Манай улсад 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь 2017 оноос 201 хүнээр буурсан үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.7 мянга нь эрэгтэйчүүд байгаа юм.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 36.6 хувь нь БНХАУ-ын, 10.5 хувь нь Австрали, 6.7 хувь нь ОХУ, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.9 хувь нь АНУ-ын, 5.3 хувь нь БНСВУ, 3.3 хувь нь Канад, 3.3 хувь нь Англи, 3.3 хувь нь Филиппин Улсын иргэн байгаа бол 19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали, Филиппин, БНСВУ, Англи улсын иргэдийн тоо нэмэгджээ. Тэгвэл БНХАУ, АНУ, ОХУ, БНСУ, Канад Улсын иргэдийн тоо буурсан байна.
Ийнхүү гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдийн 1.7 мянга нь уул уурхай, олборлолтын, 918 нь боловсролын, 782 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 295 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 182 нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 121 нь барилгын, 550 бусад салбарт ажиллаж байна.
Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Гадаадаас ирэх онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байдаг. Уг тогтоолоор энэ онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар тогтоосон бөгөөд ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэхээр болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурсан юм. Холбогдох яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжихээ илэрхийлээд буй.
Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал, барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд тэр дундаа авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулахыг салбарын сайд тодотгосон.