Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр Дорноговь аймагт ажилласан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учир би ямар нэгэн хүний нэр ус хэлэх, процессийг тайлбарлах боломжгүйг хэлье. Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагааны 5-6 дугаар цагийн хичээл орж байх үе байсан юм. Хэрэг явдал яагаад гарсан бэ гэвэл тухайн салбар уг өдөр харуулаас буусан байгаа юм. Энэ үед салбарын захирагчийн өгсөн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг зүйл салбарын байрнаас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж, гар утас ашигласан байна гээд нийт алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг ахлагчид өгсөн. Ахлагч цэргүүдийг биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаач дотор эвгүйрхээд би гүйж чадахгүй нь гэсэн тайлбарыг өгчээ. Энэ үед салаан захирагч нар өөр салаан захирагчийн хамт очин гүйж байсан явцыг зогсоосон. Ингээд салбарын цэргүүдийг байранд нь оруулсан байгаа. Байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулж хэвтүүлсэн. Дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байгаа юм. Энэ хооронд цэргийн алба хаагчид дараагийн хичээлд орсон тэр хооронд талийгаач таталт өгсөн. Тэгээд эмч дуудсан. Ангийн эмчийг ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгснийг сувилагч эмчдээ хэлээд Зүүнбаянгийн багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гаргаад багийн эмнэлэгт очих замдаа нас барсан. Багийн эмч үзээд энэ хүн нас барсан зүрх нь зогссон гэдгийг тогтоосон. Үүний дагуу Зүүнбаянгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Багийн цагдаагийн хэсэг мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсан байгаа. Ажлын бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэртээ нь холбоо барьж ийм хэрэг боллоо гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 23-ны өглөө 05:40 минутад ар гэрийнхэн нь Зүүнбаян багт очсон. Ар гэрийнхэн тэнд ажиллаж байсан байгууллага цэргийн удирдлагуудтай уулзсан. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийг хуурай замын цэргийн командлагчийн хувьд томилоод өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаян баг 336 дугаар анги дээр ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр энд хэд хэдэн зөрчил дутагдал байжээ гэж үзэж байгаа.
1 Ангийн удирдлагаас өдөр тутмын ажиллагаанд тавих хяналт сул.
2 Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн.
3 Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн байна гэсэн ийм үндэслэлүүд тогтоогдсон. Энэ дүгнэлтийг би салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Одоо Зүүнбаян багт Дорноговь аймгийн цагдаагийн мөрдөн шалгах алба, Дорноговь аймгийн тагнуулын газар хэргийн газар дээр ажиллаж байна. үйл ажиллагаанд тавигдах хяналт сл цэргийн дүрэм зөрчигдөх асуудал байгаа учраас бид холбогдох шат шатны удирдлагад арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдтай ярьсан байгаа.
Дашрамд хэлэхэд харамсалтай хэрэг гарсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн ар гэр, хамаатан садан, найз нөхөд бүгдэд нь эмгэнэл илэрхийлж байгааг албан ёсоор дамжуулж хэлье.
ЗХЖШ-ын нэрийн өмнөөс хуурамч веб хуудас нээн эмгэнэлийн бичиг тавьж, сошиалаар явсан асуудал гарлаа. Энэ чиглэлээр кибер аюулгүй байдалтай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаад веб хаяг нээж эмгэнэл илэрхийлсэн хүнийг олж тогтоосон. Энэ бол Зэвсэгт хүчний албан ёсны байр суурь биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.