Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн Монголыг дотроо зураглаж яваа Б.Отгонзулынх

Сайн хань, элэг бүтэн гэр бүл нь түүний үнэт баялаг. Хийж бүтээсэн зүйлүүдээрээ бахархахаас илүүтэй хийж бүтээх гэсэн санаа бодолдоо дүрэлзэж яваа гэх энэ эгэл эрхмийг Барадийгийн Отгонзул гэдэг. Тэрбээр таван хүүхэдтэй айлын бага нь болон мэндэлсэн. Далаад оны хүүхдүүдийн нэгэн адил зах зээл, чөлөөт эдийн засгийн харилцаанд орсон энэ залууг маркетингийн харилцааны “Универсал” компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь салбарынхан нь андахгүй.

Түүний үүсгэн байгуулсан маркетингийн компани нь олон улсад данстай байгууллага болж, дэлхийн нэг номерын сүлжээ байгууллагын Монгол дахь төлөөлөгч болсон байна. Глобал зах зээлд Монголоо төлөөлөн хийж бүтээсэн зүйл, хурааж хуримтлуулсан арвин их туршлагатай хэдий ч олны өмнө тэр бүр гавьяа шагналаа зарлаад байдаггүй жирийн бизнес эрхлэгч гэж түүнийг тодорхойлж болно.

Биднийг Б.Отгонзулынд очиход түүний гэргий З.Бурмаа дунд хүү О.Мөнхтулгыг эргэхээр урд нутгийг зорьсон байв. Эднийх Баянзүрх дүүргийн XIII хороололд нүүж ирээд хорь гаруй жил өнгөрчээ.

ФИЛОТОВАГИЙН ЗЭХСЭН ТОРГОН ӨЛГИЙН ЭЗЭН БОЛСОН НЬ

Түүний аав Барадий бичгийн хүмүүн байсан гэнэ. Ааваасаа хэдэн гар бичмэл, үзэг өвлөж үлдсэн нь түүний томоохон өв, үнэт зүйл. Аавынх нь удам сударт бичгийн улс их байсан учир бичих оролдлого бий гэж байв. Тиймдээ ч номын шарласан хуудсан дунд утга зохиолд дурлан өссөн гэхэд хилсдэхгүй. Энэ утгаараа өөрийн мэргэжилтэй холбоотой ном туурвих бодолтой явдаг гэнэ. Б.Отгонзулын ээж Гэндэндаржаагийн Нарангэрэл нь залуудаа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Ивановна Филатовагийн удирдаж байсан Хүүхдийн төлөө фондод нарийн бичгийн даргаар ажилладаг байжээ. Тэрхүү хугацаандаа Монголын хүүхдүүдийн төлөө олон жил зүтгэсэн гэнэ. Б.Отгонзулыг хэвлийдээ бойжиж байх үед нь Филатова гуай хүү төрвөл хөх, охин төрвөл ягаан торгоныг өгнө гэж хоёр өлгий зэхжээ. Тэгээд хүү төрсөн учраас хөх торгон өлгийгөө бэлэг болгон өгсөн гэдэг. Нэгэн цагийн Монголын тэргүүн хатагтай Филатовагаас өлгий авч байсныгаа ихэд бэлгэшээн олзуурхаж явдаг гэдгээ Б.Отгонзул хэлж байлаа. Түүний ээж өдгөө өндөр настны тэтгэвэрт гарч, ач зээгээ тойруулан аж төрж байгаа гэнэ.

