Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Засгийн газраас “Улсын аварга фермер”-ээр шалгууран шагнаж урамшуулдаг. Энэ жил 21 аймаг, нийслэлээс ХХААХҮЯ-нд ирүүлсэн материалыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Л.Мясардорж, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн малчин Т.Алтангэрэл, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны “Угтуул-Алтай” ХХК нь “Улсын аварга фермер”-ээр шалгарсан байна. Нийслэлээс шалгарсан аварга фермерийн шагналыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, хорооны удирдлагууд болон холбогдох албаныхан гардуулж өглөө.
“Угтуул Алтай” ХХК нь 22 мянган өндөглөгч тахиа маллан, 12 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж, жилдээ 4-5 сая ширхэг хүнсний өндөг үйлдвэрлэн нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд, хэрэглэгчдэд нийлүүлж байгаа аж. Тус компани 2015 онд “Нийслэлийн шилдэг фермер”-ээр шалгарч байжээ.
Шагналыг гардуулах үеэрээ ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Монгол Улсын аварга фермер гэдэг бол аварга малчнаас тэс ондоо. Фермерт махны хонь, нарийн ноост хонь, сүүний, махны үхэр, туулай, гахай, зөгий, шувуу зэрэг маш олон салбарыг хамруулдаг. Энэ бүгдээс жилдээ таван фермерийг аваргаар шалгаруулдаг. Энэ жил Аварга фермерийн шалгуурыг давж, болзол хангасан гурван ААН-ийн нэг нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Угтуул Алтай” ХХК юм. Та бүхэнд баяр хүргэе” хэмээлээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар өндөглөх шувуу нэг сая гаруй тоологдсон байна. Өнгөрсөн жил 200 сая гаруй өндөг хүнсэнд хэрэглэжээ. Үүний 60-70 хувийг хувийн аж ахуй нэгжүүд хангаж байгаа юм байна. 2023 он гэхэд дотоодын ААН-үүд нийт хэрэгцээнийхээ 90 хувийг хангаж үлдсэн 10 хувийг импортоор авахаар зорин ажиллаж байгааг холбогдох яамныхан хэлж байв.
“Угтуул Алтай” ХХК-ийн захирал Б.Батмагнай “Гэр бүлийнхээ хүнтэй хамт шувууны аж ахуй эрхлэн ажилласнаас хойш 29 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Бөхөг компанид тэжээлийн инженерээс авахуулаад Ногооны аж ахуй дарга хүртэл ажлууд хийж ирсэн. 2006 оноос бие даан шувууны аж ахуй эрхэлж эхэлсэн. 3000-4000 шувуутай анх аж ахуйгаа эхлүүлж байсан бол өнөөдөр 20 мянга гаруй шувуутай үйл ажиллагаа явуулж байна. 20 орчим хүнийг ажлын байраар байнга хангаж байгаа. Бидний хөдөлмөрийг үнэлж ийнхүү шагнаж урамшуулж байгаад талархал илэрхийлье” хэмээв.