Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан. Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг энэ сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүв. Шүүгдэгч П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оноосон байна.