АРВАН ЖИЛИЙН НЭГ ШИРЭЭНЭЭС ЦЭЦЭГЛЭСЭН АМЬДРАЛ

Б.Отгонзул гэргий З.Бурмаатайгаа нэг ангид орж, нэг ширээнд суусан тэр үеэс л түүнд сэтгэл татагдаж эхэлжээ. Оросууд нутаг буцаж, тухайн үеийн Орос сургуулиуд хаалгаа барьж эхэлсэн гэнэ. Энэ үед Орос сургуульд сурч байсан сонгол хүүхдүүдийг нэг сургуульд цуглуулснаас энэхүү хайрын түүхийн эхлэл болжээ. З.Бурмаа Орос III сургуульд шилжин ирж, Б.Отгонзултай нэг партны найзууд болсон гэнэ. Эхнэрээ эргүүлж араас нь удаан гүйсэн ч амжилт эс олсон тул Б.Отгонзул таван бүлэг дундаа нэгдсэн шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах мэргэн санааг олжээ. Үеийн хүүхдүүд шинэ жилийн баярт анги ангиараа оролцож, харин энэ завшаанаар ирээдүйн гэргийгээ бүжгэнд урьснаар энэ гэр бүлийн эхлэл тавигдсан гэнэ. Тэр шинэ жилийн үдэшлэгт нийт 27 хос мэндэлсэн аж. Энэ цагаас өнөөг хүртэл гучаад жил өнгөрчээ. Арван жилээ төгсөөд ч нэг их сургуульд элсэн орж өдгөө нэг ажилд, нэг албан өрөөнд хамтдаа суун хөдөлмөрлөх болжээ. Б.Отгонзул маркетингийн удирдлагаар мэргэшсэн бол З.Бурмаа санхүүгийн удирдлагаар мэргэшжээ. Маркетингийн харилцааны “Универсал” ХХК-ийг өдгөө Б.Отгонзулын гэргий З.Бурмаа амжилттай удирдаж явна. Хамтдаа нэг зорилгын төлөө хөдөлмөрлөдөг ч гэртээ байхдаа ажлынхаа талаар огт ярилцдаггүй юм байна. Энэ нь гэр бүлийн орон зай, соёл, ахуйд ажил, бизнес хутгахгүй байх нэгэн чухал бодлого болой.Түүнээс гадна үргэлж завгүй байдаг өрхийн тэргүүний хувьд гэр бүлдээ өдөрт нэг удаа үүрэг гүйцэтгэж ёстой үздэг гэнэ. Завгүй амьдралын хэв маягаас үүдэн гэрийнхэндээ өглөөний цайг бэлтгэх боломж л олддог байна. Тэр ажилдаа мань хүн ихээхэн ач холбогдол өгч дуртай гүйцэтгэдэг аж. Гэрийнхэн нь түүний бэлтгэсэн өглөөний цайг уугаад талархлын үгс бэлэглэн гэрээсээ ажил, сургуульдаа гарах нь өрхийн тэргүүний хувьд ажил үйлсийн цэнэг бэлэглэсэн бас нэгэн аз жаргал нь.

Багаасаа л бизнесийн салбарт хөл тавьж, өнөөг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй хөдөлмөрлөсөндөө эдний гэр бүл сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ Б.Отгонзулын хувьд гурван хүүгийнхээ өсч бойжих үед дэргэд нь байж хэлд, хөлд орох, анхны ялалт, ялагдлыг нь хуваалцаж явсан нь түүний амьдралын хамгийн нандин зүйл. Г.Нарангэрэл хүүхдүүдийнхээ боловсролд ихэд анхаардаг байсан учир Б.Отгонзул ч мөн энэ уламжлалыг орхисонгүй. Түүний ээж “Тархинд хийсэн мэдлэгийг сүхээр цавчаад авахгүй. Тийм болохоор тархиа хөгжүүл. Эд хөрөнгө нэг л өдөр алга болно. Эрдэм мэдлэг хэзээ ч үгүй болохгүй” гэж захиж төлөвшүүлжээ. Гэр бүлийн суурь хүмүүжлээ дагаад эд хөрөнгийг илүүд үздэггүй, олдсоныгоо бусадтайгаа хуваахыг л боддог. Багаасаа их ном уншсан учраас хүүхдүүддээ ч ном уншихыг зөвлөж хамтдаа уншсан номууд ч их гэнэ. Тэдний гэрт байгаа номын санд эдийн засаг, утга зохиолын сонирхолтой бүтээлүүд багтжээ. Хамгийн сүүлд нэмэгдсэн ном нь гэвэл Шинжлэх ухаан технологийн сангаас эрхлэн гаргасан “Монголын үндэсний нэвтэрхий толь” байв. Б.Отгонзул бага хүүтэйгээ хамтдаа нэвтэрхий толь уншиж чөлөөт цагаа өнгөрөөх болжээ. Үүнээс гадна нэг өрөөгөө биеийн тамирын өрөө болгон тохижуулж, эрүүл амьдрахын үндэс болсон дасгал хөдөлгөөнд идэвхийлэх санаатай байгаа гэнэ.

Өрхийн тэргүүн маань бага залуудаа боксоор хичээллэдэг байсан учраас энэ спортод сонирхолтой. Үүнийг нь гурван хүү нь ч өвлөж, спортоор хичээллэдэг гэнэ. Тэднийд хөвгүүдийнх нь хүртсэн медаль, цом шагналууд олон харагдсан. Мөн гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа гадаад, дотоодоор аялдаг уламжлалтай юм байна. Гадны оронд очихоороо тэндээсээ заавал дурсгал болгон сувинер авчирдаг. Түүнчлэн олон орноор аялж, гадны бизнесийнхэнтэй хамтран ажилладаг энэ гэр бүлийн хувьд олон ч найзтай болж чаджээ. Олон улсад өөрсдийгөө хэдийнэ таниулж, ур чадвар, мэдлэг, зүтгэлээрээ энэ салбарыг өнгөлж яваа гэж болно. Аялсан улс бүрээсээ дурсгал болгон авчирсан сувинер эдний гэр бүлийн бас нэгэн үнэт зүйл. Эдгээрээс гадна Б.Отгонзул уран зураг сонирхоно. Зураач найз нөхдөөс нь ирүүлсэн бүтээлүүд дунд гэрийн эзэгтэй З.Бурмаагийн хөрөг ч бий. Байгалийн натур зураг сонирхдог учир гэрт, ажлынхаа оффист уран зураг, бүтээлүүдээр дүүрэн өлгөсөн байна.

Эднийх гурван хүүтэй. Том хүү О.Баттулга нь Америкт инженерийн чиглэлээр суралцаж байгаа бол дунд хүү О.Мөнхтулга нь Хятадад санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа гэнэ. Харин бага хүү О.Билгүүнтулга нь Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Тэрбээр аавын маркетингийн мэргэжлийг өвлөх сонирхолтой гэдгээ бидэнд хэлж байсан юм. Гэрээ сахиж үлдсэн аав, хүү хоёр биднийг их зочломтгой угтав. Б.Отгонзул “Хүүхдүүд маань нэг үеэ бодвол гараас гарчихлаа. Бие даасан сайхан том залуучууд болжээ. Хоёр том нь эрдмийн мөр хөөгөөд явсан. Ингээд хүүхдүүд том болохоор ажил мэргэжилдээ төвлөрөх цаг ирдэг юм байна. Бизнесийнхээ эхний арван жилд эхнэр маань үр хүүхдээ бойжуулж, би энэ бизнесээ хөл дээр нь босгохын төлөө зүтгэсэн. Сүүлийн арван жил хоёулаа хамтдаа зүтгээд, бусдад буруугүй, үр нөлөөтэй зөв үйлчилгээ үзүүлэхийн тулд явж байна даа” гэсэн юм. Хөвгүүдийнхээ нэрийг “Тулга” гэсэн нь анх том хүүгээ мэндлэхэд санаандгүй Баттулга гэж нэрлэсэнтэй холбоотой гэв. Том хүүгээ “Тулга” гэж нэрлэсэн учир дараагийн хоёр хүүгээ ч ингэж нэрлэхээр болжээ. Харин хамгийн бага хүүгийн нэрийг том ах нь өгсөн гэнэ. Санаандгүй өгсөн энэ нэр явцын дундаа түүний амьдралын утга учир болсон байна. Б.Отгонзул “Тулга гэдэг Монгол ухаан эв нэгдэл, халуун ам бүл, галын дөлийг бэлгэддэг. Олон сайхан зүйлийг агуулсан үг болоод ч тэр үү, тулгыг амьд бодь гал гэдгээр нь хүлээж авдаг. Үндсэндээ айл бүхэн тулганд гал асааж амьдралаа эхлүүлдэг. Айл бүр тулгаа тойрон сууж амьдралаа хүүрнэдэг. Тулгыг гал голомтоо хэмээн бэлгэшээж, тулга тавьсан газартаа хог хаяхыг цээрлэдэг зэрэг наад захын монгол ухаанд өндөр ойлголт бий. Энэ утгаараа гал голомтын маань гол бэлгэ тэмдэг юм даа” гэж тайлбарлав.

ЭХ ОРНОО ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГТАЙ
УЯХ ЗОРИЛГО

1990 оны хувьсгалын дараа өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгож явсан залуусын нэгэн адил Б.Отгонзул ч зүтгэж явсан. Харин өнөөдөр амьдрал тогтож, үр хүүхдүүд нь хүний зэрэгтэй болсон учир тэрбээр эх орон, улсын хөгжилд санаа тавих цаг нь ирсэн гэж үзэх болжээ. “Хувьсгалаас олж авсан хамгийн том үнэт зүйл эрх чөлөө. Юм сурах, үг хэлэх эрх чөлөө асар үнэтэй. Өөр юу ч хийсэн бай Монголын ард түмэн ардчиллыг тунхаглаж, эрх чөлөөг сэргээн мандуулж, Азид хамгийн том эрх чөлөөтэй улс орон болж чадсан нь чухал үйл хэрэг. Бусад соц лагерийн орнууд манайх шиг бүрэн ардчилсан, эрх дураараа байдлыг бий болгож чадаагүй” гэдгийг энэ үеэр хэлж байсан юм. Түүнийг сүүлийн арван жилийн хугацаанд Зүүн Европ, дундад Азийн орнуудаар ажиллаж, аялж байхдаа бидэн шиг иргэний эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг тунхаглан мандуулж чадсан улс орон төдийлөн харагдаагүй гэнэ. Нэг талдаа бид азтай ард түмэн ч зангидсан системтэй бодлого, хөгжлийн тогтвортой үзэл санаагүйгээр 30 жил явсанд харамсдаг гэдгээ нуусангүй. “Бид Орос ах нар гээд л байдаг. Тэд яг үнэндээ сүүлийн арван жил эрх чөлөөгөө олж авахаар явж, тэмцэж байгаа ард түмэн. Бараг 1985 оноос хойш бүх нийтдээ барууны бодлогод залгигдчихсан. Үндэсний үйлдвэрлэлүүдээ бүхэлд нь бараг шахуу алдчихсан. Томоохон бүтээн байгуулалтууд нь барууныхны мэдэлд байдаг. Хүний эрх гэсэн нэрийдлээр том том байгууллагууд орж ирж нийгмийн тархи толгойг угаадаг. Орост олон зүйл байгаа учраас тэр. Монголтой харьцуулахад Орост алдах юм их. Гэхдээ бид Оростой харьцуулахад тусгаар тогтнол, үндэсний эрх ашгаа хамгаалж чаддаг” гэж байв.

Тэрбээр “Бид гаднаа дайсантай болсон цагт нэгдэж чаддаг ард түмэн. Урвадаггүй. Хамгийн том үнэт зүйл нь энэ. Өнөөдөр Монголд гадаад дайсан байхгүй учраас дотроо алалцаад байгаа юм. Угтаа монголчууд цусандаа тэмцэгч ард түмэн. Үг хэл, үйл хэрэг бүгд тэмцлийн шинж чанартай. Тийм болоод Монголд тэмцэл хурдан өрнөдөг. Ямар нэгэн систем нэвтрэхэд түүнийг хурдан өвөлж авдаг, өөрийн болгож нутагшуулдаг гаргуун авьяастай. Тэгэхэд Зүүн Европ, Дундад Азийн орнууд барууны үзэл сурталд хэтэрхий их автчихсан. Үндэсний үйлдвэрлэл битгий хэл үндэсний худалдааны сүлжээнүүдээ нийтээрээ алдчихсан байна шүү дээ. Том удирдлагууд нь тохиролцоо хийсэн нэрэн дор нийгмийн эрх ашиг, хөгжлийн тогтолцоо нь дандаа саарчихсан. Тэр нь өөрчлөгддөггүй. Манайх бол цаад тал нь найман жил явна. Тэгээд дөрөв дөрвөн жилд өөрчлөгддөг. Үүнд давуу, сул тал аль аль нь бий. Маркетингийн зүгээс харахад барууны брэнд франчайз үйлчилгээнүүд зах зээл томтой газруудад асар ихээр нөлөөллөө бий болгож, хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр ажлын байр бий болдог. Үүний цаана үндэсний хөгжлийн бодлого нь алдагдчихсан. Өөрсдийн онцлог хэв шинжээ гээж байгаа талууд ажиглагддаг. Бид алдаа гаргасан. Тэр алдааныхаа үр дагаврыг бид хүлээж байна. Бид оносон. Онооныхоо үр шимийг бид хүлээж байна. Гагцхүү хурдан хөгжихийн тулд бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын бодлого үгүйлэгдэж байна. Өнгөрсөн гучин жилд макро түвшний бодлого үнэхээр хэрэгжсэнгүй. Ирэх гучин жил ямар макро бодлого стратеги дэвшүүлэх вэ. Гучин жилийн дараа бид эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны үзүүлэлтээр ямар улс байх вэ. Улс төрийн тогтолцоо ямар байх гээд энэ бүх юмыг өнөөдөр бидний үеийнхэн асуулт тавьж, хариулт авдаг байх цаг иржээ. Бид стратегийн зорилгын төлөө улс үндэстнээрээ нэгдэх цаг болжээ” гэдгийг энэ үеэр тэмдэглэв. Эдийн засаг тэр дундаа маркетингийн салбарт олон жил зүтгэсэн хүний хувьд дэлхийн глобалчлалд нэгдэх цаг хэдийнэ ирсэн гэдгийг дурдлаа. Цаашдаа ч энэ чиглэлээр эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн төслүүд санаачлаад байгаа гэнэ.

Герман, Солонгос, Америк зэрэг орнууд ирээдүйн хөгжлийн зуун жилийн чиглэлээ гаргажээ. Зуун жилийн дараахь нийгэм, эдийн засаг, соёлын харилцааг нэгтгээд явж байхад Монголд гучин жилийн дараахь тогтолцоо ямар вэ, алсын хараа байна уу гэдэгт хариулт байхгүй нь түүний санааг зовоож байгаа аж. Үр хүүхдэдээ ямар нийгэм, ирээдүй үлдээж байгаадаа санаа зовдог нь түүний ярианаас ойлгогдов. Тэрбээр “Манайх бүс нутагтаа ямар үүрэг гүйцэтгэх юм бэ. Дэлхийд бид юугаараа ялгарах вэ. Бусдад бид юугаараа хэрэгтэй байх вэ. Дэлхийд бидний үндэсний ялгарал юу вэ. Мах, нүүрсээ л зарсаар л байх юм уу. Үүнд бид хариулт хайж хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөдөртөө бид өөр хоорондоо булаацалдаад, нүүрсээ зараад болоод байна. Харин ач, зээ нартаа хэдэн төгрөгийн өр үлдээгээд байна вэ. Аав, ээж минь бидэнд ямар нийгэм үлдээлээ. Бид үр хүүхдэдээ ямар нийгэм үлдээх вэ гэдгээ тооцож амьдрах ёстой. Бид ирээдүйгээ бүтээхэд саад болж байгаа зүйлээ дайсан гэж хармаар байна. Үр хүүхдэдээ үлдээх гээд байгаа өрөө төлж, хожим яаж хуримтлал үүсгэх вэ гэдэг дээр цэвэр эдийн засгийн бодлогоо гаргах хэрэгтэй. Улс төрийн хийрхэлээр ингэж явж болохгүй. Түүний тулд гадаад улс орны бодлогыг сайтар ажиглах хэрэгтэй. Монголын ноолуур дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байна. Үүнийгээ бүгд хийгээд явж болно. Эсвэл Монгол бүхэлдээ эрчим хүчний улс болж болно. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой. Манайд эрчим хүчний бүх эх үүсвэр байна. Энэ брэндийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд монголчууд хорь, гучин жил хөдөлмөрлөх ёстой гэж харж байна. Монголд ирээдүй бий. Монголчуудад боломж бүр их бий. Бид дэд бүтцээ сайн хөгжүүлэх нь чухал. Харилцаа холбоо, эрчим хүч, зам харилцаа, агаарын замын дэд бүтцийг хөгжүүлмээр байна. Умард, өмнөд хилээ дагасан эдийн засгийн бүсчлэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтын бүс нутгийн хөгжлийг тунхаглах цаг болсон. Монгол Улс үүний санаачлагч болж, уриалан дуудъя. Бүс нутгийн эдийн засгийн харилцааны төв болж хөгжихийн тулд глобал маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр ард түмний хөрөнгийг өсгөх ёстой. Түүнээс үгүй болгож дуусгах ёсгүй биз дээ. Төр түүнийгээ хуримтал, баялаг, хөгжлийн сан юу гэх нь хамаагүй энэ ажилладаг механизм байх ёстой. Монголын хүйтэнд ирэх дургүй байгаа жуулчдыг хүчээр авчирах биш, очоод байгаа газарт нь юмаа зарж болно. Боловсролын систем болохгүй байна гэх юм. Гадагшаа гаргаж байгаа түүхий эддээ боловсролын рояалти нэг ам.долларын татвар тавьчихаж болно. Түүгээрээ гадны том том эрдэмтэн профессор урьж авчираад боловсролын салбараа хөгжүүлж болох байтал манайхан санаачилж ажилладаггүй. Бид хөгжинө л гэдэг. Тооцоо, үндэслэлтэй баримт бичгийг баталж, дотроо биш гадагшаа хөгжих тогтолцоо руугаа орох ёстой. Нийгмийн хандлага соёл, төлөвшилөөс эхэлнэ. Бүгдээрээ гадаадад гоё байна гэдэг. Нарийндаа яривал улс орон болгон зовлонтой. 200 гаруй мянган хөдөлмөрийн хүч гадаадад сурах, ажиллах, аялах нэрийн дор гадагшаа гарчихсан байна. Энэ бол том хөдөлмөрийн зах зээл.Үүнийг Монголдоо бид ажлын байраар хангаж чадахгүйд гол учир бий. Иймэрхүү зүйлүүдийг стратегийн түвшинд авч үзэх ёстой гэдгийг өнгөрсөн арван гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хямралууд бидэнд ойлгуулсан” гэж нэлээд олон сэдвийг хөндсөн яриаг бидэнтэй өрнүүлэв.Мөн тэрбээр сүүлийн долоон жилийн хугацаанд бүс нутгийн эдийн засгийн интегралчлал чиглэлээр судалгаа хийжээ.Үүнээс гадна Монголынхоо соёл, түүхээс бүтсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож гадаад зах зээлд нутагшуулах санаачилгын тухай ч ярив. Зүүн ази, баруун Европыг хуурай замаар холбох хамгийн дөт зам Монгол юм. Улс төр, геополитикийн давуу нөхцөл байдлаа ашиглан Монгол Улс бүхэлдээ ХАБ эдийн засаг бүрдүүлэх боломжтой гэж үзэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийнхөө эхний хэсгийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ ч танилцуулав.

Дэлхийн Монгол Улсыг бий болгохын төлөө ургах нартай уралдан зүтгэж яваа нэгэн гэр бүлийнд ийн өнжлөө. Улс нийтээрээ глобал зах зээл рүү хөдлөх ёстой хэмээн уриалан дуудаж буй үзэл санаа нь хаана хаанаа бодууштай зүйл шиг санагдсан юм.

Э.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *