Categories
мэдээ цаг-үе

Ж.Цогтсугар: Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч, шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна

Монголын эрэгтэйчүүийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 жил архидан согтууралтыг бууруулах, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж олон мянган хүнийг архины хэрэглээгүй амьдралд уриалан олон мянган үр хүүхэд гэр бүлд аз жаргал бэлэглэсэн нэгэн.


-Таны хувьд 20 жил архидалтын эсрэг шантралгүй тэмцэж байна. Санаачилга, хөдөлгөөний чинь үр дүн их гарч байсан. Олон мянган залуус таныг багшаа гэж хүндэтгэж, хайрлаж явдагийг мэдэх юм. Эндээс яриагаа эхлэх үү?

-Архины ховслог чанарт хууртан үнэт бүх зүйлээ алдаж, архины эрхшээлд орон, түүнд бие сэтгэцийн хамааралтай болж амьд гарах гарц хайн зовж шаналж байгаа хүмүүсийн оюун тархинд нэвтэрч нөлөөлөх амаргүй ажил. Мэдлэгжүүлэх, архигүй амьдрах сэдэл төрүүлж, ур чадвар олгох аргаар эмгэг дадал зуршлаас нь ангижруулах нийгмийн хүнд салбарт миний бие олон жил хүчээ сорьж явна. Ихээхэн зүрх сэтгэл гаргаж хувь хүний сэтгэлийн ерөнцөд нэвтэрч архинаас гарах хүч боломж өөрийх нь тархинд байгааг итгүүлэхийн тулд 10 гаруй жилийн өмнө “Оюуны есөн дэвшил” гэдэг Монгол ёс заншил, үндэсний ухамсар онцлогт тохирсон оюун санаа сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулсан. Энгийнээр хэлбэл жолоо барих ур чадвар олгодог шиг энэ хөтөлбөрөөр архинаас гарах ур чадвар олгоно гэсэн. Ийм чадвар олгохын тулд итгэн үнэмшүүлэх хүчтэй сургалт лекцээр архины хор хөнөөлийг тухайн хүний ухамсарт суулгах мэргэжлийн тусгай сургалт явуулдаг. Хүний оюун санаанд бараг ёс заншил мэт тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, архи огт амсахгүй амьдрах үзэл санаа суулгах амаргүй. Эрүүл амьдралын андгай өргөж, багш шавийн хатуу барилдлагатай олон жил хамт явж зөвлөгөө авч, үр дүн нь удаж гардаг үйлчилгээ учир яах аргагүй багш нь болдог. Өөрийнхөө алдааг ухаарч амьдрал хувь заяагаа өөрчилсөн, эдийн засгийн эрх чөлөө, өндөр албан тушаалд хүрсэн,аз жаргалтай гэр бүл бүтээсэн залуусаа хараад бахархах сэтгэл төрдөг. Бид бие биенээ орхиж чадахгүй болтолоо дасаж хүндэлж хайрладаг. Тэгээд эрүүл идэвхтэй амьдрал клубт нэгддэг.

-Монголын уламжлалт Сар шинийн баяр болоод өнгөрлөө. Таны уриалгыг дэмжиж архигүй баяраа тэмдэглэсэн 1000 гэр бүлд мэнчилгээ хүргэсэн байна лээ. Бид баярыг архигүй тэмдэглэж чадаж байна уу?

-Миний болон шавь нарын минь зөвлөгөөгөөр архинаас татгалзсан 6000 гаруй хүн байдаг. Тэд баяр ёслол Цагаан сарыг архигүй тэмдэглэдэг. Тэдний нөлөөгөөр ахан дүүс нь ч архийг тоохоо байсан. Энэ Цагаан сарыг архигүй тэмдэглэсэн мянган гэр бүл бол бидний уриалгыг дэмжсэн шинэ хүмүүс. “Архины хэрэглээгүй шинэ үеийн монголчууд” гэдэг үзэл санаа явж байгаа. Бас оюутан охидын “Согтуурлын ард хэлсэн хайрын үгийг хүчингүйд тооцно” гэсэн хөөрхөн санаачилга ч байгаа. Бид архийг моодноос гаргаж архиддаг хүнээр бус архи хэрэглэдэггүй хүнээр бахархдаг шинэ хандлагыг нийгэмд төлөвшүүлсэн. Хамгийн оюунлаг, хамгийн эр зоригтой, өндөр мэдрэмжтэй бүлгийнхэн манайд хандаж өөрийгөө хэт доош орж алдаагүй байгаа дээрээ оюун санааны үйлчилгээ авдаг. Заавал архичин, архины тэнэгрэлтэй болсны эцэст, архинаас гарах магадлал багассан хойноо эмчилгээнд хандах албагүй биз дээ.

-Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг ажил болгож зүтгэсэн хүний нэг нь та. Орон тооны бус зөвлөх нь ч байсан. Тэр тухай яривал олон зүйлийг ярих байх?

-Улс төрийн хэн нэгэн зүтгэлтэнтэй хамтрах жаахан хэцүү юм билээ. Манай байгууллага Ц.Нямдорж сайдыг анх сайд болсон үеэс л үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. АН –ыхан эхлээд намайг Ц.Нямдоржийн хүн гэж жаахан цэрвэсэн. Сүүлдээ монгол хүний ген фонд, удмын сан, үндэсний аюулгүй байдлын төлөө бидний ажил үйлс, бодит үр дүн Ерөнхийлөгчийн анхаарлыг татаж хамтран ажиллахад хүргэсэн. Мэргэжил туршлагын хувьд Ерөнхийлөгчид нөлөөлж төрийн бодлогоор үйл ажиллагаагаа дэмжүүлж чадсандаа бид бахархдаг. Би танд Ерөнхийлөгчийн ажлын тайлангийн 39 дүгээр хуудсыг үзүүлье. “Архийг бус сүүг дээдэлдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ чиглэлэд олон жил ажилласан Цогтсугар гэж идэвхтэй иргэн байдаг. Энэ хүн надад хандаж санал тавьж байсан.Тэгээд энэ уриалгыг гаргаж чадсан” гэж бичсэн байгаа биз. Энэ уриалгыг бид санаачилсан болохоор сайн зүтгэсэн. Засгийн газар солигдох бүр өмнөхөө үгүйсгэн төрийн бодлогын залгамж чанар алдагдаж бүх зүйл шинээр, тэгээс эхэлдэгт жаахан харамсдаг. Одоо намайг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нэртэй Төрийн ордон руу нэвтрэх ганц эрхтэй цалин хөлсгүй, төсөлгүй нэгэн явсан болохоор нэгэн цагт Ц.Нямдорж сайдын хүн гэж харж байсан шиг “Ерөнхийлөгчийн хүн” гэж хараад байх шиг байгаа юм. Би Ц.Элбэгдоржтой бус Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ажилласан. Саяхан Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан уулзаад “Та бол манай үнэт эрдэнэ, хамтарна” гэж жаахан уянгын халилтай ч гэсэн сайхан үг хэлэхэд баярлаж л байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрийн албан хаагч ажлын байран дээр архи хэрэглэхгүй байх тухай 258 дугаар тогтоолыг бид “байгаа оносон, мэргэн тогтоол” гэж харж байгаа. Дэмжих хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Бид төсөлтэй ч төсөлгүй ч архидан согтууралтын эсрэг төрөө дэмжиж ажилладаг мэргэшиж чадваржсан байгууллага болсон. Би төрөө ямар ч цаг үед дэмжиж ажилладаг нийгмийн захиалгаар төрсөн мэргэжилтэн гэдгээ дахин хэлье

-Ингэхэд та өөрөө залуу насандаа архитай нөхөрлөж явсан гэдэг. Архинаас яаж гарсан бэ. Архинаас гарахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл юу вэ. Та бол оюун ухаанаар гарах боломжтой гэдэг?

-Цагаан захтай архины хамааралтай нэгэн явлаа. Монголын уран зохиолын 108 ботийн анхны хоёр боть, “Болор цом” яруу найргийн наадмыг ивээн тэтгэсэн компанийн захирал явсан сайн үйлтэй ч зохиолчдын хороог “архины хороо” болгосон төлөөлөгчдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрнө өө. Уудаг байсан учраас л архийг мэддэг байхгүй юу. Миний бие архийг 23 жил хүртэж шинжлэх ухаан юм бол өөрийнхөө бие махбод дээр хор хөнөөлийг нь туршсан. Бас 20 жил архи амсахгүй амьдарч 20 гаруй бүтээл туурвиж, аюулгүй байдал судлалын докторантур төгсөж, шинэ шинэ амжилт олж архи хэрэглэхгүй байх тохиолдолд оюун тархи яаж сэргэдгийг өөрийнхөө тархиар нотолсон. Тэгэхээр архины хувьд уусан, гарсан 43 жилийн туршлагатай, архины асуудалтай хүний амьдралыг мэдэрдэг багш болсон гэсэн үг. Инженер юм бол тостой инженер гэж болно л доо (инээв). Архинаас гарахад нөлөөлдөг хүчин зүйл бол гэр бүлийн хайр, хувь хүний чин хүсэл, дахин уултаас өөрийгөө хамгаалах насан туршийн идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Хамгийн гол нь өөрийгөө архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ их хэцүү л дээ. Гэхдээ хүлээн зөвшөөрсөн хүн аврагддаг. Дэлхийн хөгжингүй орнууд хувь хүний оюун санааг өөрчлөх хөтөлбөр хэрэгжүүлж архидалтыг даван туулсан байдаг. Архинаас л гаргаж байвал бүх аргыг би хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд Монголд байгаа архинаас гаргадаг бүх газраар явж үзсэн. Тэгээд Америк мэргэжилтний нэг сургалтанд суугаад өөрийгөө эмгэг согтолттой, өвчилсөн юм байна гэдгээ мэдсэн. Архинаас гарах ид шид гэмээр хүч хүний тархинд байж болох юм байна гэж олж хараад маш их уншиж судалж сүүлдээ мэргэжилтэн болчихсон. Архинаас гарч эрүүл оюун ухаанаар ард түмнээ хараад айсан шүү. Тэгээд л цэргийн хүний хувьд эх оронч үндэсний үзэл бадарч тэмцлээ эхлүүлсэн. Би алдаагүй шүү. Нийгмийн маш том эсэргүүцлийг туулж, элдвээр хэлүүлж өнөөгийн амжилтанд хүрсэн.

-Амьдралын бүхий л болж бүтэхгүй бүхэн архинаас үүдэлтэйг бүгд мэднэ. Гэвч манайхан гарчихаж чадахгүй байгаа юм. Архи уухын сайн тал гэж байна уу?

-Ажил бүтээд ч байгаа юм шиг, мөнхийн найз нөхөд ч юм шиг хуурамч сэтгэгдэл төрүүлж үнэт цаг хугацаа алдуулж хүнийг амьдаар нь үхүүлдэг аймшигтай ундаа л даа, энэ архи. Гэмт хэрэг, осол эндэгдэл, өвчин эмгэг, гэр бүл салалт, эрт нас баралт, ажилгүйдэл ядуурлын үндсэн шалтгаан архидан согтууралт байдаг. Хортойг нь мэдэж байгаа мөртлөө амьдралаа алдан дурладаг энэ галт усыг хэн хэзээ зохиосныг бүү мэд. Хөгжингүй улс орнууд иргэдийнхээ оюун санааны аюулгүй байдлыг хамгаалж байж үсрэнгүй хөгжсөн түүхтэй. Бид архидалтын хувьд Америкийн 1930 оны түвшинд явж байна.Нэг хүнд ноогдох архи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн тал бий. Архи уухын сайн тал авлигач, долигоногч, хуйвалдагчдад л байдаг байх. Архи асар их сөрөг энерги бий болгож хүний тархины эсийг үхүүлэн тал тархитай бүтэн биетүүдийг үйлдвэрлэдэг. Архинаас гарч чадсан, архи огт амсахгүй амьдарч яваа тохиолдолд тархины эс нөхөн сэргэж санаанд багтамгүй амжилтанд хүргэсэн жишээ баримтууд дэлхий төдийгүй манай залууст олон байна. Дагваа аварга маань “Танайд хоноё” нэвтрүүлгээр архинаас оюун ухаанаар татгалзсанаа нийгэмд ил хэлж үлгэр жишээ үзүүлэхэд хөл газар хүрэхгүй баярлаж омогшиж байлаа. Нийгэмд ил гараагүй маш олон шавь надад бий.

-Та мөн аюулгүй байдал судлаач хүн. Энэ талаар олон газар очиж иргэд залууст лекц сургалт явуулсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүрлээ гэж та их яридаг даа. Тэр тухай сонирхмоор байна?

-Бид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг системтэй. Нийгмийн шилжилт хөдөлгөөний явцад Монголчууд уламжлалт бус аюулд өртсөн. 10 жилийн өмнө Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөрт “Архидан согтууралтын нөлөө үндэсний аюулгүй байдал алдагдах түвшинд хүргэж байна” гэж сануулсан байсан. Бид олигтой юм хийгээгүй. Архины үйлдвэрийн тоо багассан ч үйлдвэрлэсэн бүтээгдхүүн хэвэндээ байгаа. Одоо эмэгтэйчүүд, төр, яамныхан архидан согтуурдаг боллоо. Энэ байдлыг оюун санаанд хийж буй чимээгүй дайн гэж болно. Үндэсний ухамсар маш алгуурханаар доройтон суларч байгааг харах аймшигтай санагддаг. Тэгээд л нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа зогсоож чадахгүй, түрээсийн төлбөрт баригдсан ТББ-аа татан буулгаж чадахгүй явна. Архидалт нэмэгдэхийн хэрээр мунхрал төөрөгдөл газар авч шинжлэх ухаанч үйлчилгээ орхигдож байна. Нарийн яривал архидсан уу, архидуулсан уу гэдэг сэрэмжлэх сэдэв шүү. Эзэн холбогдогчийг нь бид судалсан. Америкийн уугуул инданчуудыг архиар хөнөөсөн гашуун сургамжийг бид мартаж болохгүй.

-Судлаач, лектор хүний хувьд Монголын нийгмийг хэрхэн дүгнэж байна. Хийж бүтээж байгаа нь бага,өөрийгөө дөвийлгөх, нийгэмд тодрох гэсэн хүмүүс нь давамгайлсан, наргиан наадмаар дүүрсэн ийм л дүр зураг харагдаад байх юм?

-Ерөнхий сайд зарим наадам цэнгээнийг таслан зогсоолоо. Ингэж л зоригтой эхлэх хэрэгтэй. Нийгмийн оюун санаа аймшигтай эмгэгшсэн. Их хурлын гишүүдийнхээ сэтгэлгээ, илэрхийлэх ур чадвар, харилцаа зан чанарыг хар л даа. Заримыг нь эрүүл оюун ухаантай хүн гэхэд эргэлзээ төрдөг. Эсвэл улс төр хүнийг ийм болгож өвчлүүлдэг байж болох юм. Ямар сайндаа “ордонд сэтгэцийн нэг тасаг баймаар юм” гэж хошигнож байхав. Зарим нь согтуу ч харагддаг. Маш сайхан залуу үе төрж байгаад л итгэж явна. Ер нь төрийг мэдлэгтэй хүн мэргэн жолоодох уу, мөнгөтэй хүн мэргэн жолоодох уу гэдэг асуудал шүү. Ажил үйлсээрээ бус амбицаараа тодрох, хоосон сүржигнэх, эх оронч дүр эсгэх хандлага их харагддаг. Үнэхээр л эх оронч юм бол ард түмнээ хайрла, нэг хүний ч гэсэн амьдралыг өөрчил, Монгол хүн, баялгийнхаа төлөө үхэн хатан зүтгэ. Тэгээд даруу бай. Шийдвэр гаргагчид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Ахмад үеийнхнийхээ мэдлэг туршлагыг өвлөн авахгүйгээр, залуу үеээ сонсохгүйгээр хөгжих боломжгүй. Ер нь үлгэр дуурайл гэдэг юм алга болсон нийгэм. Өв уламжлалыг сэргээх хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн тухайд зөн билэгтэн мэт яруу найрагчийн ганц бадаг хэлье. “Хөдөө хотгүй уугаад л, хөгшин залуугүй согтоод л, улс орон минь нэг л уруудан доройтох шинжтэй” гэж Р.Чойном өнөөгийн нийгмийг 60, 70 онд мэргэн зурсан байгаа биз. Өнөөгийн нийгмийн дүр төрх яг л ийм байна. Чойном найрагчийн шүлэглэсэн шинж байдал одоо бодит зүйл болсон байна. Оюун ухааныг, мэдлэг боловсролыг дээдэлдэг хүмүүст манай үүд хаалга нээлттэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *