Зар сурталчилгааны тухай хууль болон Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ШӨХТГ ямар хяналт тавьж буй талаар мэдээлэв. “Сүүлийн үед зарим томоохон дэлгүүр, ресторанууд архи согтууруулах ундааны зар сурталчилгааг явуулахдаа хууль зөрчиж байна. Тодруулбал, архи согтууруулах ундааг хямдрал урамшуулал зарласан байдлаар сурталчилж байгаа юм”гэж ШӨХТГ-ын төлөөлөл хэллээ.Хамгийн сүүлд хийсэн хяналт шалгалтаар“Наран Март” ХХК нь Австралийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан“ Австрали виног хямдруулан худалдаж байна” гэх зарыг фейсбүүкээр тараасан. Мөн ихэнх сүлжээ дэлгүүр, цэнгээний газар, ресторанууд өөрийн пэйж хуудсаар согтууруулах ундаанд хямдрал урамшуулал зарлаж, зөрчил гаргаж байна. Тиймээс ШӨХТГ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж,10 гаруй бар ресторануудад, архидан согтуурахыг уриалсан шинжтэй сурталчилгаа явуулахгүй байх шаардлагыг хүргүүлсэн аж.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн хяналтыг өнгөрсөн онд нэг сарын турш хийжгүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтыг нийслэлийн зургаан дүүргийн гудамж талбайд байх ил самбар, зар, мэдээлэл, үйлчилгээний байгууллагын нэр зэргийг ажиглалтын аргаар судалжээ. Ингэхдээ хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа эсэхийг анхаарч ажилласан байна. Үүний нийтлэг зөрчил нь гадаад хэлийг орчуулалгүйгээр шууд хэрэглэдэг байдал юм. Иймд Монгол хэлний тухай хуулийнхэрэгжилтийг хангах үүднээс ШӨХТГ-ын дарга Б. Лхагва энэ оны хоёрдугаар сарын 13-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд ХМХ-үүд орчин цагийн монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд. Гудамж талбайд ил байрлуулсан самбар, байгууллагын хаягжилтад хяналт тавих зэрэг болно.
П.САЙНЖАРГАЛ