Categories
мэдээ цаг-үе

А.Сугар: Тоонд муу, сайн хүүхэд гэж байдаггүй

Математикийн уралдааны үеэр

“Тусгаар тогтнолын математикийн олон улсын уралдаан”-д шалгарсан оролцогчдод шагнал гардуулах ёслол өчигдөр Монголын Хүүхдийн ордонд болсон юм. Энэ үеэр “Олонлог төв” сургуулийн захирал А.Сугартай ярилцлаа.


-Энэ уралдааныг танай сургууль зохион байгуулдаг юм байна. Хэд дэх жилдээ болж байгаа уралдаан бэ?

-Энэ уралдааныг 2011 оноос эхэлж зохион байгуулсан. 2011 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ой тохиосон. Тэр ойд зориулж “Тусгаар тогтнолын математикийн уралдаан”-ыг зохион байгуулсан юм. Өнөө жилийн хувьд зургаа дахь жилдээ болж байгаа уралдаан. Үндэсний ангилал болон олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай явдаг. Үндэсний ангилалд жил болгон 2000 орчим сурагч оролцоод шалгарсан 100 орчим сурагч олон улсын ангилалд оролцох эрхтэй болдог. Олон улсын ангиллыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар ажилладаг. Жил болгон хамтран зохион байгуулдаг. Энэ жил “Тусгаар тогтнолын математикийн уралдаан”-д ОХУ, БНХАУ, ОХУ-ын Саха (Якут) гэсэн гадны зургаан баг оролцсон.

-Монголд дууны чиглэлийн шоу уралдаан их зохиогддогоос математикийн ийм уралдаан болох нь ховор л доо?

-Математик сэтгэлгээний цар хүрээг тэлж, эмх цэгцтэй сэтгэхэд тусалдаг, ерөнхийдөө шинжлэх ухааны суурь, хаан гэж ярьдаг л даа. Энэхүү уралдааны онцлог бол БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр явагддаг улсын уралдаан л даа. Мөн уралдааныг салбарын яам, салбарын сайд 100 хувь дэмжиж оролцдог. Математикийн уралдаанд зохион байгуулалтаас гадна бодлого дэвшүүлэх нь чухал байдаг. “Олонлог” сургууль өнөөдрийн байдлаар 1700 сурагчтай, 200 гаруй багш, ажилчидтай. Монголын хамгийн сайн математикчид цугласан сургууль гэж хэлж болно. Бид бодлогын чанар, бодлого зохиохдоо гол анхаарлаа хандуулдаг. Тийм ч болохоор математикт дуртай сурагч, багш, эцэг эхчүүдэд хамгийн хүртээлтэй нь тэр байдаг.

-Хүн бүр математикч болох албагүй ч математик заалгах ёстой гэдэг. Чухам яагаад математикийн хичээлийг судлах ёстой юм. Математик үзсэнээр хувь хүнд ямар өөрчлөлт гардаг юм бэ?

-Математик үзсэнээр хүн эмх цэгцтэй сэтгэнэ. Зөв шийдвэр гаргана. Хуульч, эдийн засагч гээд бүх мэргэжлийг эзэмшихэд математик хэрэгтэй. Хуульч болохын тулд сайн математикч байх ёстой. Сайн эдийн засагч, банк санхүүгийн ажилтан байхын тулд математик сайн үзсэн байх ёстой. Энэ бол миний хувийн бодол шүү. Монгол хүн ирээдүйдээ, ирээдүйн нийгэмд юу үзэх ёстой юм бэ гэхээр математик, монгол хэл, гадаад хэл болох орос, англи, хятад хэлийг заавал ч үгүй үзэх ёстой. Үүн дээр мэдээллийн технологийг үзэж байж ирээдүйд дэлхийн залуучууд, хүмүүстэй мөр зэрэгцэнэ. Миний бодлоор монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр сайн математикч, монгол хэлэндээ сайн, дээр дурдсан гадаад хэлнүүдэд сайн, мэдээллийн технологидоо сайн хүнийг хэлнэ.

-Улс орныг математикч, инженерүүд чирч явдаг гэдэг ч өнөөдөр манай нийгэм хараахан тийм биш байна л даа?

-Багш хүн болохоор улс төр ярилтай биш. Ерөнхийдөө бол математикийн боловсрол эзэмшихгүйгээр дараа дараагийн шинжлэх ухааныг судлахад түвэгтэй болно гэсэн санаа л даа. Математикт суурьтай хүүхэд бүх юмандаа сайн байдаг гэдэг чинь яалтгүй үнэн үг л дээ.

-Тухайн орны оюуны чадамж хэр байгааг математикийн олон улсын олимпиадад ямар амжилт үзүүлж байгаагаар нь харгалздаг болоод удаж байна?

-Математикийн индексээр тухайн орныг их ажигладаг. Дэлхийн олон улсын олимпиад буюу IMO (Interna­tional Mathematical Olympiad)-д амжилттай оролцож байгаа орнууд өнөөдөр дэлхийд бүх талаараа тэргүүлж байна. Баян улсын хүүхнүүд ямар байх нь хамаагүй, гоё харагддаг гэдэг шүү дээ. Тэрэнтэй адилхан математик дээр тийм өрсөлдөөн байгаа байхгүй юу. Дэлхийн олон улсын олимпиад жил болгон болдог. Тэнд дэлхийн 130, 140 орон ордог. Тэрийг харахад эдийн засаг, нийгмийн хувьд хөгжилтэй орнууд толгой цохидог, IMO-д. Монгол Улс сүүлийн жилүүдэд математикийн олимпиадад үнэхээр сайн орж байгаа. Өнөөдөр энэ ёслолын үеэр медаль авч байгаа хүүхдүүд бол Монгол Улсаа төлөөлж олон улсад явах хүүхдүүд шүү. Өнгөрсөн жилийн хувьд дэлхийн олимпиадаас Монголын цор ганц мөнгөн медалийг манай сургуулийн сурагчид эх орондоо авчирсан. “Олонлог” сургуулийн хувьд 2005 оноос хойш Монгол Улсаа төлөөлж жил болгон Олон улсын олимпиадад оролцохыг хичээдэг. Хувийн сургууль гэлтгүй манай сургууль гурван мөнгөн, 11 хүрэл медаль хүртээд байгаа Монголын ганц сургууль болчихоод байна.

-Энэ удаагийн уралдаанаас хичнээн хүүхэд шалгарав?

-Үндэсний ангилалд 2000 хүүхэд оролцсоноос 210 хүүхэд шагнал медаль авсан. Дурсгалын зүйл, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль авсан. Дандаа үндэсний үйлдвэрлэгчдийн бэлгийг зохион байгуулагчдаас өгсөн бэлгийг гардуулж байгаа. Олон улсын ангилалд 150 хүүхэд оролцсоноос 36 хүүхэд медаль авч байгаа. Шалгарсан хүүхдүүдэд гардуулж буй медалийг Монголын дархчууд урласан. Гар хийцийн медаль учир үнэ цэнэтэй. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Уран бодолт”-ын шагнал авсан “Олонлог” сургуулийн сурагч Б.Долгормаад зөөврийн компьютер өгч байна. УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ уралдааныг зохион байгуулагчдын нэг. Тэрээр тусгай байр эзэлсэн оролцогчдод мөн шагнал гардуулж байгаа.

-Танай сургууль хамгийн сүүлд ямар бодлого дэвшүүлсэн бэ?

-Олимпиадын 1-12 дугаар ангийн бүх бодлогыг шинээр зохиодог л доо. Тэр нь уралдааны ач холбогдол байхгүй юу. Бүх бодлогыг шинээр зохиодог. Манай сургуулийн зөвлөх багш Б.Баясгалан өөрөө судалгаа хийж нэг хариу гаргачихаад тэрийг дахиж тавиад илүү өөр замаар хариу олчихдог. Шинэ хариу гэдэг бол шинэ үр дүн байхгүй юу, математикийн хувьд. Дахиад шинэ үр дүнд хүрчихэд тэр нь теором болох хэмжээнд аваачдаг. Үүнтэй адил манай сургуулийн багш нар болох Б.Баясгалан, Б.Ганбилэг, Б.Баяржаргал гурав мөн адил уралдаанд шинэ бодлого дэвшүүлж байгаад л Дэлхийн математикт шинэ теором зохиосон. Ингэж манай “Олонлог”-чууд шинэ теором зохиосон байх жишээний.

-Хүүхдүүдийг багаас нь “Энэ толгой муутай, хол явахгүй. Харин энэ тоондоо сайн” гэж ялгаад байдаг. Үнэхээр хүүхдүүд тийм хоёр янз байдаг уу?

-Тоонд муу, сайн хүүхэд гэж байдаггүй. Хүн тоочин болохын тулд яах ёстой вэ гэхээр хамгийн эхэлж сайн багштай байх ёстой. Тухайн хүүхэд болон эцэг эхээс нь чармайлт гарах ёстой. Өдөр болгон тоо бодож байж математикч болдог. Түүнээс биш гэнэт цоорно гэж байхгүй. Тийм тохиолдол маш бага. Гэхдээ цөөн тооны тийм авьяастай хүүхдүүд гардаг. Үнэхээр авьяастай хүүхдүүд байдаг.

Математикийн уралдаанд ороход гурван бодлогыг 4 цаг 30 минут боддог л доо. Тэгтэл багшийн зааснаас өөр, өөрийнхөө бодож байгаагаар огт өөрөөр бодоод хариуг нь гаргана гэдэг бол тэр чинь ерөөсөө математикч хүний шинж. Манай сургуульд ч тийм тохиодол бий. Манай сургууль хүүхдүүдэд багаас нь суурийг нь сайн тавьдаг. Тийм учраас бүгд математикч болдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *