Монгол Улсад энэ оны эхний 10 сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 162 гэмт хэрэг бүртгэгдэж, 312 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Үүний 246 нь эрэгтэй, 66 нь эмэгтэйчүүд. Харин насны ангиллын хувьд авч үзвэл энэ төрлийн нийт гэмт хэргийн 14 орчимд нь 18 хүртэлх насныхан холбогджээ. Холбогдогчдын хамгийн бага нь 13 настай хүүхэд байсан юм. Хамгийн их буюу 138 хэрэгт нь 19-25 насныхан холбогдсон байна. Мөн эл гэмт хэргийн 113-д нь 26-35 насныхан, 37-д нь 36-с дээш насныхан холбогдон, шалгагдаж байгаа аж. 2018 оны байдлаар бүрэн дунд боловсролтой нийт 140 хүн хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 19-25 насныхан байгаагийн гол шалтгаан нь ид залуу үеийнхэн аливаа зүйлд уруу татагдахдаа амархан бөгөөд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг сонирхоод нэг л удаа хэрэглэсэн бол түүнийг дахин хэрэглэх магадлал өндөр байдагтай холбоотой гэнэ. Мөн хар тамхи худалдан борлуулдаг бүлэглэлүүдийн хойч үеэ бэлдэж буй гол бай нь 19-25 насныхныг онилж байгаа учир тэдний сонирхлыг татахаар гэнэн, итгэмтгий занд тулгуурлан олон арга хэрэглэдэг нь энэ насныхныг хэрэглэгч, холбогдогч болгоод байна гэж судлаачид хэлж буй.
Гэмт хэргийн эзэн холбогдогчид нь гол төлөв хар тамхийг тээвэрлэх болон бусдад худалдан борлуулах, хэрэглэж, мансуурсан байх үедээ, хил гаалиар энэ төрлийн бодисыг нэвтрүүлэхээр оролдож байхдаа баригддаг гэнэ. Дэлхий нийтэд цагаан тахал гэгддэг эл гэмт хэргийн арга барил нь улам нарийсч байгаа бөгөөд Монголд ч энэ нь нөлөөлж буй гэнэ. Нэгэн жишээ дурдвал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр нэвтрүүлэн, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн, баривчилсан байдаг. Тухайн үед хэрэгт холбогдсон этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарын оролцоотой Улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийлгэхэд, иргэн Г.Сарангэрэлийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс хэмээх мансууруулах бодис гарч ирсэн гэх мэдээлэл байдаг.
Үүнээс гадна Монгол Улсад хар тамхи, мансууруулах төрлийн ургамал тарьж, ургуулдаг байсан этгээдийг арваннэгдүгээр сарын 15-нд илрүүлсэн байдаг. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж, ургуулж байсан, Турк улсын иргэнийг баривчилсан юм. Тус иргэн нь 2016 оноос хойш Монгол Улсад хуулийн дагуу зөвшөөрөл авч цагаачлан амьдардаг нэгэн байсан гэдэг. Хар тамхины төрлийн ургамал тарьж байсан гэх 38 настай М нь Монгол Улсад ирсэн цагаасаа хойш хар тамхины төрлийн ургамал болох каннабисийг тарьж байсан гэх хэргийг холбогдох байгууллагаас шалгаж байна.
Харин сүүлийн үед хар тамхи мансууруулах бодис тээвэрлэн ялангуяа улсын хил, гаалиар нэвтрүүлэх явдал нь улам нарийсч, арга нь мэргэжлийн түвшинд болж буйг албаныхан хэлж буй. Учир нь арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран буухиа шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг үйлдэл дээр нь баривчилсан байдаг. Шалгалтын явцад, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авдаг байсан нь тогтоогджээ. Хар тамхи худалдан борлуулдаг байсан сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэнэ. Шалгалтын явцад хар тамхины төрлийн бодисыг онлайнаар захиалан авдаг байсан бөгөөд сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийдэг байсан нь тогтоогдсон гэнэ. Мэргэжилтнүүд, “Мансууруулах бодис нууцаар арилжаалах бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар, арга барил нь улам нарийсч буй. Цахимаар үйлдэгдэж буй энэ төрлийн зарим гэмт хэргийн цаана 100 гаруй холбогдогч, борлуулагч байдгаас гадна улс дамнасан сүлжээ бий болгосон” гэдгийг хэлсэн байна.
Мөн нийт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн зарим нь буухиа шуудангаар үйлдэгдэж буй гэнэ. Харин төлбөрийг нь сүүлийн үед дэлхий нийтэд дэлгэрээд байгаа биткойн буюу цахим мөнгөөр төлдөг гэх мэдээллүүд байгаа. Хар тамхинаас гадна хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн төлбөрийг ч энэ төрлийн шинэ мөнгөний системээр хийдэг байж болох талаар гаднын цахим хуудаснуудаас харж болно. Манай улсад 2016 онд хүний наймаатай холбоотой найман тохиолдол бүртгэгдэж байсан бол 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Эл тоон мэдээлэл нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа хэргүүдийн мэдээлэл гэнэ. Гэхдээ хүний наймааны төлбөрийг биткойноор хийсэн тохиолдол Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч, илрээгүй ийм төрлийн гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй. Учир нь биткойн буюу цахим мөнгө нь ямар ч банк, брокер, диллерийн компанид харьяалагддагүй аж. Нэг ёсондоо гэмт хэргийг эдийн засгийн ул мөр үлдээлгүй хийх боломжийг бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, биткойныг хамгийн энгийн ойлголтоор тайлбарлавал, зах зээлд гарч ирж буй шинэ төрлийн валют аж. Одоогоор зах зээлд гол хэрэглэгдэж байгаа валют нь бүгд төв банкны удирдлага дор хэвлэгдэж, зах зээлийнхээ эрэлтээс шалтгаалан нийлүүлэгдэж байдаг бол биткойн мөнгийг хэрэглэгчид нь өөрсдөө удирддаг. Биткойн нь төвлөрсөн төв банкны систем байхгүй, удирдлагагүй, эзэн байхгүй мөнгө аж. Тийм учраас энэ төрлийн шинэ мөнгөн тэмдэгтээр аливаа гэмт хэргийн төлбөрийг төлөхөд эзэн холбогдогчийг нь олоход маш хэцүү, хэрэг үйлдэгч өөрөө л цахим систем ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол барагтай бол хэрэгтэн нь илэрдэггүй гэдгийг судлаачид хэлж буй гэнэ. Биткойныг хийхдээ компьютерын блокчэйн технологийг ашигладаг бөгөөд тэдний үндсэн дүрэм дээр тулгуурлан явагддаг байна. Үүний ашиглах зааврыг нь нэг ойлгоод авчихсан байхад хамгийн амарханаар мөнгөн гүйлгээ хийж болдог аж. Дэлхий нийтийн дунд 2013-2015 оны үед биткойныг хууль бус гэмт хэрэг үйлдэхэд ашиглах тохиолдол их байсан аж. Өөрөөр хэлбэл, биткойн нь хамгийн анх энэ төрлийн гүйлгээ хийж болдог гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж байсан гэнэ. Далд интернэт буюу цахимаар болж бүтэхгүй зүйл худалдаалдаг энэхүү орчинд биткойныг ашигладаг байжээ. Далд интернэтийн орчныг ч бас хянах боломжгүй бөгөөд хэн худалдаалж, хэн нь худалдан авч байгаа нь мэдэгддэггүй аж. Хэрэв төлбөрийг доллар, юань зэрэг түгээмэл ашиглагддаг валютаар хийхэд гүйлгээ хийсэн ул мөрийг нь мөшгөсөөр байгаад хууль бус гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлж болдог байжээ. Харин энэ орчинд биткойн буюу цахим мөнгийг ашиглахад тухайн хүн уг дансаар хууль бус зүйлийг худалдаж авсан гэдгийг баталгаажуулах бараг л боломжгүй тул гэмт хэрэгтнүүд шинэ валютаар гүйгээ хийх явдал нь нэмэгдсэн байна.Хэдийгээр данс, гүйлгээ, орлого, зарлага нь нүдэнд ил байх болов ч тухайн дансны дугаарыг данс эзэмшигчтэй нь холбоход хүндрэлтэй байдаг гэнэ. Яагаад гэхээр хувь хүн нэг кноп дарахад л хичнээн ч төрлийн данс нээж болдог аж. Тийм болохоор үүнд хяналт тавихад одоо хэрнээ асуудалтай байгаа аж. Гэхдээ дэлхий нийтийн дунд биткойныг хар тамхи, хүний наймаа, терроризмтой холбон ашиглахад үе нь өнгөрчихсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн биткойн нь офишер гэдэг зүйлийг Панамд биш карманд явагдуулах боломжийг үүсгээд байгаа аж.
Уг нь биткойн нь төвлөрсөн банкны системийг дутагдал, алдагдалтай талыг нөхөх гэж гарч ирж байсан мөнгөний нэг төрөл аж. Эдийн засгийн өсөлтгүй хэрнээ мөнгө хэвлэх, валютын ханшны хэлбэлзэл, уналт зэрэг асуудлуудыг шийдэх гэж л гарч ирсэн боловч үүнийг Монголд төдийгүй дэлхий нийтэд хууль бус гэмт хэрэгт ашиглах хандлага бий болоод удаж байгаа аж. Гэсэн хэдий ч технологийн дэвшилийг дэмждэг дэлхийн улс орнууд энэ мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ирээдүйд цаасан мөнгийг халах шинэ хувьсал гэж үзэж байгаа гэнэ.
З.СУВД