинь нэг хэсэг хөдөө гарч адуу малласан гэл үү?

-Адуу малласаан. (инээв. сур) Дүү үүнийг хаанаас дуулаав. Миний дүү нар “Та ганц нэг морь уралдуулахгүй юм уу” гэж хэсэг тэгсэн юм. Морь уяна гэдэг чинь мань шиг хүнд болохгүй зүйл юм байна лээ. Одооны УИХ-ын гишүүд, дарга нар чинь “Чи миний морийг уячих” гээд хэн нэгнийг зарцлаад байгаа биз дээ. Би бол тэгж чадахгүй юм билээ. Морь бол үнэхээр агуу. Морь ч агуу, эх орон ч агуу. Ажнай гэдэг үг бол морины дууны үгийн гайхамшиг шүү. Төрийн ордны өмнө их хааны хөшөөний дэргэд намайг цэцэг барьж угтсан найз Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Жүмпэрэлийн Саруулбуянгийнхаа “Хардэл бэйсийн унага” гэж гайхамшигтай дуунд анх аялгуу зохиож ард түмэндээ “Морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Гэнэнгийн Батбаяр шавь минь дуулж байлаа. Саруулбуянгийн маань гэргий, Монголын радиогийн нэвтрүүлэгч, “Хүргэн хүү” кинонд тоглосон Батсүрэн гэж Баянхонгор аймгийн Заг сумын уугуул гайхамшигтай сайхан монгол эмэгтэй байсан.

-Та Саруулбуян ахтай олон дуу зохиосон биз?

-“Ээжээ зорьё” гэж дуу бичсэн. “Хээр алаг морио хө

Хэтийг нь тааруулж сойсон юм аа хө

Хаваржаа нутагтаа суугаа

Ээж тандаа зорьё доо хө

Хүүгээ харуулдсан ээжийнхээ

Хүслийг нэг амраая даа хө

Зууван сартай хээр морь минь

Зуузай даран тэлгүүлнэ дээ

Зуслан нутагтаа суугаа

Ээж тандаа зорьё доо хө

Зүүдэнд уяатай ээжийнхээ

Зүсийг нэг харъя даа хө

Наран шарга морь минь ээ

Намрын шөнөдөө сойлгоостой

Намаржаа нутагтаа суугаа

Ээж тандаа зорьё доо хө

Намайгаа санасан ээжийнхээ

Нарыг нэг гаргая даа хө

Өндөр борлог морь минь ээ

Өвлийн шөнөдөө сойлгоостой

Өвөлжөө нутагтаа суугаа

Ээж тандаа зорьё доо хө

Үрдээ ганцхан ээждээ

Үнсүүлж баярлуулж ирье дээ хө” гэсэн үгтэй бид хоёрын анхны дуу байна. Их сайхан даа. Саруултайгаа “Баатар уул Байтаг” гэсэн дуу хийж байсан.

-Та ер нь хэд орчим дууны аялгуу зохиов?

-Ц.Сандагсүрэнгийн шүлэг “Хатираатай борлог”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Данзангийн Алтангэрэлийн шүлэг “Их говийн наран” гээд дурдаад байвал зуу гаруй тооны дуунд аялгуу зохиосон байна шүү.

-Шавь нар чинь хэн хэн билээ?

-Түрүүн дурдсан “морины” Батбаяр маань байна. Гавьяат жүжигчин Б.Шийлэгмаа, Н.Амгалан, Д.Батсүх, Э.Бүрнээбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин Ц.Батмэнд нар намайг багш гэх нь багш аа гээд, ах гэх нь ах аа л гэж явдагт би их баярладаг даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *