Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Синохайдро Корпорейшн Лимитед” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас энэ талаар тодруулсан юм.


-“Синохайдро Корпорейшн Лимитед” компанитай та бүхэн гарын үсэг зурж Налайхын замын ажлыг баталгаажууллаа. Та энэхүү замын ажлын талаар ярихгүй юу?

-Ер нь Баянзүрх, Налайх дүүргийн зам гэдэг нь нийслэлийн хөгжил дэвшилтэй холбоотой. Түүнчлэн иргэд оршин суугчдын аюулгүй зорчиж, ажиллаж, амьдрахтай холбоотой чухал дэд бүтцийн асуудлын нэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг зүүн бүсийн аймгуудтай болон ЗамынҮүд, Чойр хотуудтай холбосон ачаа тээвэр, хүн тээвэр, цаашилбал, эдийн засгийн ач холбогдолтой юм.

Тухайлбал, барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр болох зам гэж хэлж болно. Манай нийслэлчүүд өвөл зунгүй Тэрэлж, Чонжинболдогийн аялал жуулчлалын газрууд руу явдаг. Ялангуяа Монгол Улсад жилдээ ирдэг 600-700 мянган гадаад, дотоодын зочин гийчин, жуулчид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдлын үүднээс харвал энэ замд хүнд нөхцөл үүссэн. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх замд аваар ослын улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох гэх мэт олон тулгамдсан асуудлууд гардаг. Тиймээс яаралтай Баянзүрх, Налайхын замыг шинэчлэн зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажил анхаарлын төвд байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар нийслэлийн Засаг даргын тамгын газраас шаардлагатай арга хэмжээг авч өнөөдөр (өчигдөр) гүйцэтгэгч “Синохайдро Корпорейшн Лимитед” компанитай гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, энэ ондоо багтаж, бүрэн ашиглалтад оруулах юм. Өнөөдөр гэрээ үзэглэснээр энэхүү ажил эхэлж байна.

-Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх замын барилгын ажилд монголчууд гар бие оролцох уу. Ажлын байр бий болгох боломж бий юу?

-Мэдээж энэ ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжтой. Тэр хэмжээгээрээ ажлын байрыг нэмэгдүүлэн айл өрхийг орлоготой болгох боломжуудыг эрэлхийлж байна. Үүнд бид анхаарч ажиллах болно. Орон нутгийн иргэд тэр оршин суугчдын эзэмшдэг машин, механизм, бусад хүнд механизмуудыг авч, ашиглаж, туслан гүйцэтгэгчээр оролцуулна. Ингэснээр иргэдийг ажлын байраар хангах орлоготой цалинтай болгох гэх мэтийн давхар ач холбогдолтой.

-Шинээр баригдах гэж буй Налайхын зам ямар онцлогтой вэ?

-Энэхүү зам олон улсын стандарт шаардлагад нийцсэн. Өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний зам, дугуйн замтай. Бид зураг төсөлд нь өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар уг замын төслийг оруулсан. Улмаар зураг төсөлд өөрчлөлт оруулах замаар явган хүний зам, дугуйн замыг нэмэлтээр хийх ажлыг зохион байгуулж, өнөөдөр (өчигдөр) бэлэн болсон. Тиймээс замын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломж нь бүрэн бүрдлээ гэж ойлгож болно. Энэ жилийн сүүл гэхэд зам ашиглалтад орно. Ингэснээр хотын ирээдүйн хөгжлийн бас нэг том суурь тавигдаж байна гэж ойлгож байгаа.

-Налайхын замд Монголын талаас ямар оролцоотой ажиллах вэ?

-Хятад талаас 70 хувь, манай талаас 30 хувь оролцоно.

-Одоо ашиглагдаж байгаа Налайхын замыг яах вэ?

-Налайхын замыг 100 хувь хаана. Энэ барилгын ажилд 40 гаруй хоолой, тунелийн ажил зэрэг эхэлнэ. Тиймээс түр замын асуудлаа яаралтай шийдэхээр ажиллаж байна.

-Налайхын зам хэдэн метр өргөнтэй байх вэ?

-Налайхын замын зорчих хэсэг хоёр эгнээ. Шинэ зураг төсөл дээр дөрвөн эгнээ хийж байгаа. Дөрвөн эгнээ хийхдээ тусгаарлах зурвас нь төмөр бетон дизельтэй байна. Аюулгүй байдлыг маш сайн хангасан гэж болно.

-Замын цагдаагийн уулзвар шинэ гүүрэн гарцын барилгын ажил юу болж байна вэ?

-Наадмаас өмнө Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын үндсэн гүүрээ ашиглалтад оруулна. Есдүгээр сар гэхэд энэхүү гүүрний ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн бусад гүүрний ажил энэ жилдээ бүгд дуусна. Түгжрэлийг бууруулахын тулд орон сууц гэр хорооллын холбоос замуудыг маш сайн хийж өгөхөөр төлөвлөсөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *