Categories
мэдээ нийгэм

Туул гол орчмын зөвшөөрөлгүй газар ашиглалтыг зогсооно

Хан Уул дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран дүүргийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Туул голын ай сав дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 29 иргэн, зарим аж ахуйн нэгжийн хууль зөрчин газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгажээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017, 2018 онд явуулсан хяналт шалгалтын дүнг үндэслэн БОАЖЯ-ны сайдын 2018 оны А/76, А/113 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаал гаргаж, нийт 34 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан байна. Гэвч Нийслэлийн хэмжээнд Богдхан уулын тусгай хамгаалалтын газар, Туул голын ай сав дагуу Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмших, ашиглах эрх олгосон 1726 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байгаа, мөн 29 өрх айл газар эзэмших зөвшөөрөлгүй суурьшин амьдарч байна.

Прокурор, Байгаль орчныг хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдаас хамтран явуулсан хяналт шалгалтанд Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан, түүний орлогч Б.Очбадар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа нар биечлэн оролцож, цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцож, иргэд, хуулийн этгээдээс Хан-Уул дүүргийн тусгай хамгаалалтай нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт зөвшөөрөлгүй газар ашиглах явдлыг хуулийн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр ажиллаж буй 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь танилцаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдэл, зурагт хуудас, палакат тарааж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр зөвлөн тусалж ажилласан байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *