Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн О.Аззаяа, хэвлэлийн ажилтан П.Балжир нар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, 8-р хорооны “Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний байдалтай газар дээр нь танилцлаа.
“Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төв нь 9300 хүн амтай. 4 их эмч, 4 сувилагч бусад эмнэлгийн мэргэжилтнүүд харъяаллын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2018 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн томуугийн үзлэгийн хувь нэмэгдсэн. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. 1 дүгээр сарын 7-ноос 28-ны хооронд оройн цагаар нийт 21 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авсан байна. 1 дүгээр сарын 24-нөөс оройн цагаар ирж үзүүлэх хүүхдийн тоо багассан гэлээ.
ТТТӨ –нөөс сэргийлэх зорилгоор нярай болон 5 хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байгаа нь амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувийг бууруулахад нөлөөлж байна. Томуугийн бэлэн байдлыг хангах зорилгоор халууны шил, хэл дарагч, нэн шаардлагатай эмийн бэлэн байдлыг хангасан байна. Иргэдэд зориулсан Томуугаас сэргийлэх зөвлөмжийг Дүүргийн эрүүл мэндийн төвөөс хэвлүүлэн өгч байршуулсан, Өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талд уртасгасан цагаар ажиллаж байгаа тухай урсдаг гэрлээр мэдээлж байна.