Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.
Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг нийлүүлэн 45 ор нэмэлтээр дэлгэн 85 ортой амьсгалын эрхтний эмгэгийн үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нийт 85 орон дээр 77 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт шөнийн ээлжинд дотрын 3 эмч, мэс заслын 1 эмч, резидент 3 эмч нийт 7 эмч, 4 сувилагч ажиллуулж байна. Ингэснээр хүлээн авахын ачааллыг бууруулж, хүлээгдэл чирэгдэлгүй тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Нярайн эмгэг судлалын тасаг 45 орон дээр 93 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт нярайн 35 хувь нь ханиад гэсэн оноштой байна.
Өнөөдрийн байдлаар 17-21 цагийн байдлаар нийт 69 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлснээс 7 хүүхэд хэвтсэн, 53 хүүхэд зөвлөгөө авч буцсан, 11 хүүхдэд мэс заслын, 9 хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн байна.
Жижүүрийн эмч нар яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдийн тоо багассан боловч хэвтэж байгаа хүүхдийн тоо цөөрөөгүй. Өдөрт дунджаар 45-50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэв.
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай тусламж шаардлагатай үед тус төвтэй шууд холбогдох яаралтай тусламжийн утсыг сэхээний тасагт ажиллуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.