Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох 37 тэрбум төгрөгийн асуудлыг шүүхээр шийдэхээр болсон билээ. Тодруулбал, оны өмнө Э.Бат-Үүл нарын хэргийг шүүхэд шилжээд байсан бол энэ баасан гарагт урьдчилсан хэлэлцүүлэгийг хийхээр товлосон байгаа юм. Сэжигтнээр Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, Б.Чулуудай, А.Гантулга, Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарыг татаж, шүүх юм байна. Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ. А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн байгаа юм.