Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Анхбаяр: Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй

Аэрибикийн спорт сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ спорт нь удахгүй олимпийн төрөлд багтаж магадгүй. Дэлхийн таван тивийн 100 гаруй улсад хөгжсөн байвал олимпид багтах магадлалтай. Тиймээс тус спорт хэдэн оронд хэр зэрэг хөгжилтэй байгааг судалж байна. Дээрх шалгуурыг хангасан бол олимпийн төрөлд багтана. Ингээд саяхан аэробикийн спортын дэд мастер цолны болзлыг хангасан тамирчин Б.Анхбаяртай ярилцлаа. Тэрээр Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургуулийн 10Д ангид сурдаг юм.

-Аэробикийн спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Би 2012 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн. Гуравдугаар ангиасаа. Энэ хугацаанд олон улсын болон улс, хот дүүргийн аварга болж, хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард БНСУ-ын Сөүл хотноо болсон олон улсын тэмцээнээс гурвалсан төрлөөр алт, ганцаарчилсан төрлөөр хүрэл медаль хүртсэн. Түүгээрээспортын дэд мастер цолны болзлоо хангаад байгаа.

-Аэробикийн спортын онцлог юу вэ?

-Ер нь ганцаарчилсан, хос, гурвал, баг, стептэй аэробик гээд нэг тамирчин хэд хэдэн төрөлд оролцож, нэг тэмцээнээс олон медаль авах боломжтой. Мөн багаар ажиллах чавдар, тэсвэр тэвчээр, хатуужил суулгадаг. Хөдөлгөөний маш сайн эвсэлтэй болдог. Энэ спортоор хичээллэдэг хүмүүс ямар ч бүжгийг маш амархан сурч чаддаг.

-Анхны гараа хаанаас эхэлж байв?

-Би нэг хоёрдугаар ангидаа ХУД-ийн 34 дүгээр сургуульд сурч байсан. Гуравдугаар ангидаа Нийслэлийн ЧД-ийн Ататуркийн нэрэмжит Тавдугаар сургууль руу шилжсэн. Тэр цагаас энэ спортоор хичээллэх үүд хаалга нээгдсэн. Тавдугаар сургуулийн аэробик гимнастикийн багш Ш.Оюунчимэг багшийн шавь болж, тэр цагаас хойш тасралтгүй хичээллэж байна. Тавдугаар сургууль аэробик гимнастикиар улс хот дүүрэг, олон улсын тэмцээнд тасралтгүй оролцдог. Ш.Оюунчимэг багш маань маш сайн багш. Эхлэлийг зөв тавьж өгсөнд үнэхээр их баярладаг. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өвөр Монголд очиж, зургаан сар хамтарсан бэлтгэл хийгээд 10 дугаар сард ирсэн.

-Хамтарсан бэлтгэл хийхэд тамирчин хүний хувьд хэр өсөж дэвжих боломж олгодог юм байна?

-Бэлтгэлээс өөр юу ч хийдэггүй. Өдөр шөнөгүй зөвхөн бэлтгэлээ л хийж байгаа болохоор тамирчин хүний хувьд чадвар сайн нэмэгддэг юм байна лээ. Бэлтгэлээс өөр юу ч бодох зав чөлөө ч бараг гардаггүй. Хувь хүний чадвар тэсвэр тэвчээр их нэмэгдэж, юмыг бас нэгэн өөр талаас нь харах нүд нээгддэг юм байна лээ.

-Хоёр улсын тамирчдын хооронд ялгаа байв уу? Хэр найзууд болов?

-Манай тамирчид илүү биеийн хөгжил болон чадвар сайтай санагдсан. Нөхөрсөг тоглолт, бэлтгэл цуг хийх үед Монголын тамирчид илүү тэсвэр хатуужилтай, чадвартай харагдсан. Тэндхийн хүүхдүүд их найрсаг, сайхан зан харилцаатай юм билээ. Тиймээс олон сайн найзтай болсон. Мөн их чармайлт сайтай. Бид нэг юм илүү хийж чаддаг бол тэрийг чинь сурья, заагаад өгөөч гээд өөрсдийн хичээл чармайлт их гаргадаг. Бид ч бас зөрүүлээд тэрийгээ зааж өг гээд хамтарсан бэлтгэлийн шим их байлаа. Чадахгүйгээ сурч, чаддагаа заагаад сайхан байсан.

-Урд нь Монголдоо тамирчид бөөнөөрөө кемпид гарч зөндөө бэлтгэл хийж байсан байх. Ер нь өөр оронд очоод бэлтгэл хийх, хөдөө бэлтгэл хийхийн ялгаа ямар байдаг юм байна?

-Өвөр Монголд ар гэрийнхнээсээ хол болохоор гэрийнхнээ санана. Найз нөхдөө санана. Тэр нь жаахан дарамттай байсан. Монголд бол тамирчдын бэлтгэлийн цаг бага, заримдаа заал олдохгүй. Кемпид гарсан ч бэлтгэлээ өдрийн зургаан цаг хийгээд үлдсэн цагт нь чөлөөтэй байдаг.

-Өвөр Монголд очоод дасан зохицоход хэр хугацаа оров? Хоол тамирчдын байр хангамжийн хувьд хэр байсан бэ?

-Санасныг бодоход их хурдан дасан зохицсон. Нэг хэвийн байдлаар л зургаан сар боллоо. Нэг л маршруттай. Тэр нь нэг бодлын их амар байж. Монголоос 30 гаруй тамирчин очсон. Хангамжийн хувьд тааруухан. Нэг жижигхэн өрөөнд арвуулаа байрладаг. Хоолны тухайд ногоо ихтэй. Бид нар шиг маханд дуртай хүмүүст эхэндээ хэцүү. Сүүлдээ ч дасдаг юм байна лээ.

-Ганцаарчилсан болон баг, гурвал гээд бүх төрөлд ороход ялгаа юу байдаг вэ? Давуу болон сул талууд юу байх уу?

-Ганцаарчилсан төрөл бол өөрөөс шалтгаалах бүхнээ хийдэг. Өөрийн чаддаг мэддэг бүх зүйлээ гаргана. Өөрт тохирсон комбинациудыг зохиож, нэг минут гучин секунтын хугацаанд бүхнээ гаргадаг. Тэр нь надад их таалагддаг. Багаар бол таван гишүүн янз бүрийн чадвартай байна. Хэрэв нэг нь нөгөөдүүлээсээ жаахан сул байвал тэр хүний темп, чадварт бусад нь тааруулж хийнэ. Тийм болохоор оноо буурч, медаль авах боломж буурах магадлалтай болдог. Харин бүгд нэгэн жигд сайн байвал багийн төрлөөр хийх хөдөлгөөнүүд олон сонголттой байдаг учир сайн баг байх нь чухал. Багийн гишүүд бүгд сайн байвал илүү хүчтэй, өрсөлдөөнтэй ширүүн байдаг л даа.

-Анхны багш Ш.Оюунчимэгээс эхлээд хэдэн багшийн гар дамжив? Багш нарын сургах арга барил хэр ялгаатай байдаг юм байна?

-Ш.Оюунчимэг багштай 2017 оныг хүртэл хичээллэсэн. Дараа нь Лайт клубын Мөнх-Оргил багштай хичээллэж эхэлсэн. Ш.Оюунчимэг багш их шахдаг. Байнга өсөн дэвжихийг шаарддаг. Чадахгүй байгаа хөдөлгөөнийг цаг үргэлж давтуулна. Тэгэсээр байгаад л нэг л мэдэхэд сурчихсан байдаг. Их мундаг багш. Энэ спорт өөрөө байнга өсөн дэвжихийг шаарддаг. Шинэ шинэ хөдөлгөөн комбинацыг өдөр бүр сурах шаардлага гардаг. Тэгэхээр өсөн дэвжих нь хурдацтай байна гэсэн үг.

-Чиний хувьд үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ?

-БНСУ-ын тамирчин Кун Мин Гогоос үлгэр дуурайл авдаг. Бичлэгийг нь үзэж, хөдөлгөөнийг дагаж хийдэг. Чадвартай сайн тамирчдыг бичлэгээс бас их зүйл сурдаг шүү.

-Ирээдүйн зорилго юу вэ?

-Аэробикийн спорт олимпийн төрөлд ороосой гэж боддог. Тэгвэл Монголын тамирчид энэ төрлөөр эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэлтэй байдаг. Мэдээж тамирчин хүн олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулах нь ганц зорилго нь байдаг. Цаашид улсынхаа нэрийг олон улс тив дэлхийд гаргах зорилготой байгаа. Манай улсын тамирчид энэ төрлөөр Азийн аварга, Дэлхийн хүрэл медаль хүртсэн. Энэ нь цаашид дээшлэх боломжтой.

-Тамирчин хүний хувьд тулгамддаг зүйл нь мэдээж олон улсын тэмцээнд явахад зардал мөнгө хувиасаа гаргадаг болхоор хүнд тусдаг байх?

-Тийм шүү. Ялангуяа манай улс олимпийн төрөлд ордоггүй спортуудаа орхигдуулдаг. Энэ нь буруу хандлага. Спорт бүр хөгжиж олимпийн төрөлд орох магадлал байдаг. Аэробикийн спорт ч гэсэн олимпийн төрөлд багтах магадлал өндөртэй байгаа. Тиймээс бүх спортыг дэмжиж, ивээн тэтгэж, спорт заал, хэрэглэл хэрэгслүүдээр дэмжиж туслах ивээн тэтгэгчүүд олон байгаасай гэж хүсдэг. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Аэробик эмэгтэй хүүхдийн спорт гэдэг. Хэд хоног хичээллэчихээд охины спорт гээд эрэгтэй хүүхдүүд ч их хаядаг санагддаг. Тийм биш шүү. Харин ч бие бялдрын жигд хөгжил, эрэгтэй хүүхдэд байх бүх чадварыг суулгадаг. Эцэг эхчүүд эрэгтэй хүүхдүүдээ аэробикийн спортоор хичээллүүлж, олон тамирчинтай болох тусмаа өрсөлдөөн ширүүсэж, сайн тамирчин төрөх магадлал өндөр болно шүү дээ.

-Аэробикийн спортоос өөр сонирхдог зүйл бий юу?

-Хөлбөмбөг сонирхдог. К.Роналдог шүтдэг. Хувь хүний хувьд ч тэр, тамирчин хүний хувьд ч тэр мундаг хүн.

-Өдрийг хэр завгүй өнгөрөөх үү? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Хичээл, бэлтгэл гээд өдөртөө зав хомс байдаг шүү. Сүүлийн үед давхар фитнест явж байгаа. Тиймээс бүр л зав бага болсон. Өглөө 07:00цагт гэрээсээ гараад орой 19-20 цагийн үед л гэртээ ордог. Мөн зургаан сар урд байсан хугацаан дах хичээлээ нөхөх, тэмцээн уралдаантай байх үед чөлөө авсан хичээлүүдээ нөхөх гээд давтлага хийж байгаа. Ихэнх уралдаан тэмцээн амралтын өдрүүдээр болдог болохоор амралтын өдөр ч амрах боломж хомс байдаг шүү. Гэхдээ ингэж завгүй байх нь надад таалагддаг. Залуу хүн завтай байх нь эмгэнэл гэдэг биз дээ. /Инээв/ Чөлөөт цагаараа хөлбөмбөг л тоглодог. Гэхдээ тоглох цаг нь бас ховор л доо.

-Бэлтгэлээ тасалж байв уу? Шантрах үе гардаг уу?

-Тасалж үзээгүй ээ. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд чөлөө авна. Тэгэхдээмаш ховор л доо. Нэг удаа хөлөө гэмтээгээд хэд хоног хичээлдээ явж чадахгүй, бэлтгэлээ хийхгүй өнжсөн. Хийх юм олдохгүй ёстой хэцүү юм билээ. Дахиж л бэртэж болохгүй юм шүү л гэж бодсон. Одоохондоо би дөнгөж 10 дугаар ангийн сурагч. Миний зорилго биелээгүй байхад шантрах эрх надад байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *