Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа найман аймгийн ерөнхий боловсролын /ЕБС/ сургуулийн сурагчдыг амралтыг сунгах тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан байна. Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Уг тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ.