Нийслэл Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудал бол утааны асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх том гарц бол гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн ажил юм. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ дэлхий телевизын зүүн урд байрлах 15 давхар орон сууцны 2 блок 154 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компаний гүйцэтгэх захирал н.Энхболд, газар чөлөөлөн шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрүүд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй орон сууц ашиглалтад орох юм. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгийг зарцуулна. Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж,7,227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан5,001 айлын янданг буулгаад байна.Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2,030 айлын орон сууц ашиглалтад орсон.
Өнөөдөр ийнхүү ашиглалтад орж буй 154 айлын орон сууцны барилгыг сэтгэл зүтгэл гаргаж, чанарын өндөр түвшинд сүндэрлүүлсэн НГХДБГ, төсөл хэрэгжүүлэгч “Монтед констракшин”ХХК-ий хамт олонд ажлын амжилт хүсье.
“Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд:
Манай компаний хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4,8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчидыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын 2 блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх 4 сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй НЗДТГ, НГХДБГ болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна.