Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэх ёстой. Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд зарлагдаад байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо.
Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүн оролцохоос долоо нь ирсэн байв. Бусад гишүүдийн хувьд өвчтэй, гадаадад болон орон нутагт томилолттой яваа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар
- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04ний өдөр өргөн мэдүүлсэн/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагт зарлагдсан ч хуралдаж чадах эсэх нь мөн эргэлзээтэй байна.