Монгол Улсын ерөнхийлөгч өчигдөр цаг үеийн асуудлаар болон шударга бус зүйлсийн талаар санал, шаардлагаа прокуроруудад өгсөн. Энэ үеэр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой 179 хуудас баримт өгөөд шалгах нь зүйтэй хэмээсэн билээ. Мөн улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг ЖДҮХСангаас хоёр жил дараалан зээл авсныг шалгах ёстой хэмээн үзэж буйгаа прокуроруудад хэлсэн юм. Б.Амгаланбаатар нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан байна. Түүний “Цаст согоот” ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч “Хуулийг харахаар Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой. Хариуцлгатай, хууль ёсыг чандлан сахих ёстой хүн ЖДҮХСангаас хоёр жил дараалан зээл авсан байна. Энэ хүн шудрага ёс яриад сууж байвал итгэх хүн байх уу. Тиймээс Б.Амгаланбаатарын асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирнэ” гэсэн юм